Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ бол Хятадын дэлхий Бид зөвхөн түүнд нь амьдарч байгаа юм

Өмнөтгөлийн оронд

Одоогоос 30 жилийн өмнө Хятадыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэдэгт хэн ч итгэхгүй байх байсан биз ээ. Гэтэл гуравхан 10 жилийн дотор тэд эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-аас өөр хэнийг ч өмнөө гишгүүлэхээргүй болж, үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ саяхан Японыг давж гарлаа. Энэ янзаараа Хятад 2020 он гэхэд АНУ-ыг гүйцнэ гэж эдийн засагчид тооцож байна.
Энэ их эрчтэй өсөлтийн гол хөдөлгүүр нь технологи муутай салбараас өндөр ашиг олдог, экспортоор дагнасан эдийн засаг юм. Гэхдээ сүүлийн үед Хятад техник технологио сайжруулах шинэ санаачилга идэвхтэй гаргах болсныг цахилгаан бараа, биотехнологи зэрэг тодорхой салбарын жишээнээс харж болно. Азидаа хамгийн шилдэгт тооцогдож буй Хятадын Ардын чөлөөлөх арми зарим талаараа НАТО-гийн жишигт ч хүрч очсон байна.
Өнгөрсөн хугацаанд Хятад аж үйлдвэрлэлийн их гүрэн, дэлхийн ажиллах хүчний гол төв болон хөгжсөнийг  дараахь тоо баримтууд нотолно. Дэлхийн нийт гар утасны хэрэглээний 60 хувь, DVD тоглуулагчийн 55 хувь, дижитал камерын  тал хувь, персонал компьютерийн 30 хувь, хүүхдийн тоглоомын 75 хувь, дээр нь өчнөөн олон мянган төрлийн барааны дийлэнх хувийг зөвхөн Хятадын эх газраас дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлдэг юм.  
Эдийн засгийн энэ их амжилтын үр дүнд Хятадын гадаад валютын нөөц дэлхийн аль ч улсад байхгүй их буюу хоёр триллион ам.долларт хүрчээ. Өнөөдөр Хятадын үндэстэн дамнасан 37 корпорац “Fortune” сэтгүүлийн 500 шилдэг компанийн жагсаалтад бичигдэж байгаа бол мөн жагсаалтад багтдаг 450 компани эх газрын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл 10-хан жилийн өмнө энэ жагсаалтад дүйцэх хэмжээний компани Хятадад ердөө зургаа л байсан гээд бодоод үз дээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр хүртэж байгаа улс нь Хятад болоод байна. Мөн аж үйлдвэрлэлийн хөгжлөө дагаад дэлхийн түүхийн эдийн зах зээлийн үнэ ханшийг Хятад тодорхойлдог боллоо. Дэлхийн нийт энергийн хэрэглээний 16 хувийг ашигладаг Хятад газрын тосны хэрэглээгээрээ дэлхийд гуравт орж байна.
Ингэж гэрлийн хурдаар хүчирхэгжин хөгжиж буй Хятад сүүлийн 10 жилийн дотор хэрхэн гадаад зах зээлд хүч түрэн орж, хэдэн тэрбум ам.доллараар яригдах томоохон хөрөнгө оруулалт хийж буй талаар “Fortune” сэтгүүл “China Buys the World” хэмээх томоохон нийтлэл гаргасныг дор орчуулан хүргэж байна.

Хятадын хөрөнгө оруулагчид юуг онилов

Хятад байгалийн баялгийн төлөө олон жилийн турш мөнгөө цацаж, үрэн таран хийсэн. Харин одоо халаасандаа хоёр триллион ам.доллартай болсон тэд зорилгоо алхам урагшлуулж, машин үйлдвэрлэгч, өндөр технологийн фирмийн эзэн, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгч болохоор яарч байна. Харин тэдний дараагийн зорилго юу байх бол?
Газрын тосоор баялаг Нигерийн удирдагчид сүүлийн хэдэн сар их л хөл хөдөлгөөнтэй байна. Бослого хөдөлгөөн тасардаггүй энэ улсад хэсэг босогчдын  дэгдээсэн үймээнээс болж Нигери газрын тос олборлох хүчин чадлынхаа гуравны хоёрыг алдах эгзэгтэй байдалд хүрээд байна. Яг энэ эгзэгтэй үед Нигерийн эрх баригчид нутаг дэвсгэрийнхээ хамгийн арвин баялагтай орд газрын лицензэд өөрчлөлт оруулж, тус улсын ордуудыг аль хэдийнэ эзлэн суусан Royal Dutch Shell, Exxon Mobil, Total зэрэг барууны аварга том компаниудын хажуугаар өөр нэг шинэ тоглогч гаргаж ирэхээр зэхэж байна. Тэр шинэ тоглогч бол Хятадын газрын тосны гурван том компанийн нэг CNOOC юм. Одоохондоо зөвхөн газрын тосны орд газрын лиценз авахаар хөөцөлдөж буй энэ компани цаашдаа Нигерийн нийт байгалийн баялгийн зургааны нэг хувийг эзэмших асар том зорилго дотроо тээж яваа гэх. Гэхдээ үүний тулд CNOOC элдэв янзын буруу арга хэрэглээгүй, лиценз авахын тулд бусад томоохон компаниуд ямар санал тавьдаг, яг түүнтэй эн тэнцэхүйц таатай нөхцлийг санал болгож байгаа гэж Нигерийн Ерөнхийлөгчийн зөвлөх “Financial Times” сонинд бахархалтайгаар ярьжээ.


Нигери, Бразил, Конго, Казахстаны газрын тос, Ираны байгалийн хий, Австралийн төмрийн хүдэр. Эд бол Хятадын олзлохоор оролдож буй байгалийн баялаг. Энэ бүх баялгийг өөрийн мэдэлд оруулах их аян 2000 оны үеэс эхэлж, одоо арав дахь жилдээ үргэлжилж байна. Зөвхөн өнгөрсөн оны есдүгээр сард гэхэд Хятадын хөрөнгө оруулалтын корпораци CIC Казахстаны газрын тос байгалийн хийн КазМунайГаз компанийн хувьцааны 11 хувийг эзэмшихийн тулд нэг тэрбум ам.доллар зарцуулжээ.Үүнээс ганцхан долоо хоногийн өмнө тус корпорац түүхий эдийн худалдаа эрхэлдэг Хонконгийн “Noble” группын 14.9 хувийн хувьцааг 850 сая ам.доллараар худалдан авсан юм. Үүнээс бүр өмнөх түүхийг сөхвөл, өнгөрсөн зун Хятадын Хөгжлийн банк Бразилийн “Петробас” компанид газрын тосны хайгуул хийх ажилд нь туслахаар 10 тэрбум ам.долларын зээл олгосныг санахад илүүдэхгүй. Энэ мэтчилэнгээр Хятадын өнгөрсөн арван жилийн дотор гадаадын компаниудыг худалдан авсан өртгийг тооцвол 115 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Хятад маш ихийг хадгалж, маш багыг үрдэг улс. Тиймдээ 2.1 триллион ам.долларын гадаад валютын нөөцийг хуримтлуулж чадсан юм. Энэ их хөрөнгө  бэлэн байгаа тус улсад АНУ-ын өрөөс гадна хөрөнгө оруулах өөр сонирхолтой, ашигтай газар хэрэгтэй байгаа нь мэдээж.  2008 онд Хятадын гадаад хөрөнгө оруулалт 25 тэрбум ам.доллараас хоёр дахин өсч 50 тэрбумд хүрсэн. Тийм ээ, Хятад дэлхийн хамгийн том капитал экспортлогч АНУ-ын энд хүрэх хараахан болоогүй. /АНУ-ын гадаад хөрөнгө оруулалт 318 тэрбум ам.доллараар хэмжигддэг/ Гэхдээ Хятадын хувьд бүх зүйл одоо л дөнгөж эхэлж байгаа, бас энэ хэзээ ч зогсохгүй үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй. Голдуу байгалийн баялгийг сонирхож хөрөнгө оруулж буй Хятад аажмаар, гэхдээ өөртөө итгэлтэйгээр гадаад дахь хөрөнгө оруулалтаа тэлж байна. Тус улсын Засгийн газар ч, хувийн компаниуд ч хөгжиж буй орнуудын ашигт малтмал, байгалийн баялгийг сонирхон, түүнд хөрөнгөө хаяж байна.
Хятадууд аль хэдийнэ гадаадын банк,компаниудыг худалдан авч эхлээд байна. Энэ нь Хятадын хувьд ч, дэлхийн эдийн засагт ч үлэмж нөлөөлж эхэллээ. XXI зууны эхний 10 жилд Хятад өөрийгөө ажлын хүч болгон хөгжүүлж чадсан бол ирэх 10 жилд капиталын хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлэгч болохоор зорьж байна. Хятадын гадаад хөрөнгө оруулалтын талаар судлаач Даниель Ронсоны онцлон тэмдэглэснээр “Гадаадын шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь Хятадын хувьд дэлхийн эдийн засагт нэгдэх үйл явцад томоохон алхам болж байгаа хэрэг юм.”

Томоохон компаниудыг худалдан авч буйн учир нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч болох

Хямралын эсрэг хэрэгжүүлсэн асар том бодлогын ачаар тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 10-аас дээш хувиар яригдах хэмжээнд өссөн. Яг энэ маягаар, алдаа гаргахгүй явбал Хятад дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч болж чадна. Эдийн засагчдын дүгнэж буйгаар Хятадын компаниудын хувьд дотоодын зах зээл нь жижигдэж эхэлжээ.Тиймээс тэд “Nike” шиг, “Mattel” шиг чанартай, дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч болох үлдээд байна.   
    Хятадууд гадаадын компанийг худалдан авч буйн бас нэг шалтгаан нь тус улсад АНУ-ын юмуу Европын зах зээлд гарч өрсөлдөх хэмжээний туршлагатай компани цөөхөн байгаатай холбоотой. Хууль зүйн орчин, зохицуулалт, аюулгүйн стандарт шаардлага гээд Хятадын үйлдвэр компанийн хувьд дутагдалтай зүйлс их байгаа учир аль хэдийнэ туршлагажсан гадны компаниудыг ашиглах нь тэдний хувьд илүү амар хялбар юм.
2005 онд Хятадын компьютер үйлдвэрлэгч “Lenovo” АНУ-ын “IBM”-ийг худалдан авсан нь үүний тод жишээ юм. Үүнээс өмнө “Lenovo” хэдий эх газартаа нэртэй ч олон улсын тавцанд бол хэн ч биш байсан. Харин “IBM”-ийг худалдан авснаар  байдал огт өөрөөр эргэсэн. “Гадагш гарах” хэмээн нэрлэж буй Хятадын энэ стратеги ганц шөнийн дотор гарч ирчихээгүй. Харин ямар ч алдаа гаргалгүй явсаар нэг мэдэхэд хүрээгээ тэлж хүчирхэгжжээ. Бас нэг жишээ дурдвал, Хятадын Ганжоуд байрлах автомашины “Take Geely” компани алдарт Вольво брэндийг худалдан авахаар 1.8 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зураад байна. Энэ мэт гадаадын томоохон компанийг худалдан авах гэсэн Хятадын сонирхлыг үл тоон өнгөрч боломгүй.
Хятад дэлхийг худалдан авч байна
Хятадын бизнесмэнүүд авдраасаа халин бялхах их мөнгөө аван дэлхийгээр нэг хэрэн хэсч том, том гэрээ байгуулж байна. Энд өнгөрсөн 10 жилийн дотор Хятадын хийсэн томоохон худалдаа, хөрөнгө оруулалтыг онцолж байна. Үүн дотор дэлхийн бараг бүх бүс нутгаас Хятадын худалдан авахаар зорьж буй баялаг болон хамгийн том таван гэрээг онцлон тэмдэглэсэн юм.
1.    Рио Тинто  /хувьцааны 9 хувь/ -14 тэрбум. Хятадын “Chinalco” компани “Alcao” компанитай нэг баг болж, Англи Австралийн уул уурхайн Рио-Тинто компанийн 9 хувийг худалдан авсан.
2.    Addax Petroleum -7.5 тэрбум. Хятадын Sinopec компани газрын тосоор арвин баялаг Баруун Африк болон Ойрхи Дорнодын баялгаас эзэмших хувиа дээрх хэмжээний мөнгөөр худалдан авчээ.
3.    “Standard Bank” /хувьцааны 20 хувь/ - 5.6 тэрбум. Хятадын Үйлдвэрлэл Худалдааны банк Өмнөд Африкийн Иоханнсбургт төвтэй Стандарт Банкны 20 хувийн хувьцааг худалдан авсан.
4.    Morgan Stanley /хувьцааны 10 хувь/ -5.0 тэрбум. 2007 онд Хятадын Хөгжлийн Корпорац АНУ-ын хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банкны нийт хувьцааны 10 хувийг таван тэрбум ам.доллараар худалдан авчээ.
5.    ПетроКазахстан – 4.1 тэрбум. Хятадын “National Petroleum” компани “ПетроКазахстан” компанийг 2005 онд 4.1 тэрбум ам.доллараар өөрийн мэдэлд оруулсан.

Европ
Энэ тив дэх Хятадын бай бол Норвегийн газрын тосны орд газар, байгалийн хийн үйлдвэр, Италийн тоног төхөөрөмжийн үйлдвэр, мөн Бруссельд төвтэй санхүүгийн аварга том корпорац Фортис групп,
Канад
Газрын тос, төмрийн хүдэр нь Канад руу Хятадыг татах соронз болоод байна.  Энд Хятад хоёр тэрбум ам.доллараар “Tanganyaka Oil” болон 771 сая ам.доллараар Ванкуверийн “Peru Copper”-ийг худалдан авсан юм.
Өмнөд Америк
Хятадын “National Petroleum” болон “Sinochem” компани Өмнөд Америкийн газрын тосны компаниудын хувьцааг худалдан авсан байна.
Африк
Хэдийгээр энэ тивийн компаниудыг бүхлээр нь худалдан авсан гэрээ цөөн боловч Африкийн жижиг орнуудын ашигт малтмалаас олох сая сая ам.доллар Хятадын төрийн данс руу цутган орж байдаг. Хятад-Африкийн худалдаа 2007-2008 онд 45 хувиар өсч 107 тэрбумд хүрчээ.
Ази
Хятад Сингапурын санхүүгийн институтуудыг сонирхож  байгаа бол Японыг хагас үйлдвэрлэгч болгохоор ажиллаж байна.
Австрали
Австралийн зэс, алт болон бусад ашигт малтмалын компаниудтай 2000 оноос хойш хятадын бизнесмэнүүд 30 гаруй гэрээ байгуулжээ.  

Б.Сэвжидмаа
 

0 Сэтгэгдэл
mgl ch ali hediin hudaldagdaad eheltsen l de..
zailaa zail
Хамгийн их уншсан