Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Америкийн нийгэм үндсэндээ “байгаа” болон “байхгүйчүүд” гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа. Бүр тодорхой хэлбэл америкчуудыг хөрөнгөөр нь “юмтай” болон “юу ч үгүй” гэсэн хоёрхон ангид хувааж болохоор болоод байна. Байгаа, байхгүйгийн дунд урьдах хормойгоороо хойдохоо нөхөн, нийгмийг нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхны эгнээ сарнин замхарсаар, ердөө хоёр анги давхарга үлдэхэд хүрснийг эдийн засагчид нуулгүй ярьж эхэллээ. Хамгийн цочир сонин нь, “байхгүй”-чүүдийн эгнээнд “байгаа”-гийнхаас 99 дахин их хүн амьдарч байна гэсэн дэндүү харьцангуй тоо баримт сүүлийн үед сонсогдох боллоо. Энэ шударга бус тооны харьцаа цаашид лав бие биедээ уусан сүлэлдэж, өөрчлөгдөх төлөв янзгүй байгаа нь өнгөрсөн хэдэн жилийн тоо баримтаас харагдаж байгаа юм. АНУ-ын Конгрессын төсвийн хорооны баримтаар 1980-аад оны сүүл үеэс хойш баян, ядуугийн ялгаа зааг илт гүнзгийрч эхэлжээ. 1988-2004 оны хооронд АНУ-ын хүн амын үнэмлэхүй олонхийг бүрдүүлдэг дундаж болон доод давхаргынхны орлого ердөө 6600 ам.доллараар өссөн байхад, хүн амын ердөө нэг хувийн эзэлдэг баячуудын орлого 839 мянган ам.доллараас 1,25 сая ам.доллар болж 420 мянган ам.доллараар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл баячуудын халаас ядуусынхаас 66 дахин зузаарч, байгаа, байхгүйчүүдийн хөрөнгийн ялгаа зааг 66 дахин гүнзгийрсэн гэсэн үг. Уолл-Стрит орчмоор төвлөрдөг АНУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллага, корпорацуудын менежерүүд жирийн ажилчин ангийнхны жилийн турш хөдөлмөрлөж олдог цалинг ердөө 10 минутын дотор олдог гэсэн тооцооллыг ч “Bloomberg” гаргасан байдаг.
Чухам ийм учраас л Америкийн баячуудын чихэнд хонх зүүх болсон “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн үүсэн бий болсон юм. Тэд Америкийн хамаг баялгийг халаасандаа хийсэн хүн амын ердөө нэг хувийг эзлэх баячуудын эсрэг тэдэнд хамаг хөдөлмөр, хүчээ өгч, эцэст нь юу ч үгүй хоцорсон 99 хувийг төлөөлөн тэмцэж байгаа юм. Уолл Стритээс гараагаа эхэлж, дэлхийн санхүүгийн төв болсон бусад томоохон хотод тархаад байгаа хөрөнгөтнүүдийн эсрэг энэ тэмцэл үр дүнгээ өгөх эсэхийг одоо хэлэхэд эрт. Магадгүй 99 хувь гэсэн том тойрогт багтах байхгүйчүүд өөрсдийгөө ямар хөөрхийлөлтэй, шударга бус нийгэмд амьдарч байгаагаа мэдэж, сэхээрвэл тэр нь үр дүн болох биз. Тэгээд ч Уолл Стритийг эзлэгчдийн гол зорилго нь Америкийн баячуудын хөрөнгийг булаан дээрэмдээд, ядуу хэсэгт нь тараан өгөх биш билээ.
Баян ядуугийн ялгаа хэрхэн гүнзгийрч байгаа тухай дээрх яриа өнөөдөр аль хэдийнэ Уолл-Стритээс хальжээ. Яагаад гэвэл орлогын тэгш бус байдал буюу баян, ядуугийн зааг ялгаа ганц АНУ-д бус дэлхийн ихэнх оронд бодитоор нүүрлээд байгаа үзэгдэл учраас. Яг энэ үед жини коэффициентийн эрэлд орон бүхний ядуус нэгдэв. Жини коэффициент гэдэг бол хүн амд орлого хэр жигд хуваарилагдаж буйг илэрхийлдэг нэгж юм. Өөрөөр хэлбэл баян, хоосны ялгаа хэр их байгааг жини коэффициетээр илэрхийлдэг.
Хүн ам дахь орлогын хуваарилалт жигд байна уу үгүй юу гэдгийг хэмжих жини коэффициентийн аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд гаргажээ. Түүнээс хойш энэ коэффициент баян, ядуугийн ялгааг илэрхийлэх гол хэмжүүр болж ирсэн юм. 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг уг коэффициент 0 руу дөхөх тусмаа хүн амд нийгмийн баялаг, улсын орлого жигд хуваарилагдан хүрч буйг заадаг бол нэг рүү ойртох тусмаа баян, хоосны ялгаа гүнзгийрч байгааг илэрхийлдэг.
Жишээлбэл баян, ядуугийн ялгаа хамгийн ихтэй Намиби улсад жини коэффициент 0.70 байдаг бол иргэдийнх нь орлого хамгийн жигд гэгддэг Шведед 0.23 орчим байх жишээтэй. Гэхдээ зарим судалгааны байгууллага 0-100 хүртэлх тоогоор жини коэффициентыг тооцох тохиолдол ч байдаг.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан жини коэффициентийн хамгийн сүүлийн судалгаагаар орлогын жигд бус хуваарилалт хамгийн ихтэй улс, хотуудын тоонд Хонконг, Сингапур, АНУ, Израиль, Португали, Шинэ Зеланд, Итали, Британи, Австрали, Ирланд, Грек орж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эдгээр оронд л баян, ядуугийн ялгаа оршиж байна гэсэн үг биш. Эдийн засаг өндөр хөгжсөн орнууд дундаа хамгийн их ялгаа заагтайг нь онцолж буй нь энэ юм.
Тухайлбал, Хонконгийн жини коэффициент 43.4 хувьтай байна. Тус хотын иргэдээс хамгийн баян 10 хувь нь эдийн засгийн нийт орлого, баялгийнхаа 34.9 хувийг хүртэж байгаа бол хамгийн ядуу 10 хувьд нь ердөө хоёр хувь л ногдож байгаа юм. Цалингийн доод хязгаар гэж байдаггүй Хонконгт Засгийн газрын дэмжлэгтэй баригдсан орон сууцны хорооллуудад арай ядан зээлээ төлөн амьдарч байгаа нэг хэсэг байхад тэнгэр баганадсан гял цал цамхгуудыг эзлэн, гадаадын брэнд машинаар гангарсан баячууд ч бас олон бий. Өмнөд Солонгосын баячууд амьдардаг Ганнам дүүргийн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ Сөүл хотын бусад бүх дүүргийнхийг нийлүүлснээс ч их байдаг тухай мэдээ ч бий. Энэ бол баячууд хэрхэн хөрөнгөжиж, ядуус хэрхэн хоосорч буй хамгийн наадын захын жишээ.
Хамгийн нээлттэй эдийн засагтай орнуудын нэг Сингапурт ч орлогын тэгш бус хуваарилалт байсаар байна. Сингапурчуудын хамгийн ядуу 10 хувь нь улсынхаа нийт орлого, баялгийн 1.9 хувийг хүртдэг бол хамгийн баян 10 хувь нь тэднээс 16 дахин ихийг өөрийн болгож байна. Энэ улсыг жини коэффициентээр илэрхийлвэл 42.5 байна. Өндөр хөгжилтэй орнуудаас хүн амдаа орлогоо жигд хуваарилж чаддаггүй гэсэн ангилалд багтаж буй Австралийн жини коэффициент гэхэд 35.2 байгаа бол Ирландынх 34.3, Грекийнх 34 байна.
Ерөнхийдөө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн нийгэмлэгийн гишүүн орнуудын хэмжээнд орлогын тэгш бус хуваарилалт жил тутамд 1.7 орчим хувиар нэмэгдэж буй тооцоо байдаг. Энэ нийгэмлэгийн гишүүн 34 орныг хамруулан хийсэн судалгаагаар хамгийн баян 10 хувийн орлого хамгийн ядуу 10 хувийнхаас найм дахин өндөр байгаа юм. Тэртээ тэргүй өндөр орлоготой иргэдийн цалин хөлс, бизнесийн ашиг гэрлийн хурдаар нэмэгдэж байхад хөдөлмөрийн үнэлгээ багатай ядуусын цалин мөлхөө хүүхэд адил урагшилж ядаж байгаа нь ийм байдалд хүргэж байгаа юм.
Йелийн их сургуулийн эрдэмтэн Роберт Шиллер орлогын тэгш бус байдал гэдэг эдийн засгийн хямралаас ч аюултай гэдгийг сануулж байна. Хэрэв одоо улс орнуудад үүсээд аль хэдийнэ 20-30 жилийн нүүр үзэж энэ нөхцөл байдал ирэх 20-30 жилд үргэлжилвэл нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуун тасрахгүй гэдгийг тэрээр хэлж байгаа юм. Үүний нэг тодорхой жишээ бол өнгөрсөн хавраас хойш үргэлжилж буй Арабын хувьсгал. Египет, Тунис, Йемен зэрэг улс орнуудад гарсан хувьсгалт тэмцэл нэг талаар эрх баригч дэглэмээ эсэргүүцсэн боловч нөгөө талаар ард түмний амьжиргаа өдрөөс өдөрт дордож байгаа нь гудамжинд жагсахад хүргэсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Тунисийн жини коэффициент гэхэд 40 байгаа бол, Йеменийх 37, Египетийнх 34 байгаа нь тэднийг улс төрөөс гадна эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэлд дууджээ хэмээн дүгнэхэд буруудахгүй. Өнөөдөр америкчууд ч бас эдийн засгийн эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмцэж байна. Жини коэффицент нь 45-аар хэмжигдэж буй манай гаригийн хамгийн том эдийн засагтай энэ гүрэнд баян ядуугийн хоорондох ангал улам бүр харанхуйлан доошилсоор байна.
АНУ-ын хүн амын нэг хувийг эзлэх супер баячууд улсынхаа нийт орлогын 25 хувийг халаасалж, хамгийн өндөр татвар төлдөг гэгддэг 400 компанийнх нь орлого 1992-2007 онд 392 хувиар нэмэгдсэн атал тэдний төлөх ёстой татварын хувь хэмжээ 37 хувиар буурсан байна. Одоо тус улсын нийт баялгийн гуравны хоёрыг буюу 34.6 хувийг баячууд нь дангаараа эзэмшиж байгаа бол тэднээс хөрөнгөөр арай бага 10 орчим хувь нь нийт баялгийн 38.5 хувийг эзэмшдэг байна. Гэтэл хүн амын 90 гаруй хувийг эзэлж буй дундаж болон доод давхаргынханд ердөө 26.9 хувь л ногдож байна.
АНУ-ын томоохон компаниудын гүйцэтгэх захиралууд жирийн ажилтнуудаас дунджаар 185 дахин өндөр цалин, урамшуулал авдаг.
Харин Монголд…
Дэлхий даяар жини коэффициент өсөх графикаар дээшилж байгаа энэ үед Монголыг илэрхийлэх тахир зураас ч түүнээс хоцорсонгүй. Дэлхийн банкны мэдээгээр 1998-2001 оны хооронд Монголын жини коэффициент 30 орчим хувьтай байсан бол 2004 оноос хойш өссөөр өнгөрсөн жил 37 хувьд хүрсэн байна. Тэгвэл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хийсэн тооцоо Дэлхийн банкныхаас арай бага буюу Монголын жини индекс 2002 онд 32.8 байснаас 2008 онд 36.5 болон нэмэгдсэн хэмээн үнэлжээ. Харин АНУ-ын Тагнуулын төв газрын гаргадаг статистик мэдээлэл бол арай өөр тоо хэлж байна. “CIA”-гийн мэдээнд дурдсанаар Монголын жини индекс 44 байгаа аж. Энэ бол баян, ядуугийн ялгаа маш ихтэй хэмээн үзэгддэг АНУ, Сингапураас манайх огт ялгаагүй байгаагийн тод жишээ. Хамгийн харамсалтай нь, АНУ, Сингапурын ядуусыг манайхтай харьцуулахын аргагүй, харин баячууд нь бол эн зэрэгцэхүйц болоод байгаад л хамаг учир байгаа юм.
Жини коэффициент хамгийн өндөр 10 орон
1.Намиби-70.7
2.Лесото-63.2
3.Ботсвана-63.0
4.Сьерра Леон-62.9
5.Төв Африкийн БНУ-61.3
6.Чили-57.1
7.Зимбабве-56.8
8.Парагвай-56.8
9.Бразиль-56.7
Хамгийн бага 10 орон
1.Дани-23.2
2.Швед-25.0
3.Бельги-25.0
4.Словак-25.8
5.Норвеги-25.8
6.Босни Герцеговина -26.2
7.Узбекстан-26.8
8.Унгар-26.9
9.Финлянд-26.9
10.Чех-27.3