Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гахайн вирус тархаад байна

Сүүлийн нэг жилийн дотор АНУ-ын гахайн фермүүдэд “PEDV” гэж нэрлэгдсэн вирусээр үүсгэгддэг өвчний тахал дэгдэж, нийт гахайн тоо толгойн 10 хувийг устгажээ. Америкийн Гахайн махны комиссын зөвлөх Стив Мейерийн мэдэгдснээр өнгөрсөн оны зургадугаар сараас хойш энэ вирус долоон сая гахайн аминд хүрчээ. Ингэснээр энэ гуравдугаар сарын байдлаар АНУ-ын гахайн тоо толгой 63 сая болж, махны үйлдвэрлэл хоёр хувиар буурна. Мөн Америкийн зах зээлд гахайн махны үнэ огцом өсч, нэг фунт буюу 0,453 грамм нь 3,83 ам.долларт хүрсэн байна.
Халдварлах чадвар өндөртэй, гүйлгэлт өвчин үүсгэгч эл вирусээс хэрхэн сэргийлэхийг мэргэжилтнүүд хараахан мэдэхгүй байгаагаас фермерүүдэд хүндхэн байдлаас гараагүй хэвээр. Анх өнгөрсөн оны тавдугаар сард Охайо мужийн нэгэн фермд бүртгэгдсэн өвчин хэдхэн сарын дотор 30 мужийг хамран тархсан. Гахайн махны үндэсний комисс вирусыг судлахад 1,7 сая ам.доллар зарцуулсан ч бодит үйлчлэлтэй вакцин, эмчлэх эм гаргаж чадаагүй л байна.
Одоогоор “Harrisvaccines Inc” компанийн бүтээсэн вакцин л бага ч гэлээ нөлөө үзүүлж байгаа. Иймд вакцины эрэлт өндөр хэвээр.  “Merck Animal Health”,  “Zoetis Inc” гэх мэт мал аж ахуйн эм үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг компаниуд их сургуулиудтай хамтран аюулт вирусын эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Энэ зуур махны үйлдвэрүүд нь америк гахайн махнаас ихээхэн хамааралтай Канадад ч вирусын халдвар бүртгэгдсэн байна.
Судлаачид вирусыг ямар замаар Америкт орж ирсэнийг одоо хүртэл тодорхойлж чадаагүй. Эхний ээлжинд энэ вирусыг Хятадын Аньхой мужид илэрсэнтэй бараг адил гэсэн дүгнэлт гаргаж. Аньхойгоос илэрсэн вирусын өвчлөл сүүлийн жилүүдэд Европ, Япон, Мексик, Өмнөд Америкт бүртгэгдэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан