Өнгөрсөн сард далайд живж, 300 гаруй хүний амь насанд хүрсэн Севол онгоцыг эзэмшдэг “Чонхэжин Марин” компанийн эзэн Ёо Бюн Ёон өчигдөр хуулийн байгууллагын өмнө өөрийн биеэр ирэх ёстой байсан ч шүүхийн шийдвэрийг зөрчжээ. Тиймээс одоо түүнийг баривчлах тушаал гаргахад хүрээд байгаа гэнэ. Тэрээр осол гарснаас хойш байнга нуугдсаар байгаа бөгөөд байрлаж байж магадгүй гэсэн газар нь цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийгээд олоогүй аж.
Ёо Бюн Ёон шашны нэгэн байгууллагатай бөгөөд түүнийг дагалдагч мянга гаруй гишүүн нь удирдагчаа өөрсдийн биеэр бамбай болон хамгаалж байгаа гэдэг мэдээлэл ч байна. Хувьдаа олон төрлийн бизнес, үл хөдлөх хөрөнгөтэй түүнд Севол онгоцны хохирогчдын ар гэрийнхэнд мөнгөн төлбөр олгох талаар хариуцлага тооцох гэж байгаагаас гадна татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа юм. Тиймээс түүний эзэмшилд байдаг 20 тэрбум воноор үнэлэгдэх бүх хөрөнгийг битүүмжилсэн байна.