Оросыг Олон улсын хууль дүрмийг зөрчиж, Крымийн хойгийг өөрийн болгосон, Украйнд үүссэн хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авч чадахаар атлаа хөдлөхгүй байна гэж Америк тэргүүтэй өрнөдийн орнууд эдийн засаг, улс төрийн янз бүрийн хориг арга хэмжээ авч байна.
Гуравдугаар сарын 20-нд Барак Обама тушаал гаргаж санхүү, эрчим хүч, төмөрлөг, уул уурхай, инженерийн ажил, батлан хамгаалах гэсэн Оросын нэн чухал салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах эрхийг Сангийн сайддаа өгчээ. Сангийн сайд ч өөрт байгаа эрхийн дагуу хувь хүн, компаниудын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч эхэлсэн.
Жишээлэхэд, “Visa”, “MasterCard” гэсэн олон улсын төлбөрийн систем «Россия», «Собинбанк» гэх мэт томоохон банкны хэдэн мянган үйлчлүүлэгчдэд өөрийн картаар үйлчилгээ үзүүлэхээ болив. Үүнтэй зэрэгцээд эдгээр банк болон хориг арга хэмжээнд өртсөн нэртэй бизнесменүүдийн хувьцааных нь 50 хувийг эзэмшдэг бүх байгууллагын Америк дахь дансыг түр хааж, Америкийн нутагт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зогсоов.
Цаашдаа, Украйны зүүн өмнөд нутгийн босогчдыг дэмжихээ зогсоохгүй бол бүр хатуу хориг арга хэмжээ авна гэдгээ ч сануулж байна.
Үүнтэй зэрэгцээд Европын холбоог Оросын эсрэг улс төрийн төдийгүй эдийн засгийн хатуу арга хэмжээ авахыг шаардсаар. Гэвч Оросын эдийн засаг Америкаас онц хамааралгүй тул оросууд нэг их эмзэглэхгүй байна. Харин Европын холбооны хувьд Оростой эдийн засгийн нягт уялдаа холбоотой тул хориг арга хэмжээ эргээд өөрсдийнх нь эдийн засагт хүнд тусах болохоор улс төрийн хоригоор хязгаарлав.
Европын холбоо ба Орос хоорондын худалдааны эргэлт 360 тэрбум ам.доллар, харин АНУ ба Орос хоорондынх 26 тэрбум. Тиймээс эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг хамгийн шаргуу шаардаж байгаа нь АНУ, авах гэж яарахгүй байгаа нь Европ.
Саяхан Хятадын удирдлагад хандаж Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан ч амжилтад хүрээгүй. Хятадаас гадна БРИКС-ийн гишүүн Энэтхэг, Өмнөд Африк, Бразиль улс ч Оросын эсрэг эдийн засгийн болон бусад бүх төрлийн хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэн шүүмжилсэн.
Энэ мэтээр Америк болон Европын авч байгаа хориг арга хэмжээ хүнд цохилт болохгүй байгаа ч, эдийн засагт нь нөлөөлж эхэлсэн болохоор Орост таатай санагдахгүй нь мэдээж. Өт хүртэл хүрэхэд арвалздаг байхад Орос ч хариутай бол бариутай гээд тодорхой хэмжээгээр хариугаа авч эхэлсэн. Гэхдээ одоохондоо зөвхөн улс төрийн хоригоор хязгаарлагдаж байна. Америк, Канадын нэр бүхий улс төр, томоохон албан тушаалтнуудыг өөрийн нутагт хөл тавихыг хориглосон.Цаашид, Өрнөдийн орнууд эдийн засгийн илүү хатуу арга хэмжээ авч эхэлбэл арга буюу цар хүрээгээр өөр ч гэлээ адил үр нөлөөтэй хариу авч эхэлнэ гэдгээ анхааруулав.
Европын хувьд дээр дурдагдсан 360 тэрбум ам.доллар олдог том зах зээлээ алдана гэдэг тун ч таагүй. Украйны хямралаас өмнө Европын холбооны зарим улсад гахайн тахал гарсан гэдэг шалтгаанаар Орос улс хориг тавихад Европт гахайн махны их хэмжээний илүүдэл үүсч, үнэ нь эрс унан олон зуун ферм дампуурч, олон мянган хүн ажилгүй болохдоо тулаад Олон улсын худалдааны байгууллагад хандан зарга үүсгээд байна. Гэтэл Европын холбооны 28 улсаас өнгөрсөн оны зөвхөн эхний есөн сарын байдлаар Герман Орос руу 27,4 тэрбум, Итали найман тэрбум, Голланд 6,1 тэрбум, Польш 6,1 тэрбум, Франц зургаан тэрбум еврогийн бүтээгдэхүүн тус тус экспортложээ. Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авбал Орос ч хариу хориг тавьснаар энэ бүхнийхээ нэлээд хувийг алдана гэсэн үг. Хямралын дараа өндийж байгаа Европын хувьд энэ хүнд цохилт болох нь ойлгомжтой.
Америк манайх хамаарал багатай гэдгээрээ түрүү бариад Оросын эсрэг эдийн засгийн өргөн хүрээтэй хатуу арга хэмжээ авбал барих хариу нь ч Орост бий гэнэ. Жишээлэхэд, “Боинг” компани алдарт онгоцнуудынхаа дугуйнд шаардлагатай титаны 40 хувийг Оросоос авдаг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Америкийн фермерүүд Орост хориотой бордоо ашиглаж байна гээд гахай, үхэр, цацагт хяруулын мах зэргийг импортлохыг бүрэн хориглоход жилийн дараа Америкийн фермерүүд зургаан тэрбум ам.долларын хохирол амслаа гээд мөн л Дэлхийн худалдааны байгууллагад хандан зарга үүсгэж байсан.
АНУ, НАТО-ийн хүчнийг Афганистанаас өчигдөр ачаа, техникээ гаргахад өөрийн нутаг дээгүүр өнгөрөхийг хориглож магадгүй тухай яриа гарлаа. Афганистанд одоогоор зөвхөн НАТО-ийн албан 52 мянга, АНУ-ын 63 мянган албан хаагч байгаа. АНУ руу буцаан тээвэрлэхэд хэт их зардал гарна гээд одоогоор долоон тэрбум ам.долларын үнэ бүхий нийт 77 мянган тонн байлдааны техникийг устган төмрийн хаягдал болгох ёстой. Үлдсэн техникийг Афганистанаас гаргахад ахиад долоон тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй. Одоогоор америкчууд 20 мянган машин, контейнер, 24 мянган байлдааны техник гаргах үлдсэн. Товчхон хэлэхэд, Афганистанаас цэрэг, техникээ гаргана гэдэг үнэхээр нүсэр ажиллагаа болно.
Гаргах гурван чиглэл ч бий. Нэг нь онгоцоор шууд Герман руу эсвэл Персийн булан, Газрын дундад тэнгис дэх боомт руу хүргээд цаашлаад далайгаар явна. Хоёр дахь нь Пакистаны нутгаар дайруулан Карачи боомт хүргээд цаашаа далайгаар. Гурав дахь нь Узбекистан ба Казахстаны нутгаар машин эсвэл төмөр замаар зөөн Бакугийн боомт орно эсвэл цааш Оросоор дамжуулан Латвид хүргэнэ. Онгоцоор Афганистанаас шууд тээвэрлэх нь хамгийн хурдан, аюулгүй ч зардал ихтэй, хугацаа их шаардана. Хуурай замаар Пакистанаар дамжуулан зөөх нь хамгийн хялбар, зардал багатай ч хамгийн аюултай. Зам харилцаа маш муу хөгжсөн, зарим уулархаг газар зам гэхээр зүйл бараг байхгүй. Дээр нь, талибанууд замын багагүй хэсгийг хяналтдаа байлгадаг бөгөөд цэргийн хангамжийн цуваа руу тогтмол дайралт хийдэг болохоор техник, бие бүрэлдэхүүний хохирол амсах эрсдэлтэй. Тэгэхээр үнэ ба аюулгүй байдлын хамгийн зохимжтой хувилбар нь Казахстан, Узбекистанаар дамжин цааш Оросын нутгаар явах. Ээдрээ үүсэхээс өмнө энэ гурав дахь хувилбарыг идэвхтэй ашиглаж байсан юм. Гэтэл Украйны асуудлаас болж НАТО Оростой хэрэгжүүлж байсан бүх хөтөлбөр, хамтын ажиллагаагаа бүрэн зогсоосон болохоор оросууд замаа хаах магадлал өндөр. Иймд НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рассмусен Оростой хамтын ажиллагаагаа зогсоосон ч, “Афганистантай холбоотой хамтын ажиллагааны хөтөлбөрүүд үргэлжилээсэй гэж хүлээж байгаа. Газар нутгаар дамжин өнгөрөх, нисдэг тэрэг нийлүүлэх хөтөлбөр ба цаашид Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчидтайгаа чөлөөтэй харилцаатай байх сонирхолтой байна” гэж бага ч гэсэн найдлага тавьж буйгаа мэдэгдсэн байсан.
Оросууд газар нутгаараа дамжин өнгөрөх замыг хаалаа гээд америкчууд цэргээ гаргахаа зогсоохгүй нь ойлгомжтой. Хаавал цэрэг, техникийг гаргахтай холбоотой зардал их хэмжээгээр нэмэгдэх нь асуудлын гол. 2011 онд Пакистан Америкийн нисгэгчгүй онгоц пакистан цэргийн албан хаагчийг нь хороолоо гэж нутгаараа НАТО, Америкийн цэргийн хангамж дамжин өнгөрөхийг хориглож буйд тэрбум гаруй ам.доллар авсны хариуд эргээд зөвшөөрсөн юм. Энэ удаад ч их хэмжээний техникийн транзитийг зөвшөөрснөөр багагүй мөнгө авахтай зэрэгцэн, Афганистаны хил орчим нутгийг бүхэлд нь хянадаг талибантай холбоотой омгийнхонтой тохиролцон, аюулгүй өнгөрөөсний хөлс төлнө, өөрөөр хэлбэл авлигадана гээд зардал нь эрс нэмэгдэх бололтой. Оросоор дамжуулалгүй шууд Казахстан, Узбекистан, Киргизээр дамжуулан Азербайжан, Гүрж рүү зөөнө гэвэл эд Оросын шахалтаар транзит үнээ ихээхэн нэмж ч болох юм.
Энэ мэтээр хариутай бол бариутай гэдгээр Орост ч бас хариу авах цөөнгүй боломж байгаа бололтой.