Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль боллоо

Украин  даяар өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Энэ удаа украины төрийн тэргүүний суудалд 21 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн дотор хуучин ерөнхийлөгч Виктор Януковичийн “Бүс нутгийн нам”, одоо засгийн эрхэнд гараад байгаа сөрөг хүчнийхэн, олигархиуд, Майданы идэвхтнүүд байгаа юм. Гол өрсөлдөгчийг Ерөнхий сайд байгаад шоронд сууж байгаад гарч ирсэн “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко, тэрбумтан Петр Прощенко нар гэж үзэж байна.

Ням гарагийн өглөөний 08,00 цагт үүдээ нээсэн сонгуулийн санал хураах байрууд оройн 20,00 цаг хүртэл ажилласан байна.
Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч болсон хүний бүрэн эрхийн хугацаа  Украины Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр ёсоор таван жил үргэлжилж 2019 оны гуравдугаар сард дуусна.
Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр өглөө гэхэд гарах бол эцсийн дүнг Сонгуулийн төв хороо зургадугаар сарын 4 гэхэд гаргана гэнэ. Хэрэв нэр дэвшигчдээс хэн нэг нь нийт сонгогчдын 50 хувиас дээш хувийн санал авч чадахгүй бол Сонгуулийн Төв хороо хоёр дахь шатны сонгуулийг зургадугаар сарын 15-нд явуулж хамгийн олон хувийн санал авсан хоёр нэр дэвшигч  өрсөлдөнө.  Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч сонгуулийн эцсийн дүнг зарласнаас хойш 30 хоногийн дотор төрийн тэргүүний албандаа орох юм.  Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд нийслэл Киев хотын дарга, орон нутгийн хэд хэдэн бүс нутгийн тэргүүний сонгууль болжээ.
Украины Сонгуулийн төв хорооны мэдээгээр энэ удаагийн сонгуульд нийт 35,5 сая хүн сонгуулийн санал хураах 33,6 мянган хэсэгт очиж саналаа өгөх юм байна. Мөн дэлхийн 75 оронд амьдарч байгаа украинчуудын санал авах 114 байрыг гадаад орнуудад нээжээ.
Сонгуулийн үеэр украины хүчний байгууллагууд зүүн бүс нутгийн хотуудад тусгай ажиллагаа явуулсаар байлаа. Донецк, Луганск мужийн нутагт сонгуулийн ажиллагаанд тусгаар тогтнож салан тусгаарлагчдыг оролцуулахгүй байхаар Киевийн эрх баригчид шийдвэрлэсэн байна. Донецкт 2432, Луганскт 1476 санал авах байранд 3,2 сая хүн саналаа өгөх юм.
Харин Крымын хувьд гуравдугаар сард ОХУ-ын бүрэлдхүүнд орно гэж бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэсэн болохоор анх удаагаа Украины төрийн тэргүүнийг сонгох сонгуульд оролцохгүй байгаа юм. Гэхдээ энэ хойгт амьдардаг Украины иргэдийн хувьд украины уугуул нутаг руу очиж төрийн тэргүүнээ сонгож болно гэж үзсэн байна. Улсын бүртгэлийн албаны мэдээгээр энэ хойгт Украины харьяалалтай 6000 орчим иргэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ.
2012 оны парламентын сонгуулиар Крымын хойгт нийтдээ 1430 санал авах байранд нийт 1,5 сая хүн санал өгч байсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан