Аливаа улсад орон сууц, байр зарах болон түрээслэх үнэ тухайн орны иргэдийн цалин хөлс, ашиг орлогын нийтлэг хэмжээ ямар байгааг харуулдаг. Дийлэнхдээ улс орон баян, иргэдийн ашиг орлогын хэмжээ өндөр байх тусам байр худалдаж авах, түрээслэх үнэ өндөр байна. Стандарт буюу 60 ам метр талбайтай байр дэлхийн хэмжээнд ямар үнэтэй байдгаар нь харьцуулж үзье.
Эндээс харвал Хонконгийн үнэтэй дүүрэгт 60 ам метр талбайтай ганц байр худалдан авах мөнгөөр Парагвайн нийслэлд 50 байр авах аж. Дэлхийн бизнесийн төв гэгддэг Хонконг, Лондон, Нью-Йорк зэрэг хотод байр өндөр үнэтэй байгаа нь илт. Гэхдээ байрны үнэ өндөр байгаа нь нэг хэрэг, түүнийг худалдан авахын тулд жирийн иргэд, дундаж орлоготой хүн хэр олон жил ажиллах вэ гэдэг нь өөр хэрэг болж хувирна. Жишээ болгож ОХУ-ын дундаж орлоготой иргэн хэдэн жил ажиллах хэрэгтэй талаарх судалгааг сонирхуулъя.
Оросын нийслэлд орон сууцны хоёрдогч зах зээлд нэг өрөө байрны ам метрийн үнэ 182.3 мянган рубль, хоёр өрөө байрных 179.1 рубль, гурван өрөө байрных 179.3 мянган рубль байна. Оросын статистикийн албанаас гаргасан мэдээнд Москвагийн оршин суугчийн сарын дундаж цалин 54.672 мянган рубль гэж. /Нэг рубль 53 төгрөг/ Цалингаасаа хүнсний бус бүтээгдэхүүнд 38.6 хувийг зарцуулдаг. Оросын эдийн засаг өсөлттэй, цалин хөлс тогтвортой байна гэж үзвэл ийм цалинтай хүн Москвад 38 ам метр нэг өрөө байр худалдан авахын тулд 27 жил мөнгөө цуглуулах шаардлагатай аж. Гэхдээ энэ бол дундаж орлоготой хүний үзүүлэлт гэдгийг судлаачид онцолжээ. Тэд судалгаагаа бодит байдалд илүү нийцүүлж салбараар нь ангилан гаргасан байна. Тодруулбал, Москва хотод дунджаар 70.358 мянган рублийн цалинтай, их эмч 21 жилийн дараа нэг өрөө байрны мөнгөтэй болох аж. Харин 29.8 мянган рублийн цалинтай сувилагч 50 жилийн турш хөдөлмөрлөж, мөнгөө хуримтлуулах хэрэгтэй гэнэ. Газрын тос олборлож, боловсруулдаг компанийн ажилтан дунджаар 192.1 мянган рублийн цалинтай. Түүнд наймхан жилийн дотор Москва хотноо нэг өрөө байр авах боломж нээгдэнэ. Энэ мэтээр дунд сургуулийн ерөнхий эрдмийн багш ойролцоогоор 25 жил, зургийн багш 34 жил ажилласны эцэст ганцхан өрөө байртай болно. Гэтэл санхүүгийн салбарын мэргэжилтэнд 16 жил шаардлагатай.
Байрны үнэ дагаж гардаг өөр нэг сонирхолтой үзүүлэлт нь иргэдийн орон сууцаар хангагдсан байдал. Үүнийг нэг хүнд ногдож буй орон сууцны ам метр талбайгаар нарийн тодорхойлж болно. Хэрэв энэ үзүүлэлт өндөр бол орон сууцны салбар сайн хөгжсөн, байр хүртээмжтэй, худалдан авах чадвар боломжийн байдаг аж. Нэг хүнд ногдох орон сууцны талбайн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орныг жагсаажээ.
Дээрх жагсаалтад Европын орнууд толгой цохиж байгааг харж болно. Гэхдээ тив дотроо ч их зөрүүтэй байгааг та анзаарсан биз. Жишээлэхэд, Норвегийн нэг хүнд ногдох байрны хэмжээ Финляндаас бараг хоёр дахин илүү байгаад хэд хэдэн үзүүлэлт нөлөөлсөн аж.