Социализмын үед Унгарын Дотоод хэргийн сайд байсан Бэла Бижкуд 1956 онд гарсан коммунизмын эсрэг бослогыг дарахдаа цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэн тухай “BBC” агентлаг мэдээлж байна. Өдгөө 92 настай Бижкуг бослогыг дарахдаа энгийн иргэд рүү буудах тушаал өгсөн хэрэгт буруутай гэж үзэн таван жил зургаан сар хорих ялаар шийтгэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1956 онд Унгарт тогтоосон коммунист дэглэмийг эсэргүүцсэн иргэд зэвсэгт бослого гарган төрийн эргэлт гаргасан юм. Үүний дараа Хрущевын тушаалаар Зөвлөлтийнхэн цэргээ оруулж зэвсэгт тэмцэл эхэлсэн. Тэр үед Зөвлөлтийн талыг баримтлагч, дэглэмийн түр гүйцэтгэх хорооны гишүүн байсан Бижку босогчдыг дарахдаа гал нээх тушаал өгсөн гэдгийг баримтаар нотолжээ. Бижкугийн тушаалаар гал нээсэн Зөвлөлтийн талыг баримтлагчид Будапешт, Шалготарьян хотуудад ямар ч зэвсэггүй энгийн 49 хүнийг буудан хороосон байна.
Унгарт тухайн үед болсон үйл явдлын үеэр Зөвлөлтийн талыг баримтлан бослогыг нухчин дарах тушаал өгч байсан хүмүүсээс өдгөө амьд байгаа нь Бижку ганцаараа аж. Гэхдээ шүүхийн гаргасан шийдвэр нь эцсийнх биш бөгөөд хэрэгтэн дахин заалдах боломжтой. Хуучин социалист систем, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудад тухайн үед эрх баригч дэглэмийн талд үйлчилж байсан хүмүүсийг шүүх ажиллагаа явах нь цөөнгүй
Жишээлэхэд, 1981 онд социалист дэглэмийн эсрэг Польшид өрнөсөн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг Зөвлөлтийн талд дарсан гэдэг хэргээр экс Төрийн тэргүүн Войцех Ярузельскийг шүүж байв. Латви, Литва, Эстони гэх мэт улсад Зөвлөлтийн үед тусгай албаны ажилтан байсан хүмүүсийг шүүх ажиллагаа байсхийгээд болдог байна.