Украиныг тойрсон ээдрээ он гарснаас хойш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн их анхаарч байгаа үйл явдал болж байна. “ВВС”, “CNN” гэх мэт дэлхийг хамарсан сүлжээ мэдээг ямагт л Украинаар эхэлдэг болж. Өрнөдийн агентлагууд дуу нэгтэйгээр Оросыг булаан эзлэгч, империалист гэж гоочилж, байгаа ч Украиныг тойрсон газар нутгийн маргаан ямар ээдрээтэй, Европын холбоонд байгаа хэдэн орон иргэний дайны байдалтай, хөөрхий улсаас хэдий хэмжээний нутагт санаархаж байгаа талаар таг дуугүй.
Гэвч саяхан Украины зүүн нутгуудад тусгаар улс болох тухай санал асуулга амжилттай явагдахад оролцсон хүмүүсийн дийлэнх нь нааштай хариу өгсөн тул өдийг хүртэл газар нутгаа тэлэх сонирхолтой байгаа зарим улс далд байдлаар хүсэл зорилгоо илэрхийлж эхэллээ. Ингэснээр өдгөө хүртэл зөвхөн түүхчид, хэт үндсэрхэг үзэлт зарим улстөрчийн мэддэг байсан зүйл ил болж эхэлсэн тухай цөөнгүй эх сурвалж онцолжээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украины шинэ эрх баригчид Өвөр Карпатад амьдардаг мажаруудад өөртөө засах буюу автономит эрх олгож, давхар иргэншилтэй байхыг зөвшөөрөх ёстой гэж мэдэгдлээ. Автономи гэдэг нь зөвхөн гадаадтай холбоотой улс төрийн шийдвэр гаргах эрхгүй бусад талаар төв Засгийн газраас хамааралгүй бодлого явуулах эрхтэй улс.
Ингэснээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдах сонирхолгүй гэж байсан Унгарын эрх баригчид ийнхүү унгарчууд буюу мажар үндэстэнд зориулан автономи бий болгох нь нэн яаралтай шийдэх асуудлын нэг гэлээ.
Хоёр зуу гаруй жилийн турш Украины нутгийг тойрон явж байгаа их гүрнүүдийн геополитикийн тоглоомын идэвхтэй оролцогч нь Унгар байсан юм. Одоогийн Украин улсад харьяалагдах болсон Галици, Өвөр Карпат нь нэгэн цагт Австри Унгарын эзэнт улсын нэг хэсэг байсан гэдгээс хамаг ээдрээ эхэлнэ. Өдгөө Өвөр Карпат нутагт мажар үндэстнүүд хамгийн ихээр оршин суудаг.
Статистик мэдээнээс үзвэл нийт энэ нутгийн хүн амын 12 хувь нь мажарууд бөгөөд зарим мужид бүр ч өндөр. Жишээлэхэд, Өвөр Карпатын Береговын орчим хүн амынх нь 90 хувь нь мажар.
Улмаар ийм нутгуудад мажар хэл албан ёсны хэл байдаг төдийгүй энэ хэлээр заадаг дунд ба их сургуультай, соёлын төвүүдтэй. Өөрөөр хэлбэл соёлын автономи хэдийнэ бий болчихсон хэрэг.
2010 онд хил залгаа “эзлэгдсэн түүхэн нутагт” амьдардаг үндэс угсаа нэгтнүүдэдээ илүү хялбаршуулсан байдлаар Унгарын иргэний харьяалал олгодог болох тухай хууль баталсан. Бодит байдал дээр энэ хуулийг батлахаас ч өмнө Өвөр Карпатын мажарууд хүссэн үедээ гэрээсээ гаралгүй шахуу Унгарын иргэн болдог байсан аж. Учир нь, Украины эрх баригчид тухайн үеийн нөхцөл байдлын улмаас Оростой хил залгаа мужуудын салан тусгаарлах уур амьсгалд анхаарч байснаас биш Унгар, эсвэл Чех, Польш гэх мэт Европын орнуудтай хил залгаа муждаа гойд анхаардаггүй байв. Иймд сүүлийн хэдэн сарын ээдрээ эрхлэх хүртэл 200 мянга гаруй мажарууд Унгарын давхар иргэншилтэй болж амжжээ. Албан ёсоор бол Украины иргэн ч гэлээ Унгарын давхар иргэд болсон Украин-мажарууд зүгээр ч нэг иргэний паспорт гардсангүй. Тэд Унгарын сонгуульд оролцон саналаа өгөх эрхтэй болсон юм. Ийм байдлыг Украины эрх баригчид мэдээгүй гэвэл худал болох биз. Мэдсэн ч гэлээ Унгар нь Европын холбооны гишүүн, “зэрлэг бүдүүлэг” Оросыг бодвол соёлжсон улс гээд мэдээгүй царайлсаар өнөөг хүрчээ.
Гэхдээ сүүлийн үед Виктор Орбаныг мэдэгдэл хийсний дараа л аргагүй эрхэнд сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдсэн юм.
Унгарт ингэж “түүхэн газар нутаг”-аа, амьдарч байгаа мажар хүмүүсийн хамт эргүүлэн авах том шалтгаан бий. Наад зах нь сүүлийн хэдэн жил дунд түвшний техникийн мэргэжилтэй боловсон хүчний асар их дутагдалтай тулгарсан. Өвөр Карпатаас орж ирсэн мэргэжилтнүүдээр боловсон хүчний дутагдлаа нөхөж, үйлдвэрлэлээ сэргээх таатай боломж гэсэн үг.
Дараа нь, тэртээ Зөвлөлтийн үед Баруун Европ руу тавьсан шатдаг хийн хоолойн гол шугамууд нь Өвөр Карпат нутгаар дамжин өнгөрдөг. Украины шатдаг хий тээвэрлэх системийн амин чухал хэсгийн нэг “Уренгой-Помар-Ужгород” байна. Энэ хоолойгоор жилдээ 32 тэрбум шоо метр шатдаг хийг Баруун Европ руу гаргах боломжтой. Хэрэв Унгарчууд Өвөр Карпатыг де факто тусгаар улс болговол “Газпром” Баруун Европ руу шатдаг хий шахахын тулд Украинтай төдийгүй Өвөр Карпатын Ужгородтой тохиролцох, хоолойгоор хий дамжуулсан төлбөрийг тийш нь өгдөг болж таарна. Цаашлаад, Өвөр Карпатыг Унгарт нэгтгэвэл энэ мөнгө Ужгород биш харин шууд Будапештийн дансанд ордог болох төдийгүй өөрсдөө шатдаг хийг илүү хямд үнээр авах бодит боломжтой болно.
Өвөр Карпатын өөр нэг баялаг нь алт. Зөвлөлт задран унасны дараагаар Украины нутаг дээр геологийн эрэл хайгуул хийгээд хэд хэдэн том орд илрүүлжээ. Зөвлөлт задран унасны дараа гэдгийг тодруулах хэрэгтэй. Учир нь, Зөвлөлтийн үед Украинаас алт олборлох нь эдийн засгийн ач холбогдолгүйд тооцогддог байсан тул шаардлагатай эрэл хайгуул ч явуулдаггүй байж. Ингээд хайгуулын явцад Өвөр Карпатын Береговын орчим, өөрөөр хэлбэл нутгийн иргэдийн 90 хувь нь мажарууд байдаг газраас Мужиевийн асар том алтны орд илрүүлсэн юм. Дөнгөж илрүүлж байх үед геологичид нөөцийг нь 50 тонн алт, 800 тонн мөнгө, 800 мянган тонн цайр, 400 мянган тонн цагаан тулгалга гэж тооцож байсан гэхээр ямар санагдаж байна.
Украин эдийн засаг, санхүүгийн хүнд байдалд байсан учраас олборлолт бараг явуулаагүй байгаад 2000 онд олборлолтыг дөнгөж эхлээд 2006 онд хөрөнгө оруулалт байхгүй дуусгаж байв.
Өвөр Карпат гэдэг Унгарын хувьд тун ч таатай бялуу болох нь эндээс харагдаж байна. Гэтэл энэ нь зөвхөн Унгарын газар нутгийн ашиг сонирхол. Дээр нь, 1939 онд Польшоос салгаж авсан Галичина ба Волынь байна. 1940 онд Румыниэс салгаж авсан Бессараби ба Буковинагийн нэг хэсэг гээд олон маргаан байна.