Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХИЙ ХАРДАЛТ УУ, БОДИТ БАЙДАЛ УУ

Ойрхи Дорнод, Зүүн Европ, Өмнөд Америкт сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй болж буй эрх баригчид ба сөрөг хүчин хоорондын зөрчилдөөнөөс үүдсэн төрийн эргэлт, олныг хамарсан эмх замбараагүй байдалтай холбоотой янз бүрийн тайлбар, таамаглал гарсаар. Тэдний дундаас нэг сэдвийг судлаачид хамгийн ихээр сонирхох. Судлаач болгон өөр, өөрийнхөөр тайлбарлаж дүгнэлт гаргах тул хий хардалт уу эсвэл бодит байдал уу гэдгийг тодорхойлоход бэрхтэй.
Тэр нь Украйн, Гүрж, Киргиз, Югославт гарсан “Өнгөт хувьсгал”, Египет, Тунис, Йемен, Ливид төр эргүүлж, Сирид иргэний дайн дэгдээсэн “Арабын хавар”, Бразиль, Венесуэльд болж байгаа олон нийтийн жагсаал, цуглаан, Украйны ээдрээ зэргийн ард Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын явуулж буй бодлого нөлөөлсөн гэнэ.

Уг нь, энэ бүх үйл явдлыг тухайн улсын иргэд нь ард түмний эрх ашгийг бодитоор төлөөлөн илэрхийлсэн ардчилсан засаглалтай болох, хүний эрхийг хамгаалах, дарангуйллыг түлхэн унагахын төлөө явуулсан тэмцлийн үр дүн, АНУ, Өрнөдийн орнууд зөвхөн дэмжсэн төдий гэж тайлбарладаг. CNN-ээс эхлээд “Ройтер”, “ВВС”, “Франс пресс”,”Ассошейтэд Пресс” гэх мэт дэлхийд тэргүүлэх мэдээллийн өрнөдийн голдуу агентлагууд, нөлөө бүхий сонин, сэтгүүл ч яг энэ өнцгөөс үйл явдлыг харж биднийг сэнхрүүлдэг. Гэтэл үүнээс тэс өөр өнцгөөр харж бичдэг судлаачид, мэдээллийн агентлагууд бас байна. Тиймээс аль нэг талд нь илэрхий оролгүй юмыг бодитоор харуулахын тулд энэхүү тэс өөр өнцгийн талаар сонирхуулах нь зүйтэй. Ингээд эсрэг талын байр суурь, тайлбарыг сонирхуулъя.


Ашиг сонирхол бий, ардчилал хамаагүй

Дээр дурдагдсан үйл явдлыг огт өөр өнцгөөс харж тайлбарладаг мэдээллийн агентлаг, судлаачид, со­нин хэвлэл нь Орос, Хятад, Венесуэль, Иран мэт гэх шаард­лагатай гэж үзвэл Өрнө­дийг сөрж зогсдог, Өрнөдөөс өөр байр суурь, үзэл бодолтой орнуудынх. Товчхон хэлэхэд, хувьсгал гарсан Египетээс бусад бүх улсын экс эрх бариг­чид Америк тэргүүтэй өрнө­дийн эсрэг бодлого явуулдаг, өөр байр суурьтай байв.
Аливаа нэг улсад, ялангуяа хүчирхэг улс байх тусам найз нөхөд гэж байдаггүй зөвхөн ашиг сонирхол л гэж байдаг. Тиймээс дээрх бүх үйл явдал ардчилал хүний эрхийн төлөө гэхээс илүүтэйгээр тухайн улс, бүс нутаг дахь Америк, Европын холбооны эрх ашгийг хамгаалах, үйлчлэх зорилготой байсан, одоо ч байгаа гэнэ.
Нэгдүгээр зорилго нь, орчин үеийн эдийн зас­гийн гол хөдөлгөгч хүч гэгддэг газрын тос, шатдаг хийн томоохон ордуудыг хяналтдаа авах. Дараагийн зорилго нь бүс нутагт өөрийн эрх ашгийг хамгаалах холбоотонтой байхын тулд үнэнч хүмүүсийг засгийн эрхэнд гаргах. Гуравт, геополитикийн гол өрсөлдөгчид гэгддэг Орос, Хятадын нөлөөг багасгах, эдийн засгийг нь тодорхой хэмжээгээр хяналттай болгох аж. Дөрөвт, цаашид бүс нутагт өөрсдөөс нь урваж болзошгүй, нөлөө бүхий хүчирхэг том улс бий болохоос сэргийлэх.

Хатуу хүч

2003 оны Иракийн дайны гол зорилго газрын тосоор баян улсыг хяналтдаа оруулах, толгойд нь өөртөө үнэнч Засгийн газар гаргах зорилготой байсан бөгөөд зорьсондоо ч хүрсэн. Саддамыг үй олноор хөнөөх зэвсэгтэй гэдгээр халхавч хийж Иракийг өөрийн болгоод, Саддамын үед хэлмэгдэж, хядуулж байсан хүн амынх цөөнх болох лалын шашны шиит урсгалыг дагагчдыг Засгийн эрхэнд гаргав. Цаашид Иракийг Саддамын төр барьж байсан эхний жилүүдийнх шиг бүс нутагтаа нөлөөтэй, харьцангуй хүчирхэг улс болохоос сэргийлэхийн тулд курд үндэстэн амьдардаг, газрын тосоор баялаг нутгийг  таслан автономи байгууллаа. Тиймээс өнөөдөр Ирак де факто Курдистан ба шиит ба суннитудын зарлаагүй дайнтай үлдсэн хэсэг гээд гурван тусдаа хэсэг болж бутрав. Иракийн газрын тос олборлогчдын хамгийн том, найдвартай түншүүд нь Америк, Европын компаниуд болж хувирчээ.
Гэвч дайн хийнэ гэдэг асар их зардалтай нүсэр ажил. Тиймээс олон мянган хүнтэй арми хөдөлгөж их зардал гаргалгүйгээр бүр ч илүү үр дүнд хүрэх нь ашигтай гэж үзэж.

Өнгийн хувсгал

Ингээд Америкийн судлаач Жин Шарпын үндэслэсэн “Хүч хэрэглэлгүй тэмцэл явуулах” онолд тулгуурлан стратегийн ач холбогдолтой, өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалдаг хү­мүүс удирддаг байх ёстой гэж үзсэн улсдаа иргэдийнх нь гараар “Өнгийн хувьсгал” хийж, төр эргүүлэх тех­нологи ашиглаж эхэлсэн гэнэ.

Хувьсгалын технологи

Энэ технологийг хэрэг­жүүлэ­хийн тулд Ерөн­хий­лөгчийн, парламентын гэх мэт улс орныг бүхэлд нь хамарсан чухал үйл явдал шаардлагатай. Сонгууль эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс эрх баригчдыг бүх байдлаар харлуулсан, до­ромжилсон агуулгатай үнэн худлыг тодорхойлох боломж­гүй мэдээллээр олон нийтийг “бөмбөгдөнө”. Ингээд сон­гууль дөхөх тусам сөрөг хүч­ний намууд, эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүд, дэм­жигч­дийн үйл ажиллагаа эрс нэмэгдэнэ. Тэдэнд шаард­лагатай бүх төрлийн тусламж, түүний дотор санхүүгийн тусламжийг Америк тэргүүтэй өрнөдийн орнууд гаргана. Мэдээж, албан ёсоор биш, ардчиллыг дэмжигчдийн хандив байдлаар. Гэхдээ хувьсгалын гол хүч нь үзэл бодол нь бүрэлдэж амжаагүй 14-25 насны залуус, цалин хөлс нэмэхийг шаардсан үйлдвэрчний эвлэлүүд, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн.
Тэднийг үзэл суртлын хувьд бэлдэх, жагсаалын үед биеэ хэрхэн авч явах, тараах оролдлогыг хэрхэн эсэргүүцэх, “тв” гэх мэт хэрэгслүүдээр ямар мэдээлэл өгөх зэрэгт тусгайлан өрнөдөд бэлтгэгдсэн зааварлагч сургана. Ингээд сонгууль эхэллээ гэмэгц ялсан гэдгээ сөрөг хүчин мэдэгдээд,  эрх баригчид сонгуулийн дүнг өөрчилсөн тухай мэдээ цацаж дэмжигчдээ жагсаал хийхийг уриална. Дэмжигчид майхан түр оромжоо төрийн чухал яам, газруудыг тойруулан байгуулж, хонон өнжин үйл ажиллагаа явуулах боломжгүй болгоно. Улмаар эдгээр байгууламжийг дайран эзэлнэ. Эрх баригчдын зүгээс дарах оролдлого хийхэд Америк, Европын Засгийн газрууд ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхийг эрс шүүмжилнэ. Цагдаа, цэргийнхнийг ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг шаардана, дарамтална. Ингэснээр цагдаа, цэрэг нь хөдлөхгүй болохоор олон сарын турш хэвлэл, өрнөдийн орнуудын дарамтад орсон Засгийн газар огцорч, Америкийн талыг баримтлагч хүмүүс засгийн эрхэнд гарна. Гарсан даруйдаа өмнөх төрийн хийж байсан бүхнийг үгүйсгэн илэрхий Америк, Өрнөдийн талыг баримталсан бодлого явуулж эхэлнэ. Гүрж, Украйн, Киргизийн хувьсгал ийм аргаар хийгдсэн гэдэг.

Одоогийн байдал

Венесуэльд Америкийн эсэргүүцэгч Кадурогийн эсрэг энэ технологиор төрийн эргэлт хийх оролдлого ид явж байгаа гэж тус улсын удирдлага нотолж байгаа юм. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эсрэг Бразильд явж байгаа жагсаалыг мөн л Амери­кийн бодлогыг тэр бүр зөв­шөөрдөггүй, зарим талаар эсэргүүцдэг Дилма Руссефийн нэр хүндийг унагах эсвэл арай зөөлөн чихтэй болгохын тулд зохион байгуулж байна гэж Туркийн Ерөнхий сайд Эрдоган мэдэгдсэн удаатай. Туркт түүнийг эсэргүүцсэн хөдөлгөөн жил гаруйн турш тасрахгүй байгаа. Эрдоган нь Хятадын агаараас эсэргүүцэх пуужин худалдан авах, цөмийн станц байгуулах гэрээг Оростой хийх гэх мэт Америкийн эрх ашигт нийцэхгүй бодлого явуулж байна гэж Америк руу зугтан гарсан сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан, үүнээс болж эрх баригчид “Twitter” гэх мэт сайтуудыг хаах тушаал өгсөн гэдэг.

Арабын хувьсгал

“Арабын хавар” төстэй ч гэлээ арай өөр байдлаар явагдсан. Эдгээр оронд сөрөг хүчин гэхээр зүйл байгаагүй, дарангуйлагч засаглалтай байв. Тиймээс Зүүн Европ шиг сөрөг хүчнийг дэмжих боломж байсангүй. Иймд огт санаандгүй байдлаар Тунист гарсан олныг хамарсан үймээнийг ашигласан. Эхний ээлжинд сөрөг хүчин бүрдүүлэх шаардлага тулгарахад “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээг ашиглан олныг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулж эсэргүүцэгчдийг нэгтгэх замаар сөрөг хүчин байгуулав. Эрх баригчдын эсрэг гэсэн үзлээр нэгдсэн сөрөг хүчин бий болмогц Өнгөт хувьсгалын сонгодог технологи оруулан төр эргүүлсэн. Энэ технологи нь Сириэс бусад бүх улсад өөгүй ажилласан гэж болно. Ливи гэх мэт зарим улсад эсэргүүцэгчдийг дэмжихийн тулд эрх баригчдын армийг бөмбөгдөж туслажээ. Сирид босогчдод зэвсэг нийлүүлээд эхэлчихсэн.

Шинэ онол

Арабын хувьсгалын дараа америкчууд “Бүхэл Ойрхи Дорнод”, “удирдлагатай эмх замбараагүй байдал” гэсэн хоёр онолыг хэрэгжүүлж бай­на. Эхний онолоор Ойрхи Дорнодыг бүхэлд нь хянахын тулд хянахад хялбар, дангаар оршин тогтнох, бодлого явуулах чадваргүй олон тооны жи­жиг улс болгон бутаргана. Жижиг улс бүр Америкаас хамааралтай. Дээр нь, тус бүс нутгийн байгалийг баялгийг бүхэлд нь хянах боломжтой. Ингэснээр өнгөц харахад л де факто тусгаар тогтносон олон жижиг улс бий болж, хоорондоо тасралтгүй дайтан эмх замбараагүй байгаа мэт боловч бодит байдалд бүгдийг нь Америк хянаж, удирддаг. Хэрэгтэй гэвэл тэр улсад, хэрэггүй гэвэл энэ улсад нь туслах гэх мэт. Энэ онол хэрэгжиж байгаагийн тод жишээ нь Ливи. Газрын тосоор баялаг энэ улс Каддафийг үгүй болсны дараа дотроо гурав, дөрвөн жижиг хэсэг болон задарсан юм.

Хятад

Энэ мэт нарийн арга хэрэглэсний хүчинд Америк газрын тосоор хамгийн баялаг Ойрхи Дорнодыг бараг бүхэлд нь хянадаг болов. Улсаа газрын тосоор тасралтгүй хангахын тулд ингэж байна гэж бодож болох. Гэтэл занарын хувьсгал гэгч гарснаар Америк одоо газрын тос ба шатдаг хийн дэлхийн хамийн том олборлогчдын нэг болсон. Арабаас ирэх нефтиэс бараг хамааралгүй гэж болно. Ийм нөхцөлд газрын тосны зах зээлд шийдвэрлэх үүрэгтэй нутгийг эрхэндээ оруулах хэрэг юу вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь манай урд хөрш гэнэ. Хятад газрын тосны хамгийн том хэрэглэгч болж хувирсан. Өөрөө газрын тос, шатдаг хий олборлодог ч өдөр ирэх тусам өсч байгаа эдийн засагт нь хангалтгүй. Тиймээс гаднаас худалдаж авна. Оросоос авдаг газрын тос ч хангалтгүй тул дийлэнхийг Ойрхи Дорнодын Саудын Арави, Иран зэрэг улсаас худалдаж авдаг. Ийм нөхцөлд ирээдүйд Хятадтай ам мурийвал газрын тосны гол нийлүүлэгч нартай нь тохиролцож, авах боломжгүй болгоно гэдэг том давуу тал болох юм.

Иран

Гэхдээ бүрэн хяналт тог­тоох гэхэд Иран үлдээд бай­гаа. Ираныг цөмийн зэвс­гээр далимдуулан бөмбөг­дөх эсвэл интернэт ашиглан өнгийн хувьсгал хийх боломж байсан ч тэгээгүй. Эхний ээлжинд бүс нутаг дахь Ираны гол түнш Сирийг унагаад нэг ч дэмжигчгүй болгоно гэнэ. Сирийг унагахад амин чухал ач холбогдолтой болохоор Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Асадын армийг шүүмжлээд, тэнд байлдаж байгаа лалын хэт явцуу үзэлтнүүдийн алан хя­дах ажиллагааны та­лаар таг дуугүй өнгөрдөг аж. Одоо ч гэсэн Сирийн Ерөн­хийлөг­чийн сонгуулийг хүлээн зөв­шөө­­рөхгүй гэдгээ мэдэгд­сэн. Үүний дээр Ира­ны  хоёр том өмөөрөгч болох Орос, Хята­дын аяыг харна. Тэгж бай­тал цөмийн хөтөл­бөр­тэй нь холбоотой ээлжит ээд­рээ ирэ­хэд Ираны ээлж ирэх юм байх.

Орос

Орост ч саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар далимдуулан өнгийн хувьсгал, олныг хамарсан үймээн дэгдэж төр эргүүлэх гэхэд нь Путин чанга гартай гэдгээ харуулсан тул бүтэлгүйтсэн. Одоо дараагийн сонгуулийг хүлээх л үлдэж байна. Тэр болтол Оросын нутагт цацагддаг “Америкийн дуу хоолой” гэх мэт ухуулга сурталчилгааны радио станцуудын цацалтыг хүйтэн дайны үеийнхтэй адил хэмжээнд хүргэн идэвхжүүлэх, буриад, халимаг гэх мэт Оросын олон үндэстний хэлээр цацах тухай яригдаж байна. Энэ радиогоор Путиныг  эрс шүүмжилсэн, эсэргүүцэн босох, ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх утга, агуулгатай мэдээ цацагдах нь ойлгомжтой. Оросын эдийн засгийг сулруулахын тулд олон улсын хэмжээнд хийгдэж байгаа бүх л тохиролцоо, арилжааг нь хүчингүй болгох шат дараалсан арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, Калининградад оросууд цө­мийн станц барихыг экологийн аюултай гэж эрс эсэргүүцэх хөдөлгөөн бий болгосон. Гэтэл Калинин­градын ойролцоо Латви, Лит­ви, Эстони ба Польш нийлэн цөмийн станц ба­рих болоход чимээгүй дэмж­дэг. Иордани нь цөмийн станц бариулахаар Оростой гэрээ байгуулахын даваан дээр мөн л экологийн шалтгаан дур­даад Саудын Аравийн шат­даг хийгээр ажилладаг цахил­гаан станц бариулахаар болсон гэнэ.

Эцэст нь...

Ийм нэг өвөрмөц байр суурь байгааг уншигч танд хүргэлээ. Лавлаж үзээд үгүйсгэж эсвэл зөвшөөрөөд хий хардалт уу, бодит байдал уу гэдгийг шийдэх нь таны хэрэг. Гэхдээ энд нэр дурдагдсан улсад хувьсгал гарч төр эргэхэд Америк, Өрнөдийн далд явуулах шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэх нь өрөөсгөл болох биз. Тухайн улсын эдийн засаг, улс төрийн байдал тайван, иргэд нь хангалуун амьдралтай байсан бол хувьсгал гарч төр эргэхийг дотроо дэмждэг олон мянган хүн үгүй болж, хэсэг шуугиж байгаад намжих байсан биз. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Тэгэхээр их гүрнүүдийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхол ба тэмцэл, зөрчилдөөн гэдэг тун ч ээдрээтэй эд. “Сэрэлт”-ийн “Лавлаа” Даш гуай шиг хэр баргийн юманд итгэхээ байчихаад байн байн лавлаж асуугаад, эргэцүүлэн бодож явсан нь хамгийн ортой дүгнэлт гаргахад тустай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан