Австралид ашиглаж байгаа “Apple” компанийн ухаалаг утас, таблет, нөүтбүк зэрэг төхөөрөмж дайралтад өртөж эхэлсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Хэрэглэгчдийн гар утас, нөүтбүк зэрэг хэрэгслийг Олег Плисс гэж өөрийгөө нэрлэсэн хакер алсын зайнаас түгжин ажиллагаагүй болгож эхэлжээ. Түгжигдсэн төхөөрөмжийн дэлгэцэн дээр “Таны төхөөрөмжийг Олег Плисс эвдлэн нэвтэрлээ. Түгжээг гаргахын тулд 100 ам.доллар “PayPal” системээр явуулна уу” гэсэн бичиг гарч ирээд ашиглах ямар ч боломжгүй болж.
Мэргэжилтнүүд Олег Плисс гэгч хакер нь таб, гар утас, нөүтбүкийнхээ файлуудыг алсаас удирдах боломж олгодог “iCloud” үйлчилгээ ашиглан бусдын төхөөрөмж рүү хууль бусаар нэвтэрч байна гэж таамаглаж буй юм.
Хакерийн дайралт нь Австрали даяар тархаад байгаа тухай тус тивийн сонинууд мэдээлсэн аж. Их Британид ийм тохиолдол ганцхан бүртгэгдсэний дараа шалгаж үзэхэд амралтаараа ирсэн австрали хүн байсан гэнэ.