Британийн “Barclays” банк дэлхийн даяар ажилладаг салбарууддаа цомхотгол хийж 14 мянган хүнийг халахаар шийдсэн тухайгаа мэдэгдлээ. Нийт халагдах ажилтнуудын 70 хувь нь Британи дахь салбаруудад ногдоно. Үүнээс өмнө тус банк 12 мянган ажилтнаа цомхотгох тухай ярьж байсан юм. Цомхотгол явуулах болсон гол шалтгаан нь 2015 он гэхэд үргүй зардлын хэмжээг 2,9 тэрбум ам.доллараар багасгах. Цомхотголд хөрөнгө оруулалт хариуцсан салбарууд хамгийн эхэнд хамарна. Ингэснээр 2016 он гэхэд долоон мянган хүн цомхотгоно.
Ийнхүү хэмнэсэн мөнгөөрөө Британи ба Африк дахь банкны хадгаламжийн үйлчилгээг сайжруулахаар төлөвлөжээ. Банкны Ерөнхий захирал “Бид зөвхөн өрсөлдөх давуу чадвартай салбаруудад ажиллах болно” гэж мэдэгджээ.
“Barclays” банкны хөрөнгө оруулалтын ашиг энэ оны эхний улиралд 49 хувиар унаад байсан юм. Мөн валютын арилжаа, бонд, хувьцааны арилжаанаас олдог ашиг нь 41 хувиар унаж, алдагдлын хэмжээ хоёр тэрбум ам.доллар болсон тул ийнхүү цомхотгол эхлүүлсэн байна.