Хойд Солонгосын Ардын армийг үүсгэн байгуулсан өдрөөр Ким Чен Ун пуужинт ангид очиж буудлагын явцыг удирдсан байна. Их удирдагчийн удирдлагаар харвасан пуужин бүх байг амжилттай оносон тул Ким Чен Ун цэргийн албан хаагчдад баяр хүргээд хамт зургаа татуулсан аж. Үүнээс өмнө Ким Чен Ун нь агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин, цэргийн нисэх хүчний бэлэн байдлыг шалгах гэнэтийн сургуулилтыг удирдаж нисгэгчдийг “Тушаал авбал ямар ч үед дайсны бэхлэлтэд хайр найргүй цохилт өгөхөд бэлэн байна” гэж магтжээ.
Энэ бүх сургуулилт нь Өмнөд Солонгос ба Америкийн Цэргийн нисэх хүчний “Max Thunder” хамтарсан хээрийн сургуулилтад өгч байгаа хариу аж. Хойд Солонгосын сонинд энэхүү хээрийн сургуулилтыг нөхцөл байдлыг улам хурцатгаж Солонгосын хойгт цөмийн дайн дэгдэх аюул бий болгож байна гэж шүүмжилж байсан юм.