Олон улсын хөдөлмөрийн байгууллага албадан хөдөлмөр эрхлүүлэгчид буюу орчин үеийн боол эзэмшигчдийн жилийн орлогыг 150,2 тэрбум ам.доллар гэж шинээр гаргасан илтгэлдээ тодорхойлсон нь өмнөх жилийнхээс даруй гурав дахин өндөр байгаа аж. Дэлхийн хөдөлмөрийн байгууллага буюу ДХБ-ын мэргэжилтнүүдийн тооцсоноор өдгөө дэлхийд боол мэт албадлагаар ямар нэг ажил хийдэг 21 сая хүн байна. Тэдний 22 хувь буюу дөрвөн сая нь бэлгийн боолчлолд байдаг. 68 хувь буюу 14,2 сая хүн албадлагаар хөдөө аж ахуй, барилга, ашигт малтмалын олборлолт, гэрийн зарцаар ажилладаг. Мөн 2,2 сая хоригдол шоронгийн захиргааны шахалтаар албадан хөдөлмөр эрхэлж байдаг ажээ.
ДХБ-ын мэргэжилтнүүдийн тодруулснаар боолын эздийн дотор биеэ үнэлэгчдийг хянадах этгээдүүд хамгийн өндөр орлоготой. Тэд жилдээ 99 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг. Энэ их мөнгөний 31,7 тэрбум ам.долларыг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад албадлагаар биеэ үнэлдэг хүмүүс эзэддээ олж өгдөг. Үлдсэн 26,2 тэрбум ам.доллар Европын холбоо, Америк гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад ногддог. Бэлгийн боолчлол нь эрэлт ихтэй, үйлчлүүлэгчид нь өндөр үнэ төлөхөд бэлэн байдгаас гадна зардал багатай байдаг тул ингэж их ашиг олдог ажээ. Бэлгийн боолчлолд байгаа нэг хүнээс эзэд нь жилдээ дунджаар 21,8 мянган ам.долларын орлого олдог. Гэхдээ энэ тоо нь дэлхийн дундаж үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Зарим бүс нутагт бэлгийн боолчлолын ашиг нь илүү өндөр. Тухайлбал, Төв ба Зүүн Европын орнуудад сүрдүүлэг, хүчинд автан биеэ үнэлж байгаа нэг эмэгтэй эзэддээ жилдээ 42 мянган ам.долларын орлого оруулдаг бол Ойрхи Дорнодод 55 мянга, өндөр хөгжилтэй орнуудад 80 мянган ам.долларыг эзэддээ өгдөг аж. Харин Ази Номхон далайн бүс нутагт жилийн дундаж орлого нь 12 мянган ам.доллар байдаг ч секс боолчлолд байдаг хүмүүсийн тоо нь өөр хаа ч байхгүй өндөр буюу 2,5 сая.
Барилга, ашигт малтмалын олборлолтын салбарт албадан хөдөлмөр эрхлүүлснээс гэмт этгээдүүдэд орж ирдэг жилийн орлогын хэмжээ 34 тэрбум ам.доллар. Хөдөө аж ахуйд боолын хөдөлмөрөөс есөн тэрбумыг олдог бол гэрийн зарц хийлгээд найман тэрбум ам.долларын орлого олдог. Орчин үеийн боолуудын дийлэнх буюу 55 хувийг нь эмэгтэйчүүд, 74 хувийг нь насанд хүрэгчид эзэлж байна.
Боолын хөдөлмөр хамгийн их эрхэлдэг бүс нутаг нь Ази Номхон далай орчмын улсууд. Энэ бүс нутгийн улсуудад 11,7 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байна. Африкт 3,7 сая, Латин Америкт 1,8 сая, Европын холбоонд 1,5, Зүүн Европ ба ТТУХН-т 1,6 сая хүн боолын хөдөлмөр хийж байна.
Боолчлол хамгийн их газар авсан улсаар мэргэжилтнүүд Энэтгийг тодруулж. Энэтхэгт 13 сая хүн хүний наймааны золиос болж, албадан хөдөлмөрлөж байдаг.
Орчин үеийн боолын хөдөлмөр нь хөдөлмөрийн эрхийг зөрчих, эрх чөлөөг хязгаарлах, халагдах боломжгүй болгох, ажлын байран дээр харгалзагч, хамгаалагч нар хяналт тавих, ажилтнуудад хүч хэрэглэх, сүрдүүлэх, цалин хөлс өгөлгүй хоногийн хоолоор ажиллуулах гэх мэт шинж тэмдэгтэй байдаг.