Хэт явцуу үзэлт “Лалын ахан дүүс” бүлэглэлийн эсрэг хэлмэгдүүлэх арга хэмжээ явуулж байна гэж хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа Египетэд өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэллээ. Сонгууль хоёр хоногийн турш явагдана. 80 сая орчим хүн амтай Египетийн 54 сая нь санал өгөх эрхтэй. Сонгуулийн явцыг хангахын тулд улс даяар 13 мянга 899 сургуулийг санал өгөх төв болгон түр хугацаагаар өөрчилсөн аж. Сонгуулийн явцыг 16 мянган шүүгч ажиглана.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэг талаас Батлан хамгаалахын сайд асан мэргэжлийн цэрэг Абдель Фаттах ас-Сисси ба нөгөө талаас өөрийгөө хувьсгалчдын иргэний хэсгийн төлөөлөгч, социалист гэж тодорхойлж байгаа Хамдин Саббахи гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад амьдарч байгаа египетчүүдэд явуулсан урьдчилсан санал асуулгаар ас-Сиси илт давуу байсан юм. Энэ урьдчилсан санал асуулгад гадаадад амьдарч байгаа Египетийн иргэдийн 50 хувь нь оролцож 94,5 хувь нь экс сайдыг дэмжсэн байна.
2011 оны нэгдүгээр сард Египетийг хамарсан бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр энэ улсыг 30 жилийн турш тасралтгүй удирдагч Хосни Мубарак Ерөнхийлөгчийн суудлаас огцорсон. Мубаракийг огцорсон даруйд энгийн номхон жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгсөн, мөнгө идсэн хэргээр буруутган цаазаар авах ялтай зүйл ангиар ял тулган шүүж эхэлсэн, шүүх ажиллагаа одоо ч дуусаагүй байна. 2012 оны тав ба зургаадугаар сард Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болоход “Лалын ахан дүүс”-ийн дэмжлэгийг авсан Мухаммед Мурси ба Мубаракийн үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Ахмед Шафикийн хооронд гол өрсөлдөн болсон юм. Тэр үед сонгуулийн эхний шатанд Мурси 27,78 хувь, Шафик 23,66 хувийн санал авч, хоёрдугаар шатанд Мурси 51,73 хувийн санал авснаар Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Гэвч удалгүй “Лалын ахан дүүс”-ийн үзэл бодлыг олон нийтэд тулган хүлээлгэх чигт явж байсан Мурсийн бодлогыг эсэргүүцэгч олон мянган хүн оролцсон жагсаал, өрнөсөн. Ийм нөхцөлд Батлан хамгаалахын сайд байсан ас-Сиси нь төрийн эргэлт хийж Мурсийг түлхэн унагаад бодит бүх эрх мэдлийг гартаа авсан юм. Улмаар өчигдөр эхэлж байгаа сонгуульд оролцохын тулд Батлан хамгаалахын сайд, армийн командлагчийн тушаалаасаа буугаад байгаа.