Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украинаас салан тусгаарлах санал асуулга болж дууслаа


Украины зүүн нутгийн Луганск, Донецк мужуудад украинаас салан тусгаарлах талаар бүх нийтийн санал асуулга болж өндөрлөлөө. Санал асуулгын хуудсанд ганцхан “Донецк, Луганскын ардын бүгд найрамдах улс байгуулж, бие даасан тусгаар улс байгуулахыг дэмжиж байна уу” гэсэн асуулт бичсэн байна.
Бүх нийтийн санал асуулгад Донецк мужийн нийт иргэдийн 74,87, Луганск мужид бүх хүний 80 хувь нь оролцжээ.

Донецк муж

Тус мужид санал асуулга авахаар 1,5 мянга орчим санал хураах байр бэлтгэж ням гарагийн өглөөний 08,00 цагаас шөнийн 22,00 цга хүртэл ажилласан байна. Харин Украины хүчний байгууллага, Үндэсний гвардийнхан орж ирснээс болж Красноармейскт санал асуулгыг 16,00 цагт зогсооход хүрчээ. Украины хүчнийхэн орон нутгийн сонгуулийн комисс байрлаж байсан хотын зөвлөлийн байрыг бүсэлсэн байна. Гэхдээ санал асуулгад эндхийн нийт сонгогчдын 77,8 хувь болох 47 мянган хүн саналаа өгөөд амжжээ.
Донецк мужид нийт 3,2 сая саналын хуудас бэлтгэсэн юм байна. Донецкийн Сонгуулийн төв хороо бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн сонгогчдын тооноос үл хамааран санал асуулгыг хүчинтэй гэж үзнэ гэж мэдэгдэж байна.

Луганск муж

Нийтдээ 2,4 сая хүнтэй Луганск мужид сонгуулийн комисс насанд хүрсэн хүний тоогоор нийт 1,7 сая саналын хуудас тамгалж бэлтгэсэн байна. Сонгуулийн насны нийт хүний 80 орчим хувь нь санал асуулгад оролцсон болохоор тус мужийн Сонгуулийн хороо санал асуулгыг хүчинтэй гэж үзэн даваа гарагт дүн гарна гэж мэдээлжээ. Мужаа Ардын бүгд найрамдах улс гээд  өөрийгөө тус улсын  “амбан захирагч” тунхаглаад байгаа Валерий Болотов украины хүчний байгууллагынхан тус муж руу бямба гарагт цэргийн техник цуваа ирүүлж байна гэж мэдэгдэж байсан ч санал асуулгын үеэр ямар нэгэн мөргөлдөөн гараагүй байна.
Хүн амын дийлэнх нь орос үндэстэн энэ хоёр мужид Украинаас салан тусгаарлах санал асуулгад иргэд маш идэвхтэй оролцож санал хураах байруудын өмнө урт дараалал үүссэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан