Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайн эхлэхэд улаан арми хамаг дарга нараа хэлмэгдүүлчихсэн байлаа

1930-аад онд ЗХУ-д өрнөсөн хэлмэгдүүлэл улаан армийн даргалах бүрэлдхүүнийг хамгийн их дайрч, зэвсэгт хүчнийг ихээхэн сулруулаад байсан нь Эх орны дайны эхэн үеийн амжилтгүй явдлын эх сурвалж болсон гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Дайн эхлэхэд цэргийн даргалах бүрэлдхүүн, улс төрийн удирдагч нарын 75 хувь нь тухайн албан тушаалдаа дөнгөж нэг жил хүрэхгүй хугацаатай ажилласан хүмүүс байлаа. Судлаачдын тооцоогоор 1937-1938 онд гэхэд л Улаан арми, тэнгисийн цэргийн флотын  40 гаруй мянган дарга хэлмэгдсэний 9000 гаруй нь дээд тушаалын хүн байжээ.

-    1937 онд байсан таван маршалын гурав нь болох М.Н.Тухачевский, А.И.Егоров, В.К.Блюхер нарыг буудан хороосон байлаа.
-    Нэгдүгээр рангийн арми командлагч дөрвөн хүн бүгдээрээ.
-    Флот командлагч хоёр хүн хоёулаа.
-    Хоёрдугаар рангийн арми командлагч 12 хүн бүгдээрээ.
-    Корпус командлагч 67 хүний 60 нь
-    Дивиз командлагч 199 хүний 136 нь
-    Бригад командлагч 397 хүний 211 нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байжээ.
С.М.Буденный, Б.М.Шапошников, Д.Г.Павлов, С.К.Тимошенко нарыг ч ногоон малгайтнууд баривчлахад зэхэж байжээ. Дайн яг эхэлчихээд байхад ч Дотоод хэргийн ардын комиссариатын газар К.А. Мерецков,  П.В. Рычагов, Г.М. Штерн зэрэг хэдэн цэргийн дарга нарыг бөөнөөр нь баривчилж 1941 оны аравдугаар сард буудан хороож байсан юм.
Энэ аймшигт хэлмэгдүүллийн гайгаар 1941 оны зун гэхэд улаан армийн хуурай замын цэргийн даргалах бүрэлдхүүний дөнгөж 4,3 хувь нь дээд боловсролтой, 36,5 хувь нь дунд боловсролтой хүн байлаа. Гэтэл 15,9 хувь нь цэргийн боловсролгүй, үлдэх 43,3 хувь нь  түргэвчилсэн курс төгссөн, нөөцөөс татагдсан хүмүүс болчихсон байжээ.
Улаан армийн энэ хэлмэгдүүллийг ихэнх судлаачид ердөө л Сталины хувийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийсэн гэж үздэг. Цэргийн дарга нарыг ердөө л гадаадын, германы тагнуул төлөөний хүн гэж хэлмэгдүүлж байлаа. Маршал Тухачевскийг  гэхэд л эх орноосоо урвасан Троцкийтой холбоотой, төрийн эргэлт хийх гэж байсан, Сталиныг үл хүндэтгэдэг хэмээн хэлмэгдүүлсэн юм.
Уинстон Черчиль “Улаан армийн дарга нарыг германы тагнуул  элементүүдээс цэвэрлэх энэ ажиллагаа нь түүний байлдах чадварт маш хүнд хохирол учруулсан юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Германы цэргийн дарга нарын тухайд ихэнх нь цэргийн дээд боловсролтой, польш, франц, голланд, Дани, Норвеги, Чехословакт  1939-1940 онд явуулсан  байлдааны туршлагатай, зарим нь бүр дэлхийн нэгдүгээр дайны туршлагатай хүмүүс байсан бол улаан армийн дарга нарт ийм туршлага тун бага байлаа. Ийм туршлагатай хүмүүсээ бараг цөмийг нь буудчихсан байсан юм.

0 Сэтгэгдэл
gexdee daind xen yalsan be gedeg ni l chuxal. tyyx zuvxun yalagchidiig l magtan duuldag yum
manaid ch yag iim zuil bolson shuu. Halh goliin dain ehlehed nogoon malgaitnuud hamag tsergiin darga naraa buudchihsan l baisan shuu dee. 4 dugeer angi tugssen hun angiin zahiragch bolson l baisan shuu dee
Хамгийн их уншсан