Молдавын иргэдэд Шенгений гэрээний орнуудад визгүй зорчих шийдвэр өчигдрөөс хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр биометр заалт бүхий гадаад паспорттай иргэд 90 хоногийн хугацаатайгаар Европын холбооны нутагт чөлөөтэй байх боломжтой. Үүнтэй холбоотойгоор ажил хайж орж ирсэн молдав цагаачдын хөлд дарагдаж магадгүй гэсэн айдас Европын холбооны түшмэдийн санааг ихэд зовоож байна. Визгүй зорчих эрхтэй болно гэдэг Европын холбоонд очоод ажил хийж болно гэсэн үг биш гэдгийг Европын холбоо, Молдавын эрх баригчид иргэддээ удаа дараалан анхааруулсаар байна. Визгүй 90 хоног байх эрх өгнө гэдэг Европт аялж зугаалах, уралдаан тэмцээн, шинжлэх ухааны уулзалт зэрэгт оролцохоор очиж байгаа хүмүүст хөнгөлөлт үзүүлж байгаа хэрэг аж. Гэвч жирийн молдав иргэд энэ талаар огт өөр бодолтой байна. Санал асуулга явуулахад оролцсон хүмүүсийн 34 хувь нь Европт визгүй нэвтрээд тэндээ ажил хийх эрхтэй болно гэсэн бодолтой байгаа гэсэн хариу өгчээ. Гэхдээ Европын хамгийн ядуу орны нэг Молдавт өртөг өндөр Европоор аялж, зугаалан мөнгө үрэх хүн тийм олон байгаа гэдэгт итгэхэд бэрх гэдгийг цөөнгүй судлаач хэлж байна. Тэд визгүйгээр Европт очсон олон арван мянган молдавчуудын дийлэнх нь бага цалинтай ч гэлээ ажил олж тэндээ хууль бусаар “харлан” үлдэнэ гэж үзэж байгаа юм. Үр дүнд нь, визийн горим үйлчилж байхад л хэдэн зуун мянгаараа Европын холбоонд хууль бусаар ажил хийж байсан молдавчуудын тоо визийг халлаа гээд цөөрөх бус харин улам нэмэгдэнэ гэжээ. Одоогоор Молдавын сая гаруй иргэд хилийн чанадад ажиллаж амьдардаг.