Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын холбооны сонгуульд үндсэрхэг үзэлтнүүд ялж байна


Дөрвөн хоногийн турш үргэлжилсэн Европын холбооны парламентын сонгууль өчигдөр дууслаа. Хачирхалтай нь чөлөөт, хүлцэнгүй үзэлтэй гэдгээрээ алдартай Европын холбооны гол орнуудад үндсэрхэг үзэлтнүүд, тус холбооны одоогийн бодлогыг тууштай шүүмжлэгч, популист хүчнийхэн ялж байна.

Тухайлбал, Их Британид “Нэгдсэн вант улсын тусгаар тогтнолын нам” 27 хувийн санал авч ялжээ. Энэ нам нь Их Британийг Европын холбооноос гаргахын төлөө тэмцдэгээрээ алдартай. Британичууд Европын холбооноос гадаадын цагаачдын асуудлаар гишүүн орнуудын бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарлаж байгаад дургүйцсэнээ ийм байдлаар илэрхийлсэн гэж шинжээчид үзжээ.  Энд, Их Британид уламжлал ёсоор өндөр байдаг Энэтхэг, Пакистан, Карибын тэнгисийн орнуудаас ирдэг цагаачид гэхээс илүүтэй Зүүн Европоос ирсэн цагаач ажилчдын асуудал хамгийн ихээр санаа зовоож буй аж. Уг нь, Их Британитай адил Европын холбооны гишүүн Польш, Словак, Румын гэх мэт улсаас ирж байгаа хөдөлмөрийн цагаачид. Гэтэл үндэсний ажиллах хүчний зах зээлээ ийм цагаачдаас хамгаалахгүй байгаагаас өөрийн иргэд нь ажилгүйдэлд нэрвэгдэж байна гэж шүүмжлэх болж. Жишээлэхэд, Польшийг Европын холбоонд элсэхээс өмнө 50 гаруй польш хөдөлмөрийн цагаач Их Британид байсан бол элссэний дараагаар тэдний тоо 500 мянгад хүрчээ. Үүний дээр румын, болгар хөдөлмөрийн цагаачид олноор орж ирэх болсон. “Нэгдсэн вант улсын тусгаар тогтнолын нам”-ын дарга нь “Удахгүй Британид румынчуудын гэмт хэргийн тахал дэгдэнэ” гэж мэдэгдсэн нь Европын холбооны парламентын сонгуульд ялахад багагүй нөлөөлсөн байх.

Францад мөн адил байдал үүсээд байна. Европын хол­бооны парламентын сон­гуульд хэт барууны үзэлт Үндэсний фронт илт давуу байгаа юм. Үндэсний фронт намын тэргүүн Марин Ле Пен нь Европын холбооны бодлогыг хүчтэй шүүмжлэгч бөгөөд хөдөлмөрийн цагаачдыг тоог хязгаарлах, үндэсний хөдөлмөрийн зах зээлээ хамгаалахын төлөө тэмцэгч. Түүний намыг Францад цагаачлан ажиллаж байгаа хүмүүс нацист нам гэж шүүмжилдэг ч байр суурь нь жил ирэх тусам өссөөр. Ерөнхийлөгчийн сонгуулиар Марин Ле Пен улсдаа гуравдугаарт ордог нөлөөтэй улстөрч гэдгээ харуулсан нь ихээхэн дуулиан тарьсан юм. Одоо Европын холбооны парламентад улсынхаа байр суурийг төлөөлөх болсон нь байр суурийг нь бүр ч бэхжүүлж өгнө. Евро парламентын сонгуульд ялсан даруйдаа Ле Пен нь Францын Ерөнхийлөгч Олландад хандан парламент ба Засгийн газрыг даруй огцруулан шинээр сонгууль явуулахыг шаардсан байна.

Европын өөр нэгэн том эдийн засгийн суурь Италид болсон Евро парламентын сонгуулиар эрх баригч нам олонх болсон ч Европын холбооны бодлогыг эсэргүүцэгчдийн нам “Таван одны хөдөлгөөн” 31 хувийн са­нал авч хоёрдугаарт орсон байна. Грект Европ болон олон улсын санхүүгийн байгуул­лагуудын шаардлагаар явуулж байгаа хатуу хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэгч сөрөг хүчний нам Евро парламентын олонхын суудлыг авсан бол хэт үндсэрхэг, бүр нацист гэж буруутгагддаг”Алтан үүр цайх” нам гуравдугаар байранд оржээ.
Европын холбооны гишүүн бүх улсын иргэдийн шууд сонгуулиар сонгогддог эрх барих байгууллага нь Евро парламент. Орон болгон өөрийн иргэдийн тоотой пропорциональ суудалтай байдаг бөгөөд иргэд нь энэ суудалд суух гишүүдийг сонгодог.

Хөдөлмөрийн цагаачдын тоог хязгаарлах, Европын холбооны гишүүн орнууд дотоод эдийн засгийн бодлогоо тодорхойлоход илүү тусгаар байхыг дэмжигчдийн тоо ийнхүү жил ирэх тусам нэмэгдсээр. Үүний үр дүнд нь Европын холбооны гишүүн орнуудын иргэд дотооддоо чөлөөтэй шилжин ажиллах боломж хаагдахтай зэрэгцэн холбооны төв удирдлагын байр суурь тодорхой хэмжээгээр суларч магадгүй болов. Улмаар иргэд болоод эдийн засаг нь харьцангуй ядуу Зүүн ба баян чинээлэг Баруун Европ хоорондын зөрчил багагүй нэмэгдэх бололтой. Евро парламент 751 гишүүний суудалтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан