Өмнөд Солонгосын гоо сайхны мэс засалчид хэтэрхий чадварлагаас болоод үйлчлүүлэгчид нь санаанд оромгүй асуудалтай тулгарах болж гэнэ. Тус улсад очиж, гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийн дүр төрх хэтэрхий өөрчлөгдсөнөөс Өмнөд Солонгосоос буцаж гарахдаа хилийн шалган нэвтрүүлэх дээр бичиг баримтын зөрчилтэй гэсэн асуудалд орох болжээ. Гоо сайхны мэс засал хийлгэж буй хүмүүс ихэвчлэн хамраа өндөрлөж, эрүүгээ нарийсгах гэх мэтийн хүний дүр төрхийг огцом өөрчлөх хагалгаа хийлгэдэг учраас албан ёсны бичиг баримт дээрх зургаасаа өөр харагддаг байна. Олон хүнд ийм асуудал тулгарсан учраас одоо Солонгосын эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэдэг батламж олгодог болжээ. Хэрэв хил гарахад элдэв асуудал үүсвэл энэ батламжийг үзүүлээд л болох гэнэ.
Өмнөд Солонгос эрүүл мэндийн жуулчлалыг тэр дундаа гоо сайхны мэс заслаар гадаадын иргэдийг татах гэж хичээж байгаа учир энэ мэтчилэн үйлчлүүлэгчдийг хүндрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа аж.