Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадууд хямд ажиллах хүч байхаа болив


“NIKE” үйлдвэрлэлээ Хята­даас гаргаж магадгүй гэсэн мэдээ гараад байна. Өнгөц харвал нэг баян компани үйлдвэрлэлээ Хятадаас гаргаад өөр улс руу нүүлгэхэд дэлхийн нийтийн анхаарлыг татаад байх зүйл байхгүй мэт. Спортын хувцас хэрэглэлийн дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг болох “Nike” ойрын хугацаанд үйлдвэрлэлээ Хятадаас гаргах асуудлыг судалж байгаа тухай захирал Марк Паркер мэдэгджээ. Шалтгаан нь ханган нийлүүлэгч Хятадын үйлдвэр дээр нь олон мянган хятад ажилчин урт хугацааны турш ажил хаясан. “Nike” төдийгүй “Adidas” гэх мэт дэлхийд алдартай брэндүүдийн захиалгаар гутал үйлдвэрлэдэг “Yue Yuen Industrial Holdings” гэдэг Хятад компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр зарагддаг, зах зээлийн үнэ нь 5,6 тэрбум ам.доллар хүрдэг атлаа ажлын байрны нөхцөл, нийгмийн халамжийг сайжруулахад мөнгө гаргахгүй байна гэж дургүйцсэн хятад ажилчид өнгөрсөн сарын эхнээс ажил хаялт зарласан юм.
1970-аад оны сүүлээр Хятадад зах зээлийн харилцаанд шилжих өөрчлөлт эхэлснээс хойш хамгийн олон ажилчин хамарсан ажил хаялт болсон гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Үйлдвэрлэгч компани нь ажилчдаа “морь нохой” мэт зүтгүүлээд, ажлын байрны эрүүл ахуй, нийгмийн даатгал гэх мэт зүйлсийг орхигдуулж нэг ёсондоо боолын хөдөлмөр эрхлүүлж байна гэдэг дэлхийд алдартай компанийн нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх болохоор үйлдвэрлэлээ өөр улс руу, өөр үйлдвэрт шилжүүлэх тухай яриа үүсэхэд хүргэсэн бололтой. Эхний ээлжинд Хятадын компанид хандан “Nike” компаниас тогтоож өгсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт, ажилчдад тавьдаг шаардлага нь ажлын нөхцөлийг зөрчиж байгаа эсэхийг тодруулах аж. Хятад компанийн удирдлага ажилчдынхаа тавьсан зарим шаардлагыг хүлээж авсны дараа ажилчдын 80 хувь нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажилдаа эргэн орсон байна. Тэгэхээр 20 хувь нь ажилдаа эргэж ороогүй, бүр тодруулбал тавьсан бүх шаардлагыг хэрэгжүүлэхээс нааш ажилдаа орохгүй гэж шийдсэн бололтой.

Америк, өрнөд Европын бүх л томоохон үйлдвэр 1990-ээд онд үйлдвэрлэлээ Хятад руу зөөсөн тул энэ мэт хятад ажилчдын ажил хаялт олон нийтийн анхаарлыг тата­хаас өөр аргагүй. Гол шалт­гаан нь манай урд хөршид ажлын хөлс хямд, ажилчид нь дуулгавартай, сахилга бат­­­­­тай, хий гэснийг үг дуугүй хийдэг гэнэ. Хятадын энэ давуу чадварыг өрнөдийн худалдан авагчдын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг хямд өртөгтэйгээр үйлдвэрлэн эргээд Өрнөдөд өндөр үнээр зарна гэдэг өмнөхөөсөө хэд дахин илүү ашиг олох боломж олгосон. Энэ боломжийг ч өрнөдийн компаниуд алдалгүй ашиглаад 20 гаруй жил болж байна. Ийнхүү өрнөдийн захиалгаар машин, техник, гар утас, оймс, гутал гээд бараг бүх зүйл Хятадад үйлдвэрлэдэг болсныг дагаад манай урд хөрш дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болж хувирсан. Өдгөө Хятад ган хайлуулах, цементийн үйлдвэрлэл, гар утас, зурагт угсрах гээд бүх зүйлээрээ дэлхийд тэргүүлэгч болсон. Машин гэхэд сүүлийн гурван жилийн дотор 65 саяыг үйлдвэрлэсэн байх юм. Үүнийг дагаад эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болж хувирсан. Улсын хэмжээнд энэ үнэхээр сайн ч, юм болгон хоёр талтай байдгийг мартаж болохгүй.

Өрнөдийн захиалагчдын тавьдаг хатуу шаардлага, өндөр стандартад нийцсэн их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай Хятадын үйлдвэрийн эзэд ажилчдаа өдөрт 11-12 цаг амрах завгүй шахуу ажиллуулдаг, өчүүхэн төдий алдаа гаргахад ажлаас нь хална гэж айлгадаг, хүндэтгэх нөхцөлтэйгээр ажлаас халагдсан ч нөхөн олговор гэж өгдөггүй, шагнал цалин гэж тавьдаггүй, нийг­­мийн халамжийг орхиг­дуулсан, бага цалин өгдөг тухай яриа сүүлийн хэдэн жил тасрахгүй байна. Гэтэл албан ёсны мэдээгээр Хятадын үйлдвэр, фабрикт ажиллагсдын тоо 460 саяыг давсан. Манай улс шиг хүн амтай 150 улсын иргэд  өглөө болгон хөгшид хүүхэд гэлтгүй бүгд үйлдвэр, фабрикт ажил­­­лахаар босдог гэсэн үг. Энэ олон сая хүний эрхийг олон жилийн турш тасралтгүй зөрчөөд, дээрэлхээд, бага цалин өгч, их ажиллуулаад байх боломжгүй. Тэр тусам коммунист үзэл сурталтай улсад хэрээс хэтэртэл дарлаад байвал нэг өдөр л шинэ Ле­нин эсвэл Мао гарч ирээд Октябрийн хувьсгал гарч улс орныг бүхэлд нь хамарсан үймээн самуун, иргэний дайн хүр­тэл дэгдэхийг үгүйсгэх аргагүй. Ялангуяа, интернэт гээч зүйл гарч ирсэн, хүн болгон шахуу ухаалаг гар утас барьдаг болсон нийгэмд өчүүхэн төдий оч хаяхад л ямаршуу үймээн болдгийг “Арабын хавар” нэртэй үзэгдэл харуулсан. Тэнд залуу­чууд эрх баригчид ба тэдний тойрон хүрээлэл, гар хөл нь болж байгаа хүмүүс ямар шударга бус байдал гаргаж, увайгүй авирлаж байгааг нэг нэгэндээ гар утас, интернэтээр мэдээлснээр оч нь тогтоож дийлэх аргагүй түймэр болж хувирсан. Хятадын шинэ хөрөнгөтнүүд, тэднийг хянадаг коммунистуудын цалин ба хоногт 12 цаг морь нохой шиг ажилладаг жирийн хятад ажилчны сарын хөлсний тухай мэдээ ийм оч болохыг үгүйсгэх аргагүй. Тэр тусам дээр дурдсан 460 сая ажилчны 212 сая орчим нь дотоодын цагаачид. Тусгай зөвшөөрөлгүйгээр өөр хот, мужид шилжин ажил хийдэг хүмүүс. Тэд хамгийн их дарлагдсан, ер нь ямар ч эрхгүй, хамгийн бага ца­­линтай. Эд нэг уурлавал тун ч таагүй нөхцөл үүсэх нь ойлгомжтой.  Хятад ажилч­дын бухимдал юунд хүр­­­­гэдгийг харуулсан жишээ сүүлийн хэдхэн жилийн дотор олон гарсан.

Оросын хилийн орчим байрладаг Зилинь мужид Улсын төмөрлөгийн “Jianlong Steel” үйлдвэрийг хувьчлахаар шийдэж жилийн хугацаатай шинэ хөрөнгөтнүүдэд өгч ажиллуулсны дараагаар 30 мянган ажилчин ажил хаясан юм. Шинэ хөрөнгөтнүүд ажилчдын цалинг огцом хассан, хэдэн мянгаар нь үндэслэлгүйгээр ажлаас халж байгааг эсэргүүцсэн. Анхандаа ажил хаялт бараг л тайван хэлбэрээр явж байтал шинэ удирдлагын шагнал цалингийн тухай мэдээлэл ажилчдын дунд тарсны дараа тэмцлийн өөр хувилбарт шилжсэн юм. Үйлдвэрийн шинэ удирд­­лага, өөрөөр хэлбэл топ мене­жерийн зөвхөн шагнал цалин нь гэхэд халагдсан нэг ажилчны тэтгэврээс 1000 дахин өн­дөр байгааг ажилчид мэд­сэн хэрэг. Улмаар цагдаа нар болон ажилчдын хоо­ронд мөргөлдөөн гарч, хэд хэдэн цагдаагийн ма­ши­­­­­­­­­­­­­­ныг шатаасан. Ажил хаялтыг зогсоохоор ирсэн удирд­­­лагын төлөөлөгч нө­хөр арга хэмжээгээ нэн да­руй зогсоож ажилдаа эр­гэж ороогүй тохиолдолд бүгдийг нь хална гэж загнан, дээрэнгүй авирлаж. Хариуд нь ажилчид мань эрийг ухаангүй болтол нь зодоод үйлдвэрийн захиргааны байранд түгжиж орхижээ. Үр дүнд нь жилийн хагас сая ам.долларын цалинтай топ менежер эмнэлгийн тусламж авч чадалгүй өөд болж, цагдаа нартай мөргөлдсөн хэргээр хэдэн зуун ажилчин шоронд орж, харин Хятадын эрх баригчид үйлдвэрийг хувьчлахаа зогсоож улсын мэдлийн хэвээр үлдээсэн юм.

2010 онд “Foxconn” үйлдвэрийн ажилчид, бүр тодруулбал хөдөө орон нутгаас ирсэн ямар ч эрхгүй, дээрэлхүүлдэг хэсэг нь бослого гаргаж үйлдвэрийн байрыг эзлэн авсны дараа 5000 цагдаа дайралт хийж байрыг чөлөөлж байв. Тайваньд төв нь байдаг Хятадад үндсэн үйлдвэрүүдээ байрлуулсан энэ компани нь сая гаруй ажилчинтай. Бослого гарсан үйлдвэр 75 мянган ажилчинтай, тэд “Apple”, “Dell”, “Microsoft”, “Hewlett-Packard” зэрэг дэл­­­хийд алдартай электрон брэн­­дүүдэд хэрэглэгддэг эд ан­гийг үйлдвэрлэнэ. Бослого гаргахад хүргэсэн шалтгаан нь үйлдвэрийн хамгаалалтын алба ба хөдөө орон нутгаас ирсэн ажилчид хоорондын мөр­­­гөлдөөн. Үйлдвэрийн хам­­­­­­­­­­­гаалагчид ажилчидтайгаа хэт дээрэнгүй харьцаж, ямагт зодож нүддэг төдийгүй амийг нь хөнөөх нь бараг хэвийн үзэгдэл болгоод байж. Ийм байд­лыг ажилчид удаан тэв­чиж суусангүй хэд хэдэн хам­гаалагчдыг зодож эрэмдэг бол­гон, хэргийн газар ирсэн цаг­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­даа нартай мөргөлдсөн юм.
“Apple”-ийн төхөөрөм­жүүдийн дэлгэц үйлдвэрлэдэг “Biel Crystal Manufactory Ltd” компани 60 мянга гаруй ажилчинтай. Хонконгт төвтэй, Эх газрын Хятадад үйлдвэртэй энэ компанийн удирдлага ажилчдадаа сардаа ганцхан удаа амралтын өдөр өгч, долоо хоногт долоон өдөр, хоногт 11 цагаар ажиллуулдаг. Ажиллах явцад гэмтэж бэрт­вэл нөхөн төлбөр нэхэхгүй гэсэн нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ хүчээр байгуулдаг боло­хыг тогтоосон нь дэл­хийн нийтийн анхаарлыг тат­сан. Энэ мэт аймшигтай хүнд нөхцөлийг даалгүй олон арван ажилчин амиа хорлосон билээ. Үйлд­­­вэрийн гол захиалагч “Apple” компанийн удирдлага энэ бүх аймшигтай явдал манайд хамаагүй гэсэн  нь мэдээж. Ийнхүү ажил хаялт, олныг хамарсан амиа егүүтгэсэн хэрэг гарсны дараа л компанийн удирдлага ажилчдынхаа цалинг сарын 143 ам.доллар байсныг нэмж 300 хүргэж байв.
Энэ мэт жишээ олон. Тухай бүрт Хятадын эрх баригчид дундыг баримталсан байр сууринаас асуудлыг шийдэж ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Ажилчдыг хэт дэмжээд өндөр цалин хөлс шаардаад байвал хямд ажлын хүч гэсэн гол давуу талыг нь ашиглахаар шийдсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдыг хэт дэмжээд, ажил хаялт гэх мэтийн эсэр­гүүцлийг хүч хэрэглэн да­раад байвал ард олны өмнө нэрээ алдаж, жинхэнэ хувьсгал гарах нөхцөл бүр­дэнэ. Тиймээс, ажилчдыг үймээн самуун дэгдээлгэхгүй ба­рихтай зэрэгцэн үйлдвэрийн эздийг цалин хөлс, ажлын нөхцөлийг бага ч гэсэн сайж­руулахыг шаарддаг. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь ту­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­раахгүй яваад байгаа гэсэн үг. Хэдий болтол ингэж явахыг хэ­­­лэхэд бэрх. Эдийн засгийн өсөлт буурч, эсвэл зогсонги байдалд ороход хөрөнгө оруу­лагчид дампуурахгүйн тулд ажилчдынхаа цалин хөлсийг ха­саад эхлэхээр л харагдах байх.Ямартай ч одоохондоо Хятад ажилчдын цалин бага багаар ч гэлээ нэмэгдээд бай­гаа. Ажилчдын цалин нэмэг­дэнэ гэдэг эцсийн бүтээг­дэхүүний үнэ нэмэгдэхэд хүр­гэнэ. Ингэвэл компанийн өрсөл­дөх чадвар буурч, олдог ашиг нь багасна. Тиймээс зарим гадаадын хөрөнгө оруу­лагч үйлдвэрлэлээ Хята­даас гаргаж илүү хямд ажиллах хүчинтэй улс руу зөөх тухай ярьж байгаа. Жишээлэхэд, “Samsung” компани ухаалаг утас­ныхаа үйлдвэрлэлийн ихээ­хэн хэсгийг хөрш Вьет­нам руу гаргах тухайгаа өнгөр­сөн жил мэдэгдсэн. Ингэс­нээр, “Samsung”-ийн үйлдвэрлэл улам хям­дарч, зах зээл дээр өрсөл­­­дөх чадвараа алдахгүй байх боломжтой болно. Энэ зорилгоор Вьет­­намд хоёр тэрбум ам.дол­­ларын хөрөнгө оруу­лалт хийж үйлдвэр бариад эхэлчихсэн. Шинэ үйлдвэр 2015 онд ашиг­лалтад орсноор нийт гар утасны 40 хувийг үйлдвэрлэдэг болно. Ингэхэд, Вьетнамд Хята­даас илүү хямд үйлдвэр­­­­лэнэ гэхээр вьетнам ажилчид хэдийг авдаг, ямар нөхцөлд ажилладаг юм бол доо?

0 Сэтгэгдэл
Дэлхий ертөнц дхөгжил дэвшлийнхээ хамгийн оргил үед очлоо ч гэсэн Хятад хамгийн хямд ажиллах хүч хэвээрээ л байх болно. Дээрх үйлдвэрлэлүүдийг нутгаасаа гаргах гэсэн үндэснийх нь бодлогын л илэрхийлэл шүү дээ энэ алхам нь. Одоо Хятадын эдийн засаг болон цэрэг улс төр нь жигдхэн тогтвортойгоор улам хурдацтай хөгжинө. ГЭХДЭЭ ЯГ ЭНЭ ХУРДААРАА БУТАРНА. Тэдний дотоод асуудал нь улам хурц болсоор байгаа
Хамгийн их уншсан