Вьетнамд болсон Хятадын эсрэг жагсаалын оролцогчид гурван үйлдвэр, хэд хэдэн оффисын барилга шатаасан байна. Хятад ба Вьетнам хоорондын маргаантай арал гэгддэг Параселийн арлуудын орчимоос Хятадын компанийг газрын тос шахах цамхагаа зайлуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалын үеэр ийм хэрэг гарчээ. Хятадын эсрэг жагсаал зохион байгуулагчид БНХАУ-ын иргэд эзэмшдэг эсвэл удирддаг үйлдвэр, компаниудын эсрэг арга хэмжээг зохион байгуулах зорилготой байсан ч улайрсан жагсагчид Тайванийн компаниудын оффис руу дайрсан тухай ”BBC” агентлаг мэдээлэв. Маргаантай арлуудын орчимд байгуулсан цамхагийн ойролцоо Вьетнам ба Хятадын эргийн хамгаалалтын усан онгоцууд буудалцсан хэрэг гарсан юм. Цамхагийг зоох ажлыг зогсоохын тулд Вьетнам байлданы онгоцоо явуулснаар ээдрээ эхэлсэн байна. Сүүлийн хэдэн жил энэ арлын орчим ийм том мөргөлдөөн гарч байгаагүй. АНУ-ын Төрийн департамент болсон мөргөлдөөны талаар сэтгэл түгшиж байгаагаа мэдэгдээд, маргаантай газар газрын тосны цамхаг байрлуулах гэсэн Хятадын шийдвэрийг “өдөөн хатгасан” гэж тодорхойлжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг БНХАУ өөрийн нутаг гэж үздэг ч Вьетнам, Филиппин зэрэг улс үүнтэй санал нийлдэггүй юм. Эдгээр улс эзэнгүй, хүн амьдрах боломжгүй ч эргэн тойрондоо газрын баялгаар арвин жижиг хэдэн хадан цохиог өөрийн газар нутаг гэж маргалдсаар олон жил болж байна.