Таиландын Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватра, түүний гэр бүлийхэн болон хэд хэдэн улс төрчийг тус улсын цэргийн эргэлтийг удирдсан армийнхан баривчилжээ.
Тус улсын арми тэднийг улсаасаа гарахыг хориглосон байна.
Засгийн газрын дээд албан тушаалыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн талын хүнд өгсөн гэсэн шийдвэрийг Таиландын Үндсэн хуулийн шүүх гарган Ийнглакийг энэ сарын 7-нд түлхэн унагаасан юм. Тэр цагаас хойш Ийнглак олон нийтэд харагдаагүй ажээ.
Засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал хэдэн сар үргэлжилж, Ийнглакийг түлхэн унагааснаас үүдэн байдал тогтворгүй байгаа үед буюу уржигдар тус улсын армийн тэргүүн, генерал Ген Прают Сан-Оча цэргийн эргэлт хийснээ зарласан юм.
Тэрбээр албаны гол хүмүүстэй уулзан “Ямар нэг сонгууль явуулахаас өмнө эхлээд шинэчлэлт хийх ёстой” гэж хэлжээ.
Тус улсын арми шөнийн цагаар хөл хорио тогтоож, нэг газар таваас олон цуглахыг хориглосон байна.
Цэргийн эргэлт ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй байгаа ч худалдан авагчид хүнсний бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ нөөцлөхийн тулд нийслэл Бангкок хотын төвийн нэг супер маркет руу хошуурч байгаа аж.