Лалын хэт явцуу үзэлт, алан хядагч “Боко Харам” бүлэглэлийнхэн Нигерид хулгайлсан 200 гаруй сурагч охидыг зарж эхэлсэн тухай мэдээ соёлт ертөнцийг цочролд орууллаа. Улмаар зарим улс хулгайлагдсан охидыг чөлөөлөхөд бодит тусламж үзүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Нигери дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас ийм төрлийн хэргийг шийдвэрлэхэд алан хядагчидтай хэлэлцээ хийх туршлагатай хүмүүсээс бүрдсэн тусгай баг байгуулахад бэлэн гэдгээ ч мэдэгдэв. Харин тус бүлэгт Америкийн арми, тусгай албадын хүмүүс орох аж. АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч “Өнгөрсөн долоо хоногт Америкийн Ерөнхий прокурор Нигерид хулгайлагдсан 300 орчим сурагч охид, энэ хэргийг үйлдсэн “Боко Харам” бүлэглэлийн талаар илтгэл бэлдэх тушаалыг тусгай албадад өгсөн” гэжээ.
Их Британийн Засгийн газар ч Америктай адил санал тавьсан байна. Тус улсын Гадаад харилцааны яамны тэргүүн Уильям Хейг “Хүүхдүүдийг олз болгон ашиглаж байгаа алан хядагчдын үйлдэл нь гутамшигтай бөгөөд ёс бус зүйл. Бид хулгайлагдсан хүүхдүүдийг суллахад бодит тусламж үзүүлэхэд бэлэн” гэжээ. Нигерийн Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан АНУ-ын саналыг дэмжиж байгаагаа хэлсэн.
Дөрөвдүгээр сарын 14-нд “Боко Харам” бүлэглэлийн алан хядагчид Нигерийн зүүн хойд нутагт байдаг Шибок суурин руу дайрч, жилийн эцсийн шалгалт өгөхөөр цугларсан 276 охидыг хулгайлсан хэрэг гарсан. Хулгайлагдсан охидоос 53 нь зугатаж чадсан ч, 223 нь дээрэмчдийн олзонд хэвээр байна. Алан хядагчдын толгойлогч Абубакар Шекау энэ хэрэгтэй холбогдолтой мэдэгдэл хийхдээ “Боко Харам”-ын эсрэг хүчний ажиллагаа явуулбал хулгайлсан охидуудыг боол болгон худалдана” гэж заналхийлсэн юм. Ингээд ч зогссонгүй өчигдөр өөр нэгэн тосгон руу дайрч найман охиныг сургуулиас нь хулгайлан авч явсан байна.