Америкийн интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд үйлчлүүлэгчдийнхээ талаарх бүх мэдээллийг хилийн чанад дахь сервер дээр хадгалагдаж байсан ч АНУ-ын төрийн байгууллагуудаас зохих шаардлага авсан даруйд өгч байх ёстой боллоо. Нью-Йорк хотод болсон шүүх хуралдаан дээр холбооны шүүгч Жеймс Фрэнсис ийм шийдвэр гаргажээ. Шүүх нь Америкийн тусгай албад ба “Microsoft” компани хоорондын маргаанаас үүдэлтэй байв. Тусгай албад нь “Microsoft”-ын нэгэн үйлчлүүлэгчийн хувийн захидал харилцаанд нэвтрэхийг шаардахад тус мэдээлэл нь Ирланд дахь Дублин хотын сервер дээр хадгалагдаж байгаа тул өгөх албагүй гээд татгалзсан байж. Өөрөөр хэлбэл Америкийн хууль Ирландад үйлчлэхгүй гэж эсэргүүцжээ. Гэвч шүүгч нь Америкийн “Мэдээлэл хадгалах тухай хууль”-иар зохицуулагддаг тоон мэдээллийг нээхийг шаардсан нэхэмжлэл нь газар нутгийн хилээр хязгаарлагдахгүй үйлчилнэ гэж үзжээ. Харин “Microsoft”-ын өмгөөлөгч нар энэ шийдвэрийг тойргийн шүүхэд давж заалдахаар болов.
Хэрэв дээд шатны шүүх шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээвэл цаашид “Microsoft” гэлтгүй “Google” гэх мэт бүх л компани үйлчлүүлэгчдийнх нь хувийн нууцтай холбоотой мэдээлэл дэлхийн аль улсад хадгалагдаж байгаагаас үл хамаараад тусгай албадын нэхсэн даруйд өгч байдаг болно.