Украйнд болсон хэрэг явдалтай холбоотойгоор Германы тусгай албад Европын холбоон дахь Оросын бодит нөлөөг судалжээ. Ингээд Германы тагнуулын албанаас зөвхөн дотоод хэрэгцээнд зориулсан нууцлалын зэрэгтэй илтгэл гаргатал “Der Spiegel” сэтгүүл түүнийг олж мэдээд олон нийтийн хүртээл болгож. Тус илтгэлээс үзвэл Москва Болгарыг Европын холбоон дахь өөрийн гол түшиц газар болгон хувиргаж буй нь яваандаа Европыг бутаргах аюултай, санаа зовоосон асуудал гэсэн дүгнэлт хийжээ.
Болгар Оросын шатдаг хий, газрын тосны импортоос бараг бүрэн хамааралтайн дээр эдийн засгийнх нь гуравны нэгийг орос компаниуд ил далд хэлбэрээр удирдаж байдаг гэнэ. Иймд Европт нөлөөгөө бэхжүүлэх талаар их чармайлт гаргаж байгаа Москвагийн хувьд тун ч боломжийн бай гэж германчууд үзсэн байна.
Эрчим хүч, эдийн засаг гэлтгүй улс төрийн хувьд ч Оросын нөлөө хүчтэй байгаа гэнэ. Одоо Болгарт эрх барьж байгаа Социалист нам ба Эрх чөлөө, эрхийн төлөөх хөдөлгөөн гэсэн хоёр намын эвслийг “Москвагийн үнэнч туслах” гэж германчууд тодорхойлж.
Цаашилбал, эрх барьж байгаа намуудад хуучин коммунизмын үеийн өндөр албан тушаалтнууд, тусгай албадын ажилтнууд, олигархууд олон байдаг тул хувийн хонжоо хөөцөлдөн Путиний ойрын хүрээлэлтэй идэвхтэй гэрээ хэлэлцээ байгуулж байгаа аж. Болгарын хамгийн нөлөө бүхий бизнесмен гэгддэг Цветан Василевын удирддаг банк үүний тод жишээ гэнэ. Василевийн банкны найдвартай түнш болсон тул Болгарын эдийн засагт хийж байгаа Оросын ил ба далд хөрөнгө оруулалтын дийлэнх нь энэ банкаар дамждаг аж.
Энэ мэт шалтгааны улмаас Орос Болгарын харилцаа хэт дотно болж хувирсан тул Болгар дахь хууль тогтоох үйл ажиллагаанд Москва хөндлөнгөөс шууд оролцох болсныг Германы тусгай албад анхааруулсан байна. Жишээлэхэд, өнгөрсөн долоо хоногт “Газпром”-оос Болгарын Эдийн засгийн сайдад тухайлан хандаж нууц захидал явуулсан гэнэ. Захидалд, “Өмнөд урсгал” нэртэйгээр оросуудын тавьж байгаа шатдаг хий дамжуулах хоолойн талаар баримтлах бодлогын тухай зөвлөгөө байсан аж.
Украйныг тойруулан Болгар, Серб зэрэг улсаар дамжуулан “Газпром”-ын байгуулж байгаа хоолойг тойрсон маргаан сүүлийн үед тасрахгүй байгаа. Европын холбоо Оросын шатдаг хий, газрын тосноос хэт их хамааралтай болохоос сэргийлэх, тодруулбал төрийн мэдлийнх нь “Газпром” компанийн нөлөөг багасгахын тулд Эрчим хүчний шинэ багц хууль баталсан юм.
Энэ хуулийн дагуу Европын холбооны нутгаар дамжин өнгөрч байгаа шатдаг хий дамжуулах гол хоолойг эзэмшигч компани нь өөрөө шатдаг хий олборлодог байх ёсгүй болсон юм. Ингэснээр “Газпром” асар их зардал гарган барьж байгаа шатдаг хий дамжуулах хоолойгоо өөрөө хянаж чадахгүй, удирдаж чадахгүй болж хувирсан. Ямартай ч эхний ээлжинд Европын холбооны энэ хуулийг эсэргүүцэн олон улсын шүүхэд хандаад байгаа.
Харин Болгарын хувьд тэд Оросын зөвлөснөөр өөрийн нутаг дээгүүр явж байгаа гол хоолойг “үндсэн хоолой” бус харин “холбогч хоолой” гэж өөрчлөн нэрлэсэн хууль батлаад Европын холбооны хоригийг давж гарахаар болсон гэнэ.
Хариуд нь, Европын холбооны эрчим хүч хариуцсан сайд Гюнтер Эттингер “Европын холбоо шатдаг хийн хоолой барихыг болиулах арга хэмжээ авах сонирхолгүй байгаа. Гэвч Болгар энэ хуулиа үнэхээр батлавал Европын холбоо хариу болгож шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээ авна” гэсэн байна.
Өрнөдийн орнууд энэ мэтээр Болгар дахь Оросын нөлөөг багасгах чимээгүй тулааныг эртнээс явуулж байгааг хэлэх хэрэгтэй. Болгарчууд Белен дахь дутуу баригдсан цөмийн станцаа Оросын “Росатом” компаниар бариулахаар болж хөрөнгө мөнгөн дээрээ тохиролцон ажлаа эхлүүлж байтал 2012 онд Засгийн газар нь солигдсоны дараа гэрээг цуцалсан байдаг. Хэний талыг баримталдаг хүмүүс Засгийн эрхэнд гарсан нь ойлгомжтой.
Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 2012 онд Болгарт айлчилж Оросын улс төрийн дарамтаас салахын тулд эрчим хүчнийхээ эх үүсвэрийг өөрчлөхийг уриалсан юм. Ингээд ч зогссонгүй Болгарт багагүй хэмжээгээр илэрсэн занараас шатдаг хий, газрын тос олборлоход Америкийн компаниуд туслахад бэлэн гэж байсан. 2011 онд Болгарын тал Америкийн “Chevron” компанитай занараас шатдаг хий олборлох гэрээ байгуулсан ч байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгараад гэрээгээ цуцалсан юм. Тухайн үед байгаль хамгаалагчид Болгар газар тариалан өндөр хөгжсөн улс байтал занараас шатдаг хий ба газрын тос гаргаж авах технологи нь хөрсөнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай мэдээ байхгүй байна гэж олон нийтийг итгүүлж чадсан юм. Харин өрнөдийн орнууд байгаль хамгаалагчдын ард Оросыг байна гэж хардаж байсан билээ.
Гэхдээ Оросууд II Александр хааны үед буюу 1877-1878 онд Османы эзэнт гүрэнд дайн зарлаад 500 гаруй жилийн турш дарлагдсан болгарчуудыг чөлөөлж, тусгаар улс болгож өгсөн гавьяатай болохоор давуу эрхтэй байх гэж үзэх нь зүйн хэрэг.