Украины хэрэг явдалтай холбоотойгоор өрнөдийн орнууд Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан хэвээр. Хориг арга хэмжээ авагчдын хамгийн эгнээнд Канад орж байгаа. Тус улс Оросын янз бүрийн компанийн эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан.
Ийм нөхцөлд Оросын талаас Канадын “Bombardier” компанитай байгуулсан сэнсэт онгоцны хамтарсан үйлдвэр барих гэрээгээ цуцалжээ. Үйлдвэр байгуулах гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан аж. Тэр үед Оросын төрийн мэдлийн “Ростех” компани Канадын “Bombardier”-ийн үйлдвэрлэсэн “Q400” онгоц 100 ширхгийг худалдан авахаа мэдэгдсэн. Ингэхдээ Канадад үйлдвэрлэсэн 50 онгоцыг Орос худалдан аваад, дараагийн 50-ийг нь Оросын нутагт байгуулах хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэнэ гэж тохиролцжээ. Энэ наймаанаас Канадын компани 3,4 тэрбум ам.доллар авах ёстой байв.
Гэвч энэ оны гуравдугаар сараас эхлээд Украинтай холбоотойгоор Канадын тал төслийг түр зогсоосноо мэдэгдсэн юм. Компанийн захирал Бодуэн “Украинаас болж түр хойшлуулсан. Ямартай ч, бид хориг хэмжээ болгоныг дагаж мөрдөх бодолтой байгаа” гэсэн юм.
Ийм нөхцөлд Оросын тал цаашид хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй төслийг харж их хэмжээний мөнгө дэмий зарлагдах нь ашиггүй гэж үзэн цуцлах шийдвэр гаргасан нь энэ аж. Оросын Үйлдвэрлэлийн сайд “Барилгаа ч барьж эхлээгүй байгаа тул бодож эхэлсэн л дээ. “Bombardier” хориг арга хэмжээг дэмжиж байгаа гэдгээ албан ёсоор хэлээгүй ч, Канадын эрх баригчдын сүржин мэдэгдэл эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэв. Харин Оросын Засгийн газарт цэргийн үйлдвэрлэлийг хариуцсан сайдын албан тушаал хашдаг, өрнөдийн эсрэг үзлээрээ алдартай Рогозин “Би ямагт “Bombardier”-ийн эсрэг байсан.
Өөрсдөө онгоцоо хийх хэрэгтэй. Хөөх шалтаг хайх гэж ажил удаахаас аварсан сэргэлэн канадчууддаа баярлалаа” гэсэн байна.