Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бизнес ба улс төр

Мөнгө ба улс төрийн ашиг сонирхол дийлэнхдээ нэг чигт явж байдаг ч зөрчилдөх нь цөөнгүй. Бизнесийн салбарынхан аль болох ахиу ашиг олох гэдэг, харин улс төрийнхөн ерөнхий нөлөөллөө тогтоох гэдэг. Энэ хоёр гол төлөв нэг чиглэлээр явдаг болохоор зөрчилдөөн үүсдэггүй ч  хааяа нэг зөрчилдөх сонирхолтой дүр зураг гаргадаг. Украй­ны хэрэг явдалтай холбоо­тойгоор улс төрийн эрх баригчид ба эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг компаниудын хооронд ямар зөрчил байгааг харах нь сонирхолтой. “The Washington Post” сонин энэ тухай нийтлэл бичиж. Америкийн иргэдийн гадаад харилцааны талаарх мэдлэгийг нэмж байдаг гол сонины нэг тул сонирхож үзэхээс өөр яалтай.

Тус сонинд нийтлэлч Харольд Мейерсон нь “Хүйтэн дайны үеийг эргэн санагалзсан мэт хуучинсаг үзэлтнүүд Балтын тэнгис орчмын улсуудад цэргээ оруулах, Украйнд зэвсгээр туслах тухай  мөрөөдөн Обамагийн хулчгар занг шоолж байна. Гэтэл хөрөнгө оруулалтаас ирэх ашигт аюул учруулах тул Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэн, Засгийн газарт шахалт үзүүлсэн компаниуд Засгийн газартайгаа адил арга хэмжээ авч байгаа тухай та хайгаад ч олохгүй” гэжээ. Ингэснээр Украинд болж байгаа үйл явдлын талаарх Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн болж байгаа юм.

Наад захын жишээ татахад “Бритиш Петролиум”  гэх мэт дэлхийд хамгийн томд багтдаг өрнөдийн компаниуд Оросын “Роснефть” зэрэг төрийн мэдлийн компа­ниу­дад хувьцаа эзэмшдэг, хамтар­сан үйл ажиллагаа явуулдаг. Европын компаниуд нь дэлхийн зургааны нэгийг эзэлсэн асар том газар нутагтай Оросын холбооны улсад Москвагаас Владивосток хүртэл пүүзнээс эхлээд саятнуудад зориулсан машин хүртэлх бүх л зүйлийг зарж байгаа. Обамагийн хүсч байгаа шиг гэнэт Европ даяараа эдийн засгийн хориг арга хэмжээ авч Оростой бүх арилжаа наймаагаа зогсооно гэдэг тун ч ээдрээтэй. Хориг арга хэмжээ авлаа л бол Оросууд хариу хориг тавьснаар тухайн компанийн бүтээгдэхүүн борлогдохоо болино. Европын холбоо ба ОХУ хоорондын худалдааны гүйлгээ 346 тэрбум ам.доллар байдаг гэхээр их зүйл алдах нь ойлгомжтой.

Хамгийн их алдах нь Германы компаниуд. 2008 оны хямралын дараа эрчим­тэйгээр сэргэж байгаа Германы компаниуд Оросын газрын тос, шатдаг хийнээс хамааралтай, дээр нь “Германд үйлдвэрлэв” гэсэн тодотгол бүхий барааг сонгодог хэдэн арван сая  худалдан авагч байхгүй болно. Зөвхөн Герман гэлтгүй дэлхийн хамгийн баян гэгддэг бусад орны эдийн засаг ч Оросоос багагүй хамааралтай болохоор эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авахыг маш ихээр эсэргүүцэж байна.

Их Британийн “Бритиш Петролиум” компани гэхэд л Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авбал тус улсын эдийн засагт багагүй хохирол учирна гэдгийг Засгийн газартаа анхааруулсан мэдэгдэл явуулсан байна.
Оростой “ердөө” 24 тэрбум ам.долларын арилжаа хийдэг гээд, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авбал манайх огт хохирохгүй гэж байгаа Америкийн хувьд ч байдал таатай биш. Америктаа нэр нөлөөтэй, эдийн засгийн өсөлт, ажлын байр гэх мэт зүйлийг эерэг үзүүлэлттэй гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг том компаниуд нь Оростой нягт холбоотой. “ExxonMobil” компани гэхэд “Роснефть” компанитай хамтран хойд туйлын орчим газрын тос, шатдаг хий олборлох нүсэр том ажил эхлүүлэх гэж байна. “Боинг” корпорац гэхэд Орост жил болгон олон зуун сая, тэрбум ам.доллараар тооцогдох онгоц зардаг.  Тоочоод байвал “PepsiCo”, “Cargill”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “General Electric”, “Alcoa”, “ConocoPhillips” гээд Америкийн бүх л том компани Оросоос хамааралтай үйл ажиллагаа явуулдаг.

Товчхон хэлэхэд ашгаа голлон анхаарсан том ком­паниуд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг эсэргүүцсэн, ноёлох байр сууриа хадгалан үлдэх, цаашид өргөжүүлэхийг хүссэн Америкийн Засгийн газар нь огт өөр байр суурьтай бай­на. Үндэсний эрх ашиг ба компанийн ашгийн аль да­вуу вэ гэж маргаж байгаа хэрэг. Эхний ээлжинд хувийн бизнесийнхэнд үзүүлдэг тө­рийн хяналт, шахалт өндөр гэдгээ америкчууд харуулж эхэлсэн байна.

Энэ сард Оросын Петербург хотод бо­лох Олон улсын эдийн зас­гийн хэлэлцүүлэгт оролцохгүй байхыг Обамагийн захиргаа­наас нэг бүрчлэн утсаар ярьж тулган шаардсан байна. Уг нь ардчилсан улс тул хувийн компани ямар улсад, ямар форумд оролцохоо өөрсдөө шийддэг баймаар ч татвар, эл­дэв шалгалт, үйлдвэрчний эвлэл гээд төрийн зүгээс хувийн компаниудыг дарамт­лах, үгээрээ байлгах шалтаг Аме­рикт ч мунддаггүй бо­лолтой.

Ийнхүү Обамагийн тусла­хууд утсаар яриад дарамтлаад байгаа тул дэлхийн санхүү, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт тэргүүлдэг зарим компанийн тэргүүн Петербург руу очихоос татгалзсан тухайгаа мэдэгдэж эхлэв. Гэхдээ бизнес бол бизнес тул бүрэн татгалзсангүй бүгд шат шатандаа нэгдүгээр орлогчоо явуулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан