Сирийн сөрөг хүчний болон хувьсгалт хүчний үндэсний эвслийн тэргүүн Ахмед аль Жарб нь АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай энэ долоо хоногт уулзахдаа зөөврийн зенитийн пуужин нийлүүлэх зөвшөөрөл авах гэж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Ийм пуужинг Сирийн армиас зугатсан, урьд нь ийм төрлийн зэвсэг ашиглах туршлагатай тусгай бүлэгт өгөх тухай ярих гэнэ. Пуужинг шууд АНУ эсвэл тэдний зөвшөөрөлтэйгээр өөр ямар нэг холбоотноос авахад бэлэн гэсэн байна. Аль Жарб “Бид АНУ-ын ийм зэвсгийг нийлүүлэх эсвэл бидний найз нарыг ийм зэвсэгээр туслахыг зөвшөөрүүлэх зорилготой. Бид зөвхөн цөөн тооны ийм зэвсэг авах сонирхолтой байгаа бөгөөд болгоомжтой ашиглана” гэжээ.
Аль Жарба өчигдөр Пентагоны төлөөлөгчидтэй уулзсан бол өнөөдөр Барак Обаматай уулзана. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч энэ тухай тайлбар хийхдээ “Бид байр сууриа өөрчлөөгүй. Энэ зэвсгийг үл мэдэгдэх хүмүүс гартаа оруулбал манай ашиг сонирхол ихээхэн аюулд орж магадгүй гэсэн түгшүүр байгаа гэдгээ мэдэгдсээр ирсэн” гэжээ.
Үүнээс өмнө АНУ ба Саудын Аравийн эрх баригчид Сирийн сөрөг хүчинд танк эсэргүүцэгч “BGM-71 Tow” пуужин 20 ширхэгийг өгсөн юм. Танк эсэргүүцэгч пуужинг Турк, Йорданы нутгаар дамжуулан Сирид хүргэжээ. Барак Обама Саудын Аравид айлчлах үеэр Сирийн босогчдод энэ мэт өндөр үр дүнтэй сүүлийн үеийн зэвсэг нийлүүлсний хариуд саудчуудыг газрын тосны олборлолтоо эрс нэмэгдүүлж, Дэлхийн зах зээл дээрх үнийг нь унагах замаар Оросын эдийн засгийн эсрэг маш үр дүнтэй хориг арга хэмжээ авч магадгүй тухай яригдаж байсан юм. Хэрэв одоо ийнхүү агаараас эсэргүүцэх зөөврийн пуужин нийлүүлбэл тун удалгүй дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом буурч Оросууд Крымийг өөртөө нэгтгэж, зүүн мужуудад салан тусгаарлах үзлийг дэвэргэснийхээ горыг амсаж магадгүй гэсэн таамаг гараад байна. Саудын Арави Башар Асадыг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа мэдэгдэж байгаа юм. Энэ хооронд Башар Асад үндэсний эв нэгдэлд хүрэх хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Хүчин чармайлтын хүрээнд Сирийн Засгийн газар сайн дураараа зэвсгээ хураалган бууж өгсөн 382 хүнийг суллав. Мөн Алеппо болон Латакийн орчим олзны хүмүүсээ солилцох тохиролцоог сөрөг хүчинтэй хийв. Хомс хотод гэхэд зэвсэгт дайчдын барьцаалаад байгаа 1500 гэр бүлийг суллахаар болов. Ингэхдээ сөрөг хүчний олзны нэг дайчныг нэг гэр бүлээр солихоор болж. Дараагийн ээлжид Дамаск хотоос холгүйхэн хоригдож байгаа Сирийн армийн олзны цэргийн албан хаагчдыг суллах тухай ярьж байна. Мөн Дамаск дахь палестинчуудын дүрвэгсдийн төвд гал зогсоох, зэвсэг хураалгах талаар тохиролцоонд хүрч. Иймээс алан хядагчид удахгүй тус төвийг орхин явж аргагүйн эрхэнд зугатаад байсан энгийн номхон иргэд орон гэртээ харих боломжтой болох аж.
Гэхдээ зарим газар ийнхүү лалын хэт явцуу үзэлт бүлэглэлүүдтэй тохиролцоонд хүрч байгаа бол заримд нь ширүүн тулаан өрнөж буй. Дамаскаас холгүйхэн Израйльчуудын эзлэн авсан Голаны өндөрлөгийн орчим Эль Кунейтр, Эль Кахтани мужид ширүүн тулаан болж, 150 гаруй зэвсэгт дайчин амь үрэгдсэн тухай мэдэгдэж байна. Мөн Дамаскаас холгүй Дэйр Асафир, Зыбдин гэх мэт газруудад босогчдын төвийг устгасан.
Тэдэн дунд саудчууд, йорданчууд, пакистанчууд байжээ. Сирид Башар Асад Ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор зарлаад байгаа бөгөөд түүнээс гадна Засгийн газрын талыг баримтлагч сөрөг хүчний хоёр хүн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж эхлээд байгаа юм. Сонгууль ирэх сарын 3-нд болно. Хэрэв америкчууд үнэхээр агаараас эсэргүүцэх зөөврийн пуужин нийлүүлж эхэлбэл байдал бүр л түгшүүртэй болно гэдгийг шинжээчид онцолж байна. Учир нь, Башар Асадын армийн нисэх онгоц, нисдэг тэргээр илүүрхдэг байсан давуу тал үгүй болж сөрөг хүчин цаашид илүү амжилттай байдал бүрдэн иргэний дайн улам даамжирна.