Номхон далайд байрладаг Маршаллын арлууд гэдэг жижиг улс нь цөмийн зэвсэгтэй орныг Гаага дахь Олон улсын шүүхэд өгчээ. Тус улсын Гадаад харилцааны сайд Тони де Брум “Манай ард түмэн энэ зэвсгээс болж нөхөж баршгүй, асар хохирол амссан тул бид дэлхий дээр дахин нэг ч хүн энэ зэвсгийн уршгийг мэдрэхгүй болохын төлөө тэмцэнэ гэдгээ тангараглаж байна” гэжээ. Номхон далай дахь Маршаллын олтригийн 29 шүрэн арал, таван жирийн арал дээр байрладаг 53 мянган хүн амтай энэ жижиг улсын мэдлийн эзэнгүй арлууд дээр америкчууд 1946 оноос хойш 67 удаа янз бүрийн хүчтэй цөмийн дэлбэрэлт явуулан туршиж байсан юм. Эдгээрээс хамгийн алдартай нь 1954 онд америкчуудын туршсан устөрөгчийн бөмбөгийн туршилт байв.
Бикино арал дээр хийсэн энэ дэлбэрэлтийн хүч нь Хирошима ба Нагасаки дээр хаясан бөмбөгнөөс 1000 дахин хүчтэй байсан билээ. Ийм олон тооны цөмийн туршилтын улмаас ихээхэн хэмжээний газар нутаг цацраг идэвхит бодисоор хордон экологид нь асар их хохирол учирсан юм. Иймд цөмийн зэвсгийн эсрэг тэмцэх нь зүйн хэрэг. Арлын цөөнгүй иргэд цацраг идэвхийн нөлөөгөөр хорт хавдраар өвддөг бөгөөд Америкийн Засгийн газартай шүүхдэлцэж байгаад 2007 онд тэрбум ам.долларын нөхөн төлбөр авахаар болсон юм. Гэвч төлбөр олгох ёстой санд санхүүжилт хийгээгүйн улмаас хохирогчид мөнгө аваагүй. Иймд Маршаллын арал албан ёсоор цөмийн зэвсэгтэй гэж хүлээн зөвшөөрөгдсөн есөн орныг нийтэд нь шүүхэд өгч цөмийн зэвсгээ устгахыг шаардахтай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн захиргаа, АНУ-ын цөмийн аюулгүй байдлын үндэсний захиргааг тусад нь шүүхэд өгчээ.
Одоогоор цөмийн клуб гэдэгт албан ёсоор АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгосоос гадна цөмийн зэвсэгтэй гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй Израйль гэсэн есөн улс ордог. Ирэх арван жилд эдгээр орон өөрийн зэвсгийг сайжруулахад их наяд гаруй ам.доллар зарцуулна гэж шинжээчид тооцсон байдаг.