Дэлхийн хүн амын хөгшрөлтийн асуудал судлаачдын анхаарлыг сүүлийн үед ихээр татах боллоо. Хүн ам хөгширнө гэдэг эрч хүчтэй хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо цөөрч, өндөр настнуудад өгөх тэтгэвэр ба халамжинд зарцуулдаг мөнгө улам нэмэгдэхтэй зэрэгцэн татвараас орох орлого буурч, яваандаа бүх нийтийн амьдралын түвшин доройтоход хүргэж болзошгүй тул ингэж анхаарахаас ч аргагүй.
Одоогоор дэлхий дээр гурван секунд тутам хоёр хүн 60 нас хүрч байгаа бөгөөд сүүлийн 30 жилийн дотор тэтгэврийн насныхны тоо хоёр дахин нэмэгдсэн, 2050 он гэхэд ахин хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Одоогоор 100 ба түүнээс дээш настай хүний тоо 300 мянга гаруй байгаа бол 2050 он гэхэд 3,1 саяд хүрнэ гэжээ. Товчхон хэлэхэд дэлхий эрчимтэйгээр хөгширч байна.
65 ба түүнээс дээш настнууд хүн амынх нь долоон хувьд хүрсэн улсыг судлаачид “хөгширч эхэлсэн” улс гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолтын дагуу улс орнуудыг авч үзвэл хамгийн хөгшин хүн амтай нь Япон. Тус улсын Дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гаргасан илтгэл ч үүнийг батална.
Илтгэлд Японы хүн амын тоо нь гурван жил дараалан буурахтай зэрэгцэн 65 ба түүнээс дээш настнуудын эзлэх хувь өссөөр буйд сэтгэл зовниж байгаа тухай дурджээ. Зөвхөн өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш Японы хүн ам 0.17 хувиар буурч, 127 сая 298 мянгад хүрсэн бөгөөд эднээс 31.9 сая нь 65 ба түүнээс дээш настнууд. Хөдөлмөрийн чадвартай буюу 15-65 хүртэлх насныхны тоо 32 жилийн дотор анх удаа 80 саяд хүрч буурсан.
Хэрэв хүн амын хөгшрөлт энэ эрчээрээ явбал төрөлт бага, насжилт өндөр Японы хүн амын 40 хувь 2060 он гэхэд өндөр настан болно. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай орны хувьд энэ тун таагүй үзүүлэлт. Иймд Японы эрх баригчид хүн амыг залуужуулах бодлого явуулж эхэлсэн гэнэ. Ерөнхий сайд Шинзо Абэ нь хүн амын хөдөлмөр эрхлэх сэдлийг эрчимжүүлэх зорилгоор худалдааны татварыг найман хувь хүртэл өсгөхтэй зэрэгцэн гадаадаас залуу ажиллах хүч оруулж ирэх арга зам хайж буй аж. Японы Засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Йошихидэ Сүга “Төрөлт багасч, хөгшрөлт нэмэгдэж буй харьцаа ноцтой болохтой зэрэгцэн хүн ам цөөрөлтийн нөлөөлөл илүүтэй мэдрэгдэж байна” гэсэн нь энэ улсын хувьд байдал ямар их түгшүүртэй болсныг харуулж байна.
Манай хоёр хөрш ч энэ асуудалтай тулгарч эхэлжээ. Эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын дотроос хамгийн хурдан хөгширч байгаа нь Хятад гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байх юм. 65 ба түүнээс дээш настнуудын эзлэх хувь хүн амынх нь долоон хувьд хүрсэн орнуудын дийлэнх нь нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларыг давсан хойноо “хөгширсөн”. 30 хувь нь ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ 5000 ам.доллар болсон хойноо “хөгширсөн”. Харин манай урд хөрш нэг хүнд ноогдох ДНБ–ий хэмжээ нь 1000 ам.доллар хүрээгүй байхад долоон хувийн босгыг давсан болохоор баяжихаасаа өмнө хөгширсөн орон болсон байна. Энэ мэт үргэлжилбэл 2050 он гэхэд Хятадын хүн амд 65 ба түүнээс дээш настны эзлэх хувь 25 болж, 480 саяд хүрнэ. Харьцуулахад, одоогийн Хятадын хөдөлмөрийн чадвартай хүний тоо 980 сая. Энэ олон сая хүний ачаар л Хятад сүүлийн 30 жилийн дотор эдийн засгаа асар хурдацтайгаар хөгжүүлж, өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Хятадын нийгмийн шинжлэх ухааны акедемийн эрдэмтдийн гаргасан дүгнэлтээр 2015 оноос эхлэн Хятадын хөдөлмөрийн чадвартай иргэдийн тоо жил болгон 1.5 хувиар буурна. Ажлын чадвартай хүний тоо буурахыг даган ажиллах хүчний эрэлт өсч, цалин хөлс нэмэгдэхэд хүргэснээр хямд үнэ гэсэн давуу тал үгүй болно. Ийм ч болохоор Хятадын эрх баригчид асуудлыг шийдвэрлэхээр эхний арга хэмжээг аваад эхэлсэн. “Нэг гэр бүл- нэг хүүхэд” гэсэн бодлогоос татгалзсан нь бодит арга хэмжээ авч эхэлсний эхний шинж гэж болох.
Хойд хөршийн хувьд хүн амын хөгшрөлт бүр ч ноцтой болж хувирсан. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2050 гэх Оросын хүн амын эдийн засгийн идэвхтэй хэсэг буюу 20-60 насныхны эзлэх хувь тавин хувиас хэтрэхгүй болно.Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насны нэг хүнд хөдөлмөрийн чадвартай нэг хүн ногдоно гэсэн үг. Одоогоор Оросын найман хүн тутмын нэг нь 65 ба түүнээс дээш насанд хүрсэн байгаа. 2030 он гэхэд Оросын хүн амын 28 хувь нь 65–аас дээш настан болно. Энэ бүхнээс үүдээд зарим судлаач энэ зууны сүүлч гэхэд Оросыг устаж үгүй болно гэсэн таамаг хүртэл дэвшүүлсэн. Байдал нэгэнт ийм ноцтой болсон тул Оросын эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэх “Эхийн хөрөнгө” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн дагуу хоёр ба түүнээс олон хүүхэд гаргах тоолонд 400 мянга гаруй рублийн тэтгэлэг өгдөг. Мөн Зөвлөлт задран унасны дараа өөр улсын иргэд болж үлдсэн орос үндэстэн, оросоор ярьдаг иргэдийг Орос руу татах, Оросын иргэн болох хөтөлбөр ч хэрэгжсэн. Саяхнаас тэтгэврийн насыг нэмэгдүүлэх замаар тэтгэврээс төсөвт ирж байгаа дарамтыг багасгах тухай ярьж эхэлсэн.
Энэ мэтээр дэлхийн олон орны хувьд хүн амын хөгшрөлтийн асуудал жил ирэх тусам нь ноцтой болж буйг янз бүрийн судалгаа харуулж байна. Жишээлэхэд, Өмнөд Солонгост төрөлтийн түвшин бага байгаагаас ойрын ирээдүйд дэлхийн “хамгийн хөгшин” улсын нэг болж магадгүй гэдгийг судлаачид анхааруулах болсон.
Өрнөд Европ бүхэлдээ хөгшрөлттэй тулгараад эхэлсэн. Одоогоор Европт тэтгэврийн насны нэг хүнд дунджаар хөдөлмөрийн чадвартай дөрвөн хүн ногдож байгаа бол 2050 он гэхэд 1:2 болно. Цаашид энэ байдлаар үргэлжилбэл 2050 он гэхэд Европ тивийн хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо 40 саяар цөөрнө. Өөрөөр хэлбэл, илүү эрчимтэй хөгжиж байгаа бусад “залуу” эдийн засагтай энэ тэнцүү өрсөлдөх чадвараа алдаж, гүн хямралд орно.
АНУ-ын хүн амын 19 хувь нь 60 ба түүнээс дээш настай. Эдгээр хүний тэтгэлэг, халамж зэрэгт ДНБ-ийхээ 10 хувийг зарцуулдаг. 2050 он гэхэд тэтгэврийн хүмүүсийн эзлэх хувь 27 болж нэмэгдэхэд ДНБ-д ирэх дарамт улам л нэмэгдэнэ гэсэн таагүй тооцоо бий.
Товчхон хэлэхэд, хүн амын хөгшрөлтийн асуудал нь алан хядлага, цөмийн зэвсэг, дэлхийн дулаарал зэргээс дутахааргүй таагүй үр дагаварт хүргэж болзошгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс хүн ам зүйн шинэ нөхцөл байдалд эдийн засгийг үр ашигтай байлгахад шаардлагатай урт хугацааны бодлого боловсруулан хэрэгжүүлж эхлэх шаардлагатай болжээ.
Юуны өмнө ахмад настнуудын олон арван жилийн турш хуримтлуулсан мэргэжил, амьдралын туршлагыг илүү идэвхтэй ашигладаг болох шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцлоод буй. Үүний тулд зөвхөн залуучуудад чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийг халж, ахмад настнуудад адил нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах, тэтгэврийн хүмүүсийн идэвхтэй ажил хайх, хийх нөхцөл бүрдүүлж, дэмжих шаардлагатай гэнэ.