Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөрт

Дэлхий дахин Америкийг дагагч ба Зөвлөлтийг дагагч гэж хоёр хуваагдан “үзэж тарж” байхад Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр “Майн нэгэн” гэдэг баярын жагсаал жил болгоны энэ өдөр болдог байв. Социалист систем нуран унасны дараагаар энэ баяр үгүй болсон гэж санагдаж болох. Гэтэл дэлхийн 142 оронд тавдугаар сарын 1-ий өдрийг Хөдөлмөрийн өдөр болгон тэмдэглэсэн хэвээр. Бүс нутаг, улсын онцлогоос хамааран энэ баярыг янз бүрээр тэмдэглэнэ. Манай хойд ба урд хөршид өнөөдөр баярын, амралтын өдөр. Нэг ёсондоо хүйтэн сэрүүн өвлийг амар мэнд давж, амжилттай хөдөлмөрлөсөн гэдгээ тэмдэглэдэг хаврын баяр. Харин Өрнөд Европын голдуу орнуудад үйлдвэрчний эвлэлүүд нь ажилчдын цалин хөлс нэмэх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахыг шаардсан олон зуун мянган хүн оролцсон жагсаал хийдэг уламжлалтай.

Түүхийн хуудсыг сөхөн үзвэл 1886 оны энэ өдөр Америкийн ажилчид  ажлын найман цагтай болгох, цалин хөлс нэмэхийг шаардан жагсахад цагдаа нар буу хэрэглэн тарааж олон хүний аминд хүрсэн байдаг. 1890 онд Парис хотноо явагдсан “II Интернационал” уулзалт хуралдаан энэхүү жагсаалыг тараахад амь үрэгдсэн америк ажилчдын дурсгалыг хүндэтгэн дэлхийн бүх ажилчдад хандан ажлын нөхцөл, цаг, цалин хөлсний давуу нөхцөл шаардан жагсахыг уриалсан нь олон улсад дэмжлэгийг олсон тул цаашид жил болгон тэмдэглэхээр болсон байдаг. Иймд уул шугамандаа энэ өдөр амарч баярлах бус харин ажилчин, сэхээтэн гээд ажил, хөдөлмөр эрхэлдэг болгон эрхтэй, түүнийг нь хамгаалах ёстой, эрхийнхөө төлөө тэмцдэг хүмүүс байдаг гэдгийг эрх баригчдад сануулах жагсах нь зүйд нийцнэ.
Тиймээс дэлхий дахинаа хөдөлмөрчид хэдий хэмжээний цалин авдаг вэ, цалингаа нэмүүлэх, ажлын илүү таатай нөхцөл шаардан жагсах, эсэргүүцэл илэрхийлэх шаардлага байна уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирнэ.

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас гаргасан мэдээнээс үзвэл 2008 оны хямралын дараагаар дэлхийн хэмжээнд цалин хөлсний хэмжээ янз бүр байна.  Хямралын дараагаар өндөр хөгжилтэй орнуудын сарын дундаж цалин бараг хоёр дахин унаад одоо л өмнө хэмжээндээ хүрэх гэж байгаа бол Латин Америк, Карибын тэнгисийн ай савын орнууд, Азид хямралыг үл тоон тогтвортой нэмэгдэж байжээ. Харин Зүүн Европ болон Төв Азид хямралын өмнө огцом өсч байснаа хямралын дараа мөн адил огцом буурсан, одоо ч хямралын өмнөх хэмжээндээ очоогүй байх юм. Өөрөөр хэлбэл зарим газар буураад буцаж өссөн, зарим газар огт буураагүй, харин зарим газар буураад тэр чигээрээ. Гэхдээ дэлхийн хэмжээнд цалин хөлс ерөнхийдөө өссөн үзүүлэлт гарсан байна. Үзүүлэлт ингэж өсөхөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн бүс нутаг нь Ази, бүр тодруулбал манай урд хөрш. 2008 оны хямралын дараагаар Хятадын эдийн засаг яах бол, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон энэ эдийн засаг уналтад орвол яах вэ гэсэн айдас их явж байсан. Гэвч манай урд хөршийн эдийн засаг унаагүй төдийгүй өссөн хэвээр л байна. Улмаар өсч байгаа эдийн засгийг дагаад ажиллах хүчний цалин хөлс нэмэгдсэн хэвээр. Хямралын дараагаар Өрнөд Европ гэхэд л хөдөлмөрчдийн цалин хөлсийг бараг хоёр дахин шахуу буулгаад одоо арай л гэж хуучин байдалд нь хүргэж байгаа бол хятад хөдөлмөрчний сарын дундаж цалин 2008 оноос хойш бараг гурав дахин нэмэгдээд байна. Тэгэхээр Хятадад ингэж цалин нэмэгдсэн тулдаа л дэлхийн хэмжээнд цалин хөлс нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Үүнээс болоод хямд ажлын хүч гэсэн Хятадын давуу тал аажмаар үгүй болж байгаа тухай ч яригдах болсон.
Гэхдээ сарын цалин гэдэг өөрөө хийсвэр ойлголт. Сарын цалингаас янз бүрийн шимтгэл, татвар суутгал цөөнгүй авдаг болохоор гар дээрээ авдаг мөнгөний хэмжээ бас өөр болж таардаг. Энэ мэтээр ямар нэг улсын сарын дундаж цалинг тооцон гаргах гэхээр татвар суутгалыг тооцох, үгүй гээд маргаан гарч улсын болон бие даасан агентлагууд янз бүрийн мэдээ гарган зөрчилдөж эхэлнэ. Дээр нь цалин хөлсний хэмжээ тив, бүс нутгаараа төдийгүй нэг улсын дотор янз бүр байдаг болохоор бодит үзүүлэлт гаргах бэрх гэдэг. Гэхдээ л судлаачид тооцож үзжээ. Дэлхийн янз бүрийн орны хөдөлмөрчид сардаа хэдий хэмжээний цалин хөлс авдгийг сонирхоцгооё.

Сарын дундаж цалин гэхээр нэг иймэрхүү дүр зураг гарч байна. Сарын цалингийн хэмжээ хэдий ойролцоо ч гэлээ бодит дүр зургийг тодорхой хэмжээгээр тусган харуулсан гэж болно. Үүнээс гадна ажлын цагийн хөлс гэсэн өөр нэг үзүүлэлт байдаг. Ингэж цагаар үнэлэх нь хувь хүнд ч арвин боломж олгодог гэж үздэг. Хүний хөдөлмөрийг сараар бус харин ажилласан цагаар үнэлэхийг илүү шударга, бодит байдал нийцсэн ч гэж ярьдаг. Ийм байрь сууринаас авч үзвэл Европын холбоонд хөдөлмөрчний нэг цагийн ажлыг дунджаар 23,1 еврогоор үнэлдэг. Дундаж гэдэг орон орны цагийн хөлсийг нэмээд гаргасан үзүүлэлт болохоор улс улсаар нь тодруулбал илүү бодит дүр зураг гарна. Ингэвэл Бельгид нэг цагийн ажлыг 39,3, Шведэд 39,1, Данид 38,6, Францд 34,2,  Болгарт 3,5, Румынд 4,2, Литвад 5,5 евро, Латвид 5,9 еврогоор тус тус үнэлдэг аж. Цагийн хөлс хамгийн өндөртэй орон нь Норвеги. Энэ улсад нэг цагийн ажлыг дунджаар 44,2 еврогоор үнэлдэг.
Нэг иймэрхүү дүр зураг гарч байна. Майн нэгэн таны хувьд амралтын, баярын өдөр эсвэл эрхээ хамгаалж жагсах өдөр үү гэдгийг өөрөө шийдэх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан