Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Соёлын зөрчилдөөн

Английн Манчестер хотод араб гаралтай залуу эхнэрээ “Барууны нөлөөнд хэт автсан. Бие хэт чөлөөтэй авч явдаг байсан” гэдэг шалтгаар хөнөөсөн хэрэг олон нийтийг цочирдуулав.

Нөхрийнхөө гарт амь үрэгдсэн Рания Алейед 1987 онд Сирид төрсөн бөгөөд дөн­гөж 15-н настайдаа хүчээр нөхөрт гарч, илүү таатай, тайван амьдрал эрэл­хийлэхийн эрхэнд Их Британи руу цагаачлан гарчээ. Гэвч Раниягийн нөхөр Ахмед нь эхнэрээ үргэлж зоддог, элд­вээр гадуурхдаг болсон тул тэрээр нөхрийнхөө  гарт амиа алдаж магадгүй талаар төрөл садан, найз нөхөддөө ярьдаг байжээ. Нөхрийнх нь хүчирхийллийг ойр дотны хүмүүс нь зогсоож чадахгүй, зог­­соохыг хүсэхгүй байгаа гэдгийг Рания ойлгоод орон нутгийнхаа хүчирхийллийн эсрэг төвд хандаж, эрхээ хам­­гаалуулахаар өмгөөлөгч хөл­сөлсөн нь хадмуудыг нь ихэд уурлуулсан гэнэ.
Шүүх хурал дээр улсын яллагч “Хэрэгтнүүдийн гэр бүл нь хохирогчийг хуулийн да­гуу хамгаалалтад авсанд ихэд бухимдан уурласан. Тэд бэрийгээ зөвхөн өөрсдийнх нь хувийн өмч байх ёстой гээд нөхрөөсөө хэтэрхий хараат бусаар амьдарч эхэлсэн тул нэг бол нөхрийнхөө ар гэрийн шаардлагыг дагаж номхрох үгүй бол амь насаа алдах гэсэн шийдвэрийг гаргасан байна” гэжээ.

Нөхөр нь Ранияг коллежд элссэн, барууны амьдралын хэв маягийг дагах болсон, нөхрийн үгийг үл тоож эхэлсэн, шашны дагуу зөвхөн эмэгтэй хүнтэй найзлах ёстой гэдгийг үл тоон эрэгтэй найзтай болсон гээд олон “гэмт хэрэг” үйлдсэн гэж үзэн ядаж эхэлсэн байна. Прокурорын газрын нотолж байгаагаар Ранияг нөхөр нь дүүгийнхээ гэрт дуудан, хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн. Гэмт хэргийг үйлдсэний дараагаар нөхөр нь гурван хүүхдээ дагуулан дүүгийнхээ гэрээс гарч, дүү нь аллагын дараа гарцаагүй явагдах ёстой мөрдөн байцаалтыг төөрөгдүүлэхийн тулд Раниягийн хувцсыг өмсөөд, чемодан бариад гэрээсээ гарч байгаа бичлэгийг гудамжны хяналтын камерт үлдээсэн аж. Хэрэгтнүүд прокурорын энэ хувилбарыг эрс эсэргүүцэж, хэргийн эзэн нөхөр нь эхнэртээ уурлаад санаандгүй түлхтэл халтирч унаад толгойгоороо юм мөргөж амь үрэгдсэн гэж байгаа юм. Хамгийн хачирхалтай нь цагдаа нар хөөрхий Раниягийн цогцсыг одоо хүртэл олж чадаагүй тул хэрэгтний өмгөөлөгчдийн байр суурийг үгүйсгэж чадахгүй байна.

Нийгэм дэх эмэгтэй хүний эзлэх байр сууринаас үүдэлтэй зөрчлөөс болж байгаа энэ мэт гэмт хэрэг Англид төдийгүй Европ даяар цөөнгүй гардаг. Лалын шашны журмын дагуу эмэгтэй хүн, тэр тусам эхнэр хүн гэдэг 100 хувь нөхрөөсөө хамааралтай, зөвхөн нөхрийнхөө олж ирснийг зарцуулах, гэр орноо авч явах үүрэгтэй төдийгүй, буруутай гэж үзвэл нөхөр нь эхнэртээ гар хүрэхийг зөвшөөрсөн байдаг. Тиймээс лалын шашин давамгайлдаг улсын эмэгтэйчүүдийг хамгийн эрх дархгүй, дарлагдсан хүмүүс, боолоос ч дор гэдэг нь ортой. Лалын шашин давамгайлдаг өөр улсад нөхөр нь эхнэрээ ёс бус авир гаргасан гэж хардан амийг нь хөнөөсөн хэрэг улс, тив дэлхийн хэмжээний дуулиан хэзээ ч болохгүй. Харин хүнийг хүйсээр нь ялган элдвээр хавчин хяхахыг цээрлэдэг Европт бол байдал өөр. Уг нь усыг нь уувал ёсыг нь дага, сохрын газар сохроор гэсэн үг байдаг ч лалын шашинтнууд энэ дүрмийг дагах дургүй бололтой. Хаана ч очсон эмэгтэй хүнийг хүн биш гэж үзэх бичигдээгүй хуулийг тэд мөрдөх дуртай.

Европт цагаачлан гарч, тэдний сар болгон өгдөг ажилгүйдлийн тэтгэмжээр гол зогоодог нь хамаагүй. Арабууд эмэгтэйчүүдийн аминд хүрсэн иймэрхүү хэргийг гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд үйлдсэн “нэр төрийн аллага” гэж нэрлэдэг нь хачирхалтай. Гэр бүлийн нэр төр гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Жишээлэхэд, хуримын дараах анхны шөнийг охин биеэр биш байхыг хадмын талыг мэхэлсэн доромжлол гэж, гэр бүлийн нэр төрийг цэвэр авч гарахын тулд эхнэрийг шууд хөнөөх нь хэвийн үзэгдэл гэнэ. Гэрээс гарах ёсгүй эхнэр хүнийг нөхрөөс өөр эрэгтэй хүнтэй үг солих, гудамжинд нүүрээ ил гаргах, нөхрийн зөвшөөрөөгүй ном унших, кино үзэх гээд “нэр төрийн аллага” хийх шалтаг мундахгүй.

Германд амьдардаг курд үндэстэн, лалын шашинт Айхан Сүрүцүгийн хэрэг үүний тод жишээ. 20 настай Айхану нь гэр бүлийнхээ дарамт шахалтад орж, “хэтэрхий Европ” маягаар амьдарч байгаа эхнэрээ гурван удаа буудан хороосон. Бууг нь том ах нь өгч, дунд ах нь хэрэг гарах үед гэрийн гадаа зогсон цагдаа ирэхээс сэргийлсэн байх юм.
Оросын Санкт-Петербург хотод амьдардаг Азербайжаны цагаач ир­гэн охиноо мини банзал өмсөн гуяа ил гаргаж явдаг, нүүрээ буддаг гэж уурлаад 200 мянган рублиэр алуурчин хөлсөн авч охиноо хөнөөлгөөд баригдсан. Цагдаад мэдүүлэг өгөхдөө охин нь лалын шашны хууль журмыг зөрчсөн тул аргагүйн эрхэнд алуурчин хөлсөлсөн гэж тайлбарласан.

АНУ-д амьдардаг Иракийн цагаач Фалех Хасан Алмалики гэгч нь охиноо уламжлалын дагуу гэр бүл хоорондын тохиролцооны дагуу нөхөрт гарсан атлаа зөвшөөрөлгүйгээр коллежид элсэн суралцаж, тэндээ өөр залуутай танилцан гэрлэх  гэж байсан гэж уурлажээ. Ингээд тэрээр охиноо өөрөө машинаар дайрсан байх юм.
Харри Поттерын тухай дөрвөн ч кинонд Падма Патилагийн дүрд тоглож олны танил болсон жүжигчин Афшан Азадын ахыг Их Британийн шүүх зургаан сар хорих ялаар гэсгээж байв. Шалтгаан нь гэвэл охин дүүгээ лалын шашинтан бус залуутай утсаар ярьж байхыг ах нь сонсоод уурлаж “Нэг бол лалын шашинтан залуутай сууна, үгүй бол үхнэ“ гэж хэлээд аавтайгаа нийлэн зодсон. Энэ хэргийн шүүх хуралдааны үеэр эх нь охиноо биеэ үнэлэгч гэж харааж зүхсэн гэдэг.
Туркт 16 настай охиноо үе тэнгийн эрэгтэй хүүхэдтэй үерхлээ гэж гэр бүлээрээ нийлэн хөнөөсөн хэрэг ихээхэн дуулиан тарьсан. Охины өвөө, эцэг хоёр гэр бүлийн нэр төрөө “цэвэр” авч үлдэхийн тулд гэрийнхээ хашаан дотор тусгайлан ухсан хоёр метр гаруй гүн нүхэнд гар, хөлийг нь хүлээд шидэж, дээрээс нь таглан цемент цутгасныг цагдаа нар илрүүлсэн юм.

Хүн болгон яс үндэс, шашин шүтлэг, хүйснээс үл хамаараад тэгш эрхтэй гэсэн үзэл ноёрхдог Европт гарсан зарим хэргээс тоочвол энэ. Даяарчлал, соёлын харилцан нэвтрэлцэл, өөр шашин шүтлэг ба ёс үндэстэй хүнд хүлээцтэй хандах тухай яриа Европ гэлтгүй Ази, Африк, Америк гээд дэлхий даяар яригдаж байхад шашин ба яс үндсийн ялгаанаас үүдэлтэй энэ мэт хэрцгийлэл тасрахгүй байна. Лалын шашин давамгайлдаг, ядуу буурай орнуудад ялангуяа ийм хэрэг өдөр болгон гардаг. Үүнээс болоод дэлхий нийтээр лалын шашныг харгис, хэт явцуу гэсэн төөрөгдөлтэй болсоор. Өөрийн овог, омгийн уламжлалыг лалын шашны ёстой хольж хутган хэрээс хэтэрсэн хэрцгийлэл үйлдэж байгаа болохоор ийм төөрөгдөл газар авахад хамгийн их нөлөөлж байна.

Жишээлэхэд, 2008 онд Сомалид 13 настай Айша Ибрагим Духул гэгч охиныг олон мянган хүний нүдэн дээр зөвхөн толгойг нь ил гарган газар булж, тусгайлан томилсон 50 эрэгтэй хүн чулуу шидлэн харгисласан тухай мэдээ олон хүнийг хирдхийлгэж байв. Ийнхүү 10 минутын турш чулуугаар нүдсэний дараа 13 настай охиныг нүхнээс ухан гаргаж иртэл амьд байсан тул буцааж булаад ахин чулуугаар нүдсээр хөнөөжээ. Хөөрхий охины гэм гэвэл зэвсэглэсэн гурван дээрэмчинд хүчирхийлүүлсэн. Гэр бүлийнхэн нь аргагүй хүчинд автан болсон хэргийн тухай лалын шашны хэт явцуу үзэлт “Аль Шабаб” бүлэглэлийн удирдлагад дуулгатал нөгөөдүүл нь хүчирхийлэл үйлдсэн өөрийн зэвсэгт дээрэмчдийг шийтгэхийн оронд охиныг буруутнаар тодруулж шийтгэсэн.

Пакистаны Дахарки хотод нөхөргүй эмэгтэйг хоёр дахь удаагаа төрөх гэж байхад нь хамаатнууд нь овгийнхоо нэр төрийг цэвэр авч үлдэх гэсэн шалтгаанаар хороосон хэрэг бас л дэлхий нийтийн уур хилэнг төрүүлсэн.
Энэ бүхнээс үзвэл даяарчлал, соёлын ойлголцол гэх мэт зүйлс нь яриа төдий үлдэж байна. Өөр шашин, өөр яс үндэстэй, өөр арьсны өнгөтэй хүнтэй гэрлэхийг үзэн яддаг, үл тэвчдэг үзэл дэлхийн маш олон үндэстэн ястан, улс оронд хадгалагдсан хэвээр. Арабын хувьсгалын дараа цагаачдын хөлд дарагдсан Европт ийм төрлийн харгислал олноор гарах болов. Амь зогоохын эрхэнд цагаачлан ирж, ажилгүйдлийн тэтгэлэг авах гэх мэтээр нутагтаа байснаас хамаагүй илүү тансаг амьдарч байгаа хүмүүс гэв гэнэт үндэс угсааны эсвэл шашин шүтлэгийн “улаан хамгаалагч” болж хувирдаг нь харамсалтай. Өөрсдөд нь ажил өгч, өлөн зэлмүүн ядуу амьдралаас гарах, хүний ёсоор амьдрах боломж олгож байгаа Өрнөдийн соёл, шашин, уламжлал гээд бүгдийг гэнэт үзэн ядаж эхэлнэ. Тэдний тэгэж их шүтээд, дагаж мөргөөд байдаг лалын хэт явцуу үзэлтнүүдийн адилаар европчууд эхнэр, охидоо гэртээ хорьж, ажил хийхийг цээрлэдэг, гудамжаар зөвхөн гивлүүртэй явахыг зөвшөөрдөг байсан бол өдийд ийм баян байхгүй, өөрсдийнх нь адил ядуу улс орон байна гэдгийг ойлгодоггүй нь хачирхалтай. Соёлын зөрчил эндээс л эхэлнэ. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн бичигдээгүй хууль байдгийг бодоод тэвчээртэй загнаж болох ч тэгдэггүй бололтой.

0 Сэтгэгдэл
Vxэж байсан Лалынхан. Бvр уур хvрчилээ ийм мунхаг етнvvд яаж хvж дэлхийд минь бий болсон юм болоо.
Хамгийн их уншсан