БНХАУ-ын улс төр эдийн засгийн нөлөө өсөхтэй зэрэгцээд элдэв янзаар шүүмжлэх нь эрс нэмэгдлээ. Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа нөлөөг нь хэрхэн тогтоон барих талаар өрнөдийн улстөрчид, эдийн засагчид, судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлэн шүүмж өрнүүлж байна. Энэ шүүмжийн нэг нь Хятадын зүгээс Африк ба Латин Америкийн орнуудын талаар явуулж байгаа бодлогыг эрс шүүмжилсэн байдаг. Өрнөдийн судлаачид энэ хоёр тивийн талаар явуулж байгаа тус улсын бодлогыг хэрхэн шүүмжилдэг талаар жишээ сонирхуулъя. Юуны өмнө судлаачид манай урд хөршийг энэ хоёр тивийн эдийн засгийг аажмаар эзлэн захирч иргэдээ олноор нь суурьшуулах бодлого явуулж байна хэмээн шүүмжилдэг. Наад захын жишээ дурдахад л Латин Америк ба Африкийн гадаад худалдааны эргэлтийн 70 хувь нь Хятадад ногддог болсон.
Гэхдээ хэргийн гол нь Хятад ч өөрөө хэрэглээний зах зээлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах болсноос өдгөө хөгжлийнхөө их ээдрээтэй шатанд яваа. Элдэв хязгаарлалт хориг тавьсан ч хүн амын тоо нь эрчимтэй өссөн хэвээр байгаа нь энэ улсын эрх баригчдын өмнө яаралтай шийдэх олон ноцтой асуудлыг үүсгэсээр. Сая сая хятад хүн сайхан амьдралыг хүсч мөрөөдөж байна. Гэтэл хөдөө аж ахуйн газар нутаг хэдийнэ хязгаарлагдсан тул тариачдыг тэжээж дийлэхгүй болсноор тэд сайхан амьдрал эрэлхийлэн хотуудыг зорьж эхэлсэн. Хэдэн зуун сая тариачдын тухай яригдаж байгаа болохоор нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол Хятадыг Зөвлөлтийн ирээдүй хүлээж байгаа гэнэ.
Ийм Хятадыг эрх баригчид юуны өмнө интернэтийн ач холбогдлыг багасгах, олон нийтийн сүлжээг хяналтад оруулах замаар сайтар зохион байгуулсан олон нийтийн эсэргүүцэл үүсэхээс сэрийлэхэд онцгой анхаарч байна. Нөгөө талаас Хятадын зэвсэгт хүчний зардал сүүлийн арав гаруй жилийн турш тасралтгүй өсч ирээдүйд ард олныг хамрах үймээн самууныг дарах зорилго ч давхар агуулагдаж байгаа. Гэхдээ олон сая хүн нэгэн зэрэг босвол зэвсэгт хүчин ч хүрэлцэхгүй гэдгийг Хятадын удирдлага ойлгож буй учраас сүүлийн хэдэн жилийн дотор хэд хэдэн ухаалаг алхам хийжээ.
Юуны өмнө коммунист үзэл сурталтай ч гэлээ капиталистуудтай нягт хамтын ажиллагаа өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл хямд ажлын хүч гэдэг татгалзах аргагүй саналыг өрнөдийн орнуудад тавьж, цаадуул нь ч татгалзаагүй. Өдгөө Хятад маш олон салбарт дэлхийд тэргүүлэгч улс болов. Хамгийн гол нь цэрэг зэвсгийн хүчээр бус харин мөнгийг гол зэвсгээ болгон дэлхийг байлдан дагуулах замыг сонгожээ. Өдгөө Хятдад дэлхийн толгой том компани, банкууд үйл ажиллагаа явуулж байна. Бээжинд өр тавиагүй Засгийн газар гэж дэлхий дээр бараг үгүй.
Хийсэн дараагийн алхам нь тариачдыг хямд ажлын хүч хэлбэрээр олноор хот руу нүүхийг дэмжих бодлого. Ингэж хот орсон тариачид хувцас, ахуйн цахилгаан бараа, тоглоом гэх мэт үйлдвэрт ажиллаж бага ч гэлээ цалин хөлстэй ажилтай болсон. Гэвч удалгүй өдөр ирэх тусам хотыг зорих тариачдыг хот суурин газар байрладаг үйлдвэрүүд рүү эцэс төгсгөлгүй явуулах боломжгүй, эдийн засгийн ээлжит хямрал ирэхэд л тэд бүгд ажилгүй болж ахиад бухимдал үүсч, үймээн дэгдэх боломж бүрэлдэнэ гэдгийг Хятадын эрх баригчид ойлгожээ.
Ингэснээр гурав дахь алхам буюу хятад иргэдийг гадаад руу олноор цагаачлахыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Үр дүнд нь зөвхөн Африк тивд гэхэд л хагас сая хол давсан хятад иргэн цагаачлан очоод амьдарч байгаа аж.
Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болж хувирсан Хятад эдийн засгаа тогтвортой өсгөхийн хэрээр шинэ газар нутаг, газрын тосноос эхлээд үр тариа зэргийн шинэ эх үүсвэр шаардлагатай. Өөрөөр хэлбэл Хятад нь иргэдээ хоол хүнс, ажлаар хангаж байх ёстой. Яг энэ үед Африк ба Латин Америк гарч ирнэ. Энэ хоёр тивд хөрөнгө оруулалт, зээл тусламж, мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай. Харин Хятад нь хэдийнэ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч иргэдээ хоол, ажлаар хангах гэсэн ганцхан гол зорилгыг дагаж буйд өрнөдийн зарим судлаач итгэлтэй байна. Иймдээ ч Хятад нь далайн боомт, төмөр замаа өргөжүүлэн сайжруулах гэсэн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Ингэж далайн боомт, олон улсын төмөр замын харилцаагаа сайжруулах нь түүхий эд, байгалийн баялгийг Хятад руу гацалгүй зөөх боломжоор хангах гэнэ.
Гэхдээ Хятадыг зөвхөн эдийн засгаар залгих бодлого явуулж байна гэвэл өрөөсгөл. Ямар ч байсан сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ орнуудтайгаа батлан хамгаалах, соёл, боловсрол, олон улсын харилцаа гэх мэт салбарт идэвхтэй хамтран ажиллах болсон. Энэ мэтээр хоорондоо маш нарийн холбосон харилцан ашиг сонирхлыг тайлахад бэрх зангилаа үүсгэх замаар нэгэн төрлийн “хамааралтай орнуудаа колончлох” бодлого явуулж байна гэсэн шүүмжлэл тасрахаа болив. Яван явсаар хамааралтай орнуудаа өөрийн ашиг сонирхолд бүрэн нийцүүлж колони болгоод эндээс авч болох хамгийн их ашиг олох. Ийм бодлогын үр дүнд хараат орны үйлдвэрлэл нь Хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж дийлэхгүй болоод аажмаар мөхөж үгүй болдог ажээ.
Африк ба Латин Америкийн эрсдэл
Африк ба Латин Америкийн орнуудыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч болгохтой зэрэгцэн хятад бүтээгдэхүүний борлуулалтын найдвартай зах зээлийг бий болгох.
Африкт гэхэд Хятад эдийн засгийн тусгай бүс байгуулан үйлдвэрүүдээ тийш нь зөөж, юаниар бонд гаргах замаар өөрийн үндэсний валютыг олон улсынх болгох бодлого явуулж байна. Энэ мэтээр Хятад нь арилжааны түнш орнуудаа үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн түүхий эд нийлүүлэгч болгох хуучирсан загварыг дагасан ч Африк, Латин Америкийн цөөнгүй улсын Засгийн газар үзэл суртал, улс төрийн асар зөрөлдөөний улмаас АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудад тун таагүй, үл итгэсэн байр сууринаас ханддаг болохоор
Бээжингийн санал болгож байгаа хувилбарыг дагахаас өөр аргагүй.
Жишээлэхэд, Африкийн холбоог байгуулмагц л Хятад улс Африкт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж сургууль, зам, цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулж эхэлсэн. Хариуд, Африк тивийн бүх газрын тосны 1/3, Өмнөд Африкийн нүүрс, Габоны төмөр, Экваторын Гвинейгээс үнэт мод, Замбийн зэс авч эхэлсэн. Зөрүүлээд Хятадад үйлдвэрлэсэн хямд бараа Йоханнесбург, Каир, Луанда, Лагосын зах, дэлгүүрийн лангууг дүүргэн үндэсний үйлдвэрлэлийг устгаж байгаа аж.
Африк тивд газрын баялаг хайх ба олборлох бүх том гэрээг хятад бизнесмэнүүд байгуулж, улмаар өөрийн үйлдвэрүүд дээрээ хөдөлмөрийн хуулийг бараг л мөрддөггүйгээс нийгмийн бухимдал, үймээн ойр ойрхон гарах болсон. Өдгөө Африк тивд зөвхөн хятад бараа авч болно гэх хэмжээнд хүрчээ.
Ийм байдлыг зарим судлаач хатуу шүүмжилж байгаа ч бодит байдал дээр бодитой эсэргүүцэх алхам юу ч хийж чадахгүй байна. Жишээлэхэд, зөвхөн Африк тивд гэхэд Хятадын компаниуд гурван сая га үржил шимтэй газрыг худалдан аваад дэд бүтэц, ашигт малтмалын олборлолтыг дангаар хянаж байна. Латин Америк ба Африк хоёрыг Хятадын эрчим хүчний гол нөөц болохоор хөрөнгө оруулалтыг ч гар таталгүй хийж байгаа. Гурван жилийн дотор Хятад нь Латин Америкийн орнуудад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол Африкт 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Латин Америк ба Хятад хоорондын гадаад худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд хоёр дахин өсч 261 тэрбум ам.долларт хүрсэн. Африктай хийж байгаа арилжааны хэмжээ 210 тэрбум ам.доллар болсон.
Хятадын үзүүлж байгаа тусламжийн хэмжээ нь Дэлхийн банк, Америкийн улс хоорондын Хөгжлийн банк, АНУ-ын үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгээс хэд дахин илүү.
Товчхон хэлэхэд Латин Америк ба Африк хоёрыг Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр байрласан нутаг болохоор ингэж их анхаарахаас өөр аргагүй.
Хятад хэдийнэ Бразиль, Чили, Аргентин, Мексик, Уругвай гэх мэт улсын худалдааны гол түнш болсон. Ингэхдээ эдгээр улсаас байгалийн баялаг, түүхий эд худалдан аваад хариуд нь асар хямд үнэтэй өргөн хэрэглээний бараа нийлүүлэх замаар үндэснийх нь үйлдвэрлэлийг устгаж байгаа аж.
Гэхдээ эдийн засгийн зээл тусламж гэсэн хатуу хүчийг дагаад соёлын зөөлөн хүч заавал явж байдаг. Иймд Хятад нь Латин Америк ба Африкийн орнуудад өөрийн соёлын төвийг байгуулахад маш их анхаарах болсон. Латин Америкт хэдхэн жилийн дотор 30 гаруй соёлын төв байгуулж испани хэлээр мэдээлдэг суваг, өдөр тутмын сонин гаргах болсон. ТВ суваг, сониндоо Латин америкийн хамгийн сайн гэсэн сэтгүүлчдийг урьдаг болж. Ийм замаар Хятадын эрх баригчид өөрийн улсын имижийг эерэг, таатай болгон нутгийн иргэдийн бухимдлыг дарах бодлого явуулж байгаа аж.
Эцэст нь, давтан хэлэхэд энд гарсан бүх шүүмжлэл нь өрнөдийн судлаачид, шинжээчдийн гаргасан дүгнэлт. Манай улс, эсвэл Оросын шинжээчид Хятадын бодлогод дүн шинжилгээ хийвэл арай өөр дүр зураг ч гарч магадгүй л юм.