Дэлхий нийт хүн ам жилдээ 70 их наяд ам.долларын орлого олдог гэдэг. Хэрэв хүний амьдралд баян ядуу гэсэн ялгаа зааг байдаггүй, бүгд ижил тэгш амьдралтай байгаад энэ тоог долоон тэрбум хүнд тэнцүүхэн хуваавал нэг хүн жилд ойролцоогоор 10 мянган ам.долларын орлого олдог болж таарна. Гэвч энэ хөнгөн хуумгай тооцоолол бодит байдалтай огтхон ч нийцэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Ядаж л долоон тэрбум хүний хэдэн хувь нь хүүхэд билээ гэдгээс эхлээд ажил хийдэггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг бодолцож үзэх хэрэгтэй болно.
Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа орон орны хүмүүсийн харилцан адилгүй орлого, цалин хөлсийн дунджийг яаж мэдэх вэ. Энэ ээдрээтэй асуултад НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд хариулах гэж оролдож үзжээ. Тус байгууллага 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг жагсааж байгаад дэлхийн дунджийг бодож гаргасан байна. Энд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай том гүрнүүдээс эхлээд амьжиргааны төвшнөөрөө дэлхийд тэргүүлдэг Скандинав, Зүүн Азийн ядуу буурай орнууд гээд баянаасаа ядуу хүртэл 70 гаруй улсыг эрэмбэлсэн байна. Ийнхүү ихээс нь бага хүртэл жагсаасан мэдээлэл дундаас дэлхий нийтийн дундаж цалин хөлсийг бодоход 1480 ам.доллар гэдэг тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг хүний цалингийн дундаж жишиг бол 1500 орчим ам.доллар байх нь. Үүнийг бүтэн жилээр тооцвол 18 мянган ам.доллар болно.
Хэрэв жирийн ажилчин хүн сард 1480 ам.долларын цалин авдаг бол амьдралаа боломжийн хэмжээнд аваад явах нь мэдээж. Энэ бол сард 20 хоногоор тооцоход өдөрт 75 ам.долларын цалин авна гэсэн үг. Тэгвэл жирийн ажилчны нэг өдрийн цалин ийм өндөр байхад яагаад дэлхий даяар ядуурал буурахгүй, хүн амын 30 гаруй хувь нь хоёр ам.доллар хүрэхгүй мөнгөөр амь зогоож байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд харамсалтай нь, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд бүрэн дүүрэн тайлбар хийж чадахгүй байна. Учир нь, дэлхийн дундаж цалинг төгс төгөлдөр тооцон гаргах боломжгүй ажээ. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн харилцан адилгүй орлогыг тэр бүр тооцох аргагүй юм. Гэтэл хөгжиж буй орнуудын хувьд хүн амын дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайлбал, Зүүн Азийн орнуудын хувьд ажил хийдэг хүмүүсийн 25 хувь нь л тогтмол цалин авдаг байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд хувиараа хөдөлмөр эрхлэх явдал маш бага, ажил хийдэг нийт хүний 90 хувь нь тогтмол цалин орлоготой байдаг юм. Ийм харьцангуй нөхцөлд дэлхийн дундаж цалингийн хэмжээг үнэн зөв тогтоох аргагүй ажээ. Тиймээс дээрх тоо бол багш, эмч мэтийн жирийн л төрийн албаны ажил эрхэлдэг, сар бүр тогтмол цалин авдаг хүмүүсийн орлого бөгөөд асар өндөр цалинтай компанийн боссууд аль эсвэл хувиараа хөдөлмөр хийж, өөртөө ажил олгогч болон халамжийн мөнгөөр амьдрагчдыг хамруулаагүй гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн ажил хийдэг боловч авдаг цалин нь дэлхийн дунджийн хаана ч хүрэхгүй хүмүүсийн орлого ч энд дурдагдаагүй аж. Уг нь, өдрийн орлого нь хоёр ам.долларт хүрэхгүй амьдардаг хүмүүс дэлхийн хүн амын гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Хэрэв тэдний өчүүхэн бага цалинг энэхүү судалгаанд тооцсон бол дэлхийн дундаж арай л өөр тоо гарах байсан биз ээ. Хүн ам ихтэй, ядуу буурай Нигери мэтийн Африк, Азийн ихэнх орны статистикийг энэ тооцоололд ор тас хамруулаагүй орхисон учир дэлхийн дундаж бодит байдлаас зөрүүтэй гарчээ.
Хэдийгээр олон улсын цалингийн дундаж жишиг ийнхүү эргэлзээ төрүүлж байгаа боловч бусад улс орны цалин хөлсний хэмжээтэй өөрийн орныхыг харьцуулан харах боломжийг энэ жагсаалт олголоо. Тухайлбал, жагсаалтыг тэргүүлсэн Люксембургт дундаж цалин 4089 ам.доллар байхад хамгийн сүүлд бичигдсэн Тажикстанд 227 ам.доллар байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Люксембургт ажил хөдөлмөр эрхэлдэг хүн тажикстануудаас даруй 18 дахин өндөр цалин авдаг байна. Энэ мэтчилэн таны авдаг цалин дэлхийн жишгийн хаана нь явааг эндээс харж харьцуулж болох нь.
Монголын хувьд дундаж цалингийн хэмжээг 415 ам.доллар хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тооцсон байна. Энэ үзүүлэлтээр бол манай улс жагсаалтад багтсан 72 орны 66-д буюу сүүлчээсээ долоод оржээ. 415 ам.доллар гэдэг бол дэлхийн дундаж цалингаас 3.5 дахин бага гэсэн үг. Харин дэлхийн хамгийн өндөр цалинтай Люксембургтэй харьцуулвал ес, монголчуудын мөрөөдөл болсон Америктай харьцуулбал долоо дахин бага юм. Тэгвэл манайхны олноороо очиж ажилладаг Өмнөд Солонгост цалин хөлсний дундаж хэмжээ нь биднээс зургаа дахин өндөр байгаа бол Швед долоо, Чех дөрөв дахин өндөр байна. Харин жагсаалтад манайхтай харьцангуй ойролцоо бичигдсэн орнуудтай харьцуулвал, монголчууд Хятадын дундаж ажилчнаас 200 гаруй ам.доллараар бага, Энэтхэгийн цалин хөлс багатай ажилчнаас 100 орчим ам.доллараар илүү цалинждаг ажээ.
Улс орнуудын дундаж цалингийн хэмжээ /ам.доллараар/:
1. Люксембург - 4089
2. Норвеги- 3678
3. Австри- 3437
4. АНУ- 3263
5. Их Британи- 3065
6. Бельги- 3035
7. Швед- 3023
8. Ирланд- 2997
9. Финлянд- 2925
10. БНСУ- 2903
11. Франц- 2886
12. Канад- 2724
13. Герман- 2720
14. Сингапур- 2616
15. Австрали- 2610
16. Япон- 2605
17. Итали- 2445
18. Испани- 2352
19. Грек- 2300
20. Шинэ Зеланд- 2283
21. Өмнөд Африк-1838
22. Израиль- 1804
23. Чех- 1786
24. Турк-1731
25. Катар- 1690
26. Хонконг- 1545
27. Польш- 1536
28. Орос- 1215
29. Малайз- 961
30. Хятад- 656
31. Монгол- 415
32. Энэтхэг- 295
33. Филиппин- 279