Хятадын шүүх өнгөрсөн бямба гарагт саатуулан хураагаад байсан Японы усан онгоцыг 39 сая ам.долларын нөхөн төлбөр авсны дараа эргүүлэн өгөх шийдвэр гаргасан байна. 80 гаруй жилийн өмнө болсон үйл хэргийн төлөө “Mitsui O.S.K” компанийн өмч “Baosteel Emotion” усан онгоцыг Хятадын шүүхийн шийдвэрээр хураагаад байсан юм.
1930-аад онд хожим “Mitsui O.S.K” корпорацтай нийлсэн “Daido Shipping” компани нь тухайн үеийн Хятадын нэгэн компаниас “Шун фэн”, “Син Тай Пин” гэсэн хоёр том усан онгоц түрээслэн авчээ. Удалгүй Хятад- Японы дайн дэгдэн япончууд илэрхий давамгайлж, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд “Daido Shipping” компани нь түрээслэж авсан хөлөг онгоцоо буцаан өгөхөөс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл булаагаад авчихсан хэрэг. Улмаар Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд орсон энэ хоёр усан онгоцыг америкчууд живүүлсэн аж.
2010 онд Шанхайн далайн шүүхээс гаргасан хоёр усан онгоцны оронд нөхөн төлбөр өгөх шийдвэр ийнхүү дөрвөн жилийн дараа хэрэгжив. Анх усан онгоцыг түрээслүүлсэн компанийн эзний хүү бүр 1970 онд нөхөн төлбөр шаардан Токиогийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ тухайн үед Токиогийн шүүхээс хэргийг хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд хэрэгсээгүй. Хэрэг ингээд замхарч болох байсан ч эзний ач нар нь 1980-аад онд Шанхайн шүүхэд гомдол гаргаж, 30 гаруй жилийн турш гандан бууралгүй хөөцөлдсөөр 2010 онд ялсан. Гоминданы нам ба Коммунист намын иргэний дайн, Япон Хятадын дайн, Дэлхийн хоёрдугаар дайн, Чан Кай Шийн Хятад улс, Коммунистуудаар удирдуулсан БНХАУ, Японы Эзэнт улс, дайны дараах одоогийн Япон гээд маш олон улс, түүхэн үеийг давсан байгаа биз?
Хэрэг хуучирдаггүй гэдэг эндээс харагдаж байна гэлтэй. Үүнтэй адил олон арван жил, олон улсыг дамжсан нөхөн төлбөрийн хэрэг олон.ХХ зуунд дэлхийн хэмжээний хоёр, Халх голын, Япон Хятадын, Япон Солонгосын, Америк Никарагуагийн гээд бүс нутгийн шинжтэй жижиг дайн тоо томшгүй олон гарч асар их хохирол сүйтгэл дагуулж, олон зуун сая хүний аминд хүрсэн. Тиймээс энэ олон дайнаас үүдсэн нөхөн төлбөрийн асуудал одоо ч яригдаж байна. Ялагдсан улсууд хамгийн их нөхөн төлбөр өгөх ёстой болсон нь ч ойлгомжтой. Бүр тодруулбал Япон, Герман хоёр.
Манай улс ч үүний жишээ. Бүр 1947 онд маршал X. Чойбалсан “Япон Улс, Монгол Улсад арав гаруй жилийн турш өдөөн хатгалга хийж, улмаар халдан түрэмгийлснээр тус улсад 80 гаруй сая америк долларын хохирол учруулсан болно. Энэ төлбөрийг төлж Монгол Улсыг хохиролгүй болгох ёстой” гэсэн байдаг. Халх голын дайныг л хэлсэн хэрэг. Төлбөрөө ч авсан. Гэхдээ хоёр улсын ирээдүйн найрсаг харилцааг бодож нөхөн төлбөр гэлгүй “Эдийн засгийн буцалтгүй тусламж” гэж нэрийг нь өөрчлөөд 1977 онд тухайн үеийнхээр 17 сая ам.доллар авч “Говь” комбинатыг бариулж байсан түүх байна. 38 жилийн дараа нөхөн төлбөрөө авсан хэрэг.
Герман, Австри улс нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр албадан гаргаж бөөнөөр хорих төвд авчран боолын хөдөлмөр хийлгэж байсан хуучин Зөвлөлтийн олон зуун мянган хүнд нөхөн төлбөр гэж 394 сая евро өгсөн байдаг.
Хоёрдугаар дайны үеэр нацистуудын байгуулсан үхлийн лагериудад хоригдож байгаад амьд гарсан хүмүүс Германы төмөр замын компаниас 445 сая еврогийн нөхөн төлбөрийг 2010 нэхэж байв. Тэд төмөр замын компанийг үхлийн лагерь руу хоригдлуудыг зөөж баяжсан гэж буруутгаад аймшигтай аргаар олсон мөнгөнөөсөө зохих хувийг амьд гарсан хүмүүст өгөх ёстой гэж байв.Тухайн үед төмөр замаар ачигдан үхлийн лагерьт хүргэгдсэн ч золоор амьд гарсан хүний тоо 500 мянга гэж байсан. Хариуд нь төмөр замын компани нь тэд аллага үйлдээгүй, зүгээр л төлбөртэйгээр хүн тээвэрлэх гэрээ байгуулсан төдий, биднээс бус Засгийн газраас төлбөр нэх гээд халгаагаагүй.
Нацистууд еврейчүүдийг хомроглон устгаж байсан аймшигтай түүх бий. Харгислалд өртөн амьд гарсан еврейчүүд “Германаас эд зүйлийн нөхөн төлбөр шаардах холбоо”-г 1951 онд байгуулсан. Энэ холбооноос гаргасан нэхэмжлэлийн дагуу Германы Засгийн газар одоо ч олон сая долларын нөхөн төлбөрийг амьд гарсан еврейчүүд, амиа алдсан хүмүүсийн ар гэрт өгсөөр байгаа. 2015 онд 266 сая, 2016 онд 273 сая, 2017 онд 280 сая ам.доллар төлнө. Холбоо нь 60 гаруй жилийн хугацаанд Германаас 70 гаруй тэрбум ам.доллар авч хэдэн зуун мянган хохирогчдод тараан өгсөн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацистууд дөрвөн сая гаруй еврейг хөнөөсөн гэхээр гомдол, бухимдал одоо ч байгаад гайхах зүйлгүй. Нацистуудын үйлдсэн хэргийн төлөө Герман нь 60 гаруй жилийн турш нөхөн төлбөр төлж байгаа юм.
Харамсалтай нь, ийм нөхөн төлбөрийн санд ч луйварчид хуруу дүрж, олон арван сая ам.доллар завшсан хэрэг гарсан байдаг. Дээр нэр гарсан холбооны зарим ажилтан дайны үеэр нацистуудын хэлмэгдүүлэлтэд өртөж байсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар 16 жилийн дотор 42 сая ам.доллар луйвардан авсныг Америкийн Мөрдөх товчоо илрүүлсэн нь ихээхэн дуулиан тарьж байв. 1990 оны дундуур Украйнд Германы Засгийн газраас нацизмын эзэрхийллийн үед хохиросон хүмүүст нөхөн төлбөр болгож өг гэж хоёр сая орчим евро өгснийг луйвардан авсан хоёр украйныг 2004 онд Германд баривчлан таван жил хорих ял оноож байсан удаатай.
Афганистанд алба хааж байсан түрүүч Роберт Бэйлс Кандагар хотод өнгөрсөн жил энгийн номхон 17 иргэнийг ямар ч шалтгаагүйгээр буудан хороосны дараа амь үрэгдэгсдийн ар гэрт болон шархадсан хүмүүст Америкийн Засгийн газраас нөхөн төлбөр өгч байв. Нөхөн төлбөр болгож нас барсан хүний ар гэрт 50 мянган ам.доллар, шархадсан хүмүүст 11 мянган ам.доллар өгчээ. Энд америкчууд шүүхийн шийдвэр энэ тэр гэж удаалгүйгээр үнэхээр шуурхай ажилласан нь харагддаг.
Литва улс нь Зөвлөлтийн булаан эзлэлтийн үеийн нөхөн төлбөр гэж Оросоос хоёр тэрбум орчим ам.доллар нэхэмжлэх гэж удаа дараа үзсэн ч оросууд 1940 онд Литва нь Латви, Эстони гэсэн бусад хоёр улсын адилаар өөрсдийн хүсэлтээр Зөвлөлтөд нэгдсэн, зөвлөлтийн цэргүүд энэ гурван улсыг эзлэх дайн хийгээгүй гээд асуудлыг авч хэлэлцээгүй. Америкчууд 1926 онд Колумбид 25 сая ам.долларын нөхөн төлбөр өгч байв. Хоёр далайг холбосон суваг барихын тулд Колумбын нэг муж байсан Панамд үймээн дэгдээж, тусгаар улс болгон газар нутгийнх нь нэг хэсгийг салгасны төлбөрийг өгсөн хэрэг юм.
Чечений дайны дараагаар цөөнгүй чечень хүн Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандан Оросын Засгийн газраас нөхөн төлбөр авсан. Арваад жилийн өмнө болсон дайнд хохирсон гэж тэр.
Дэлхийн хамгийн ядуу улсын нэг Гаити арлын оршин суугч 1600 хүн НҮБ-аас нөхөн төлбөр шаардаж шүүхэд хамтарсан өргөдөл гаргасан байна. НҮБ-ын буруугаас болж 2010 онд арал дээр булчин задрах тахал дэгдэн 700 мянган хүн өвдөж, 9000 гаруй хүнийг үхэлд хүргэсэн гэж үзжээ. НҮБ-ын шийдвэрээр тус арал дээр үүрэг гүйцэтгэж байсан Балбын энхийг сахиулагчид булчин задрах тахлыг тараасан гэж арлынхан үздэг. Тэд өвчний улмаас амиа алдсан иргэд ба ус цэвэршүүлэх хэрэгсэлд гаргасан зардлыг нөхөн төлөхийг шаардаж байна.
Швейцарийн банкууд баян герман хүмүүсийг орлогоо нуун татвараас зайлсхийхэд нь тусласан гэж Германы Засгийн газарт 2,8 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон. Мөн Швейцарийн банкууд дэлхийн хоёрдугаар дайны үеэр хадгаламж нээгээд дайны хөлд үрэгдэн үгүй болсон олон мянган еврейн үр удамд хадгаламжийг нь буюу 70 сая ам.доллар өгөхөөр 1997 онд тохиролцсон байдаг. Тэр олон хүний хадгаламжинд байсан хэдэн арван сая ам.долларыг данс эзэмшигч нь нэхэмжлээгүй гэдэг шалтгаанаар 50-60 турш хүү төлөөгүй, ар гэрт нь мэдэгдэлгүйгээр нууж өөрийн юм шиг зарцуулж их хэмжээний ашиг олсны төлбөр гэж өгч байгаа хэрэг.
Ингээд тоочоод байвал нөхөн төлбөр гэж улс орнууд, компаниуд, банкууд, өнгөрсөнд үйлдсэн нүглээ цайруулахын тулд өгсөн жишээ олон. Нуусан юм болгон ил болдог, хэрэг хуучирдаггүй гэдэг үнэн юм даа.
Дашрамд сонирхуулахад Украйны эрх баригчид Крымийн хойгоо алдсаны төлөө Оросоос ихээхэн хэмжээний нөхөн төлбөр шаардах тухай яриа ид өрнөж байна.