Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТТГ анагаах ухааны салбар, эмч нараар халхавч хийхгүй

Америкийн Тагнуулын төв газар тусгай ажиллагаа явуулахдаа вакцинжуулалтын хөтөлбөр, эмнэлгийн ажилтнуудыг халхавч болгон ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ тухай баталгаа бүхий захидлыг АНУ-ын алан хядлагатай тэмцэх асуудлын зөвлөх Америкийн төрийн мэдлийн анагаахын 13 төв рүү явуулсан байна.Мөн олон улсын анагаахын хөтөлбөрөөр олж авсан удамшил зүйн материалыг тагнан турших ажиллагаандаа ашиглахгүй гэсэн баталгаа өгчээ. Америкийн №1 дайсан гэгддэг байсан Усама бин Ладеныг устгасан ажиллагааг тойрсон дуулианаас болж ТТГ ийм мэдэгдэл хийх болжээ. Тухайн үед бин Ладеныг илрүүлэхийн тулд Америкийн ТТГ Шакил Африди гэгч Пакистан эмчийг элсүүлэн авч вакцинжуулалтаар халхавч хийсэн нууц ажиллагаа явуулсан байдаг. Африди халдварт шарын эсрэг вакцин хийх нэрийдлээр Абботабад хотын айлуудаар орж хүмүүсийн ДНХ-ийн дээж авдаг байжээ. Ингэснээр бин Ладены төрөл садангийн хүмүүсийг ДНХ-ээр тодорхойлох замаар нуугдаж байгаа газрыг нь илрүүлэх төлөвлөгөөтэй байсан аж.
Пакистаны тусгай албад Афридийг саатуулан эх орноосоо урвасан ял тулган баривчлаад байгаа юм.
ТТГ-ын энэ мэт ажиллагаа нь Америкийн эмнэлгийн байгууллагуудын явуулдаг олон улсын төслүүдийн нэр хүндийг унагаж байна гэсэн хүчтэй шүүмжлэлд өртөж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан