Францын цагдаа нар Кале хот дахь цагаачдын хууль бус хуаранг нураах ажиллагаа эхлүүлжээ. Тус хуаранд Ази, Африк, Ойрхи Дорнодоос ирсэн 800 гаруй цагаач амьдардаг байж. Хуаранг ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар байгуулсан болохоор ариун цэврийн наад захын шаардлага хангадаггүйн дээр элдэв гэмт хэрэгтэн орогнодог газар болж хувирчээ. Иймд тус хотын захиргаа нураах шийдвэр гаргасан аж. Цагдаа нар хуаранг бүслэн цагаачдыг шалгаж эхэлсэн байна.
Тус газар орогнож буй цагаачдын дийлэнх нь тэндээсээ Их Британи руу цагаачлахыг мөрөөддөг тухайгаа “ВВС” агентлагийн сэтгүүлчдэд ярьжээ. Цагаачид Англи руу гарч чадвал Францад байгаагаасаа илүү сайхан амьдарна гэж боддог гэнэ. Тиймээс Англи руу хууль бусаар нэвтрэх гэж оролддог ч баригдаад Каледаа ирдэг аж.