БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Доржготовтой байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа талаар ярилцлаа.
-Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийг анх хэдэн онд батлав. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар ургамал ашигласны төлбөрийн хэрхэн тооцож байгаа вэ. Нэмэлт өөрчлөлт оруулснаарүүнийг хэрхэн өөрчилж байгаа вэ?
-Анх 1995 онд Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийг баталсан юм. Энэ хуулиар байгалийн ургамал ашигласны төлбөрийг нэг килограммд 50-1000 төгрөгөөр тооцож төлбөр авдаг байсан. Тухайбал, ургамлыг дотор нь нэн ховор, ховор, элбэг гэж гурав ангилдаг. Элбэг зүйл ургамалд 50-300 төгрөг, ховор зүйл ургамалд 150-500 төгрөг, нэн ховор ургамалд 300-1000 төгрөгийн төлбөр ногдуулдаг байсан. Гэтэл энэ хууль батлагдсанаас хойш манай улсад мөнгөний ханш хэд хэдэн удаа өөрчлөгдөө биздээ. Мөн ургамлын эрэлт хэрэгцээ ч асар их нэмэгдсэн. Тиймээс энэ шинэ хуулиар бол байгалийн ургамал ашиглагсны төлбөрийг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээнээс нь шалтгаалж хувь тооцож төлүүлэхээр тусгаад байгаа юм. Мөн тухайн ургамлын ховордлын зэрэг, үнэ ханшийн өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч төлбөрийг нь авна заасан байгаа.
-Экологи эдийн засгийн үнэлгээний яг хэдэн хувиар тооцох вэ?
-Нэн ховор ургамлыг доод тал нь 25 дээд тал нь 30 хувиар тооцно. Ховор ургамлыг 15-20, элбэг ургамалд 5-10 хувиар тооцож төлбөрийг авах юм.
-Нэн ховор ургамал хэчнээн байдаг юм бэ. Ер нь, дээрх гурван зүйл ангид багтах ургамлын тоог хэзээ гаргасан байдаг юм бэ?
-3000 гаруй ургамал байдаг гэсэн эрдэмтдийн тооцоо байдаг. Үүнээс 133 нь нэн ховор, 355 нь ховор ургамалд тооцогддог. Үлдсэн нь элбэг ургамалд багтана.
-Хуучин хуулиар ургамал ашигласны төлбөр нь орон нутгийн төсөвт ордог байж. Шинэ хуулинд хэрхэн тусгаж өгөх вэ?
-Мөн адил орон нутгийн төсөвт орно. Гэхдээ үүнд бас нэг зүйлийг нарийн тусгасан байгаа. Хуучин хуульд төлбөрийг бэлнээр төлж болно гэж тусгасан байсныг өөрчилж сум дүүргийн төсөвт шууд төлж байхаар болгосон. Өөрөөр хэлбэл, байгаль орчны байцаагч торгууль бичиж байгаа нэртэй тэр мөнгийг дундаас нь завшдаг байсан бол одоо ингэхгүй. Хэрэв байгаль орчны байцаагч тэр мөнгийг ямар нэгэн байдлаар буруу ашиглаж зөрчил гаргасан бол тухайн байцаагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж заасан. Ингэхээр ургамал ашигласны төлбөр шууд орон нутгийн төсөвт ямар нэгэн саадгүйгээр орно гэсэн үг.
-Одоо бол ургамал ашигласны төлбөрийн экологи эдийн засгийн үнэлгээний дагуу тооцно гэж байгаа. Тэгэхээр экологи эдийн засгийн үнэлгээ нь дунджаар хэд орчим төгрөг байдаг юм бэ. Хэчнээн ургамал нь экологи эдийн засгийн үнэлгээтэй байгаа вэ?
-Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь зүйл ангиасаа шалтгаалаад янз бүр байдаг. Ховор байна уу, элбэг байна уу гэдгээс нь шалтгаалаад тооцно. Одоогоор нэн ховор 50 гаруй ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг хийсэн байгаа. Хууль маань батлагдахаар үнэлгээг үргэлжлүүлээд хийх байх.
-Манай улсаас гадаадын орнууд маш их эмийн ургамал авдаг гэлцдэг. Яг хэчнээн орон эмийн ургамал авдаг юм бэ?
-Манай улсаас өнөөдрийн байдлаар Япон, Хятад, Солонгос зэрэг улсууд эмийн ургамал авч байгаа.
-Дотоодын хэчнээн үйлдвэр эмийн ургамлын зөвшөөрөл авдаг юм бэ. Тэднээс ургамал ашигласны төлбөрийг хэрхэн авдаг юм бэ?
-Ардын эмнэлгийн хүрээлэн, Монос, Тайга, Стимо цай зэрэг олон байгууллага байгалийн бүтээгдэхүүнээр эм бэлдмэл, цай үйлдвэрлэдэг болж. Тэднээс төлбөрийг одоогийн мөрдөгдөж байгаа хуучин хуулиар л тооцдог. Дээрх байгууллагууд нөөцийн судалгаагүйгээр байгалийн ургамлыг түүж ашиглаж байгаа юм. Ургамал ашиглагсны төлбөр нь маш бага байдаг. Дээрээс нь нөхөн сэргээлт хийдэггүй.