Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украйн цэргийн бонд гаргана

Сүүлийн өдрүүдэд Украйнд байдал улам хурцдаад байна. Зүүн нутгуудын салан тусгаарлах хөдөлгөөнийг дарахын тулд цэргийн хүч хэрэглэж эхэлсэн нь үүний жишээ. Эхний мөргөлдөөн болж, Краматорск хотын нисэх буудлыг салан тусгаарлагчдаас чөлөөлөх явцад хоёр хүн амь үрэгдсэн тухай мэдээ ирж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээнээс үзвэл Краматорск хотын зүг Украйны армийн 20 гаруй “БТР” –ийн цуваа явж байгаа тухай “ВВС” мэдээлэв.
Төв Засгийн газраа эсэргүүцэхтэй зэрэгцэн, салан тусгаарлах эсвэл бүх нийтийн санал асуулга явуулах замаар Украйныг холбооны улс болгохыг шаардаж байгаа зүүн мужуудын оршин суугчдын хөдөлгөөнийг армийн хүчээр дарах арга хэмжээний талаар янз бүрийн тайлбар хийж байна.

Оросын тал Украйны Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Турчинов эсэргүүцлийн хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарах тушаал өгснөөр өөрийн ард түмэнд дайн зарлаж, иргэний дайн эхлүүллээ гэж буруутгав. Харин Европын холбоо Ук­райн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд цэргийн хүч хэрэглэж байгааг зөвтгөв.

Гэхдээ Европын холбоо, Орос гэх мэт “үлэмж биет­нүүд” Украйны одоогийн эрх баригчдын үйлдлийг дэмжиж эсвэл эсэргүүцэж байгаа нь гол биш.
Цөөхөн хэдэн хоног ч гэлээ байлдааны ажиллагаа явуулна гэдэг асар их зардал шаардсан зүйл гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Өөрсдийнх нь сайдуудаас эхлээд өөр улсын төрийн тэргүүн хүртэл Украйныг бодит байдал дээр буюу де факто дампуурсан, төлбөрийн ямар ч чадваргүй гээд, өөрсдөө ч Олон улсын валютын сан, Европын холбооноос мөнгө зээлээч гэж гуйж байгаа. Зээлийн асуудлыг өнгөрсөн мягмар гарагт шийдсэн. Үнэхээр хэдэн арван танк, хуягт, нисэх онгоц, нисдэг тэргийг хөдөлгөхөд хэрэгтэй шатахууныг ямар мөнгөөр авах вэ? Тэр бүхэнд суух цэргийн албан хаагчдын хоол, цалин хөлсийг яаж төлөх вэ гээд нүсэр том асуудал гарч ирээд буй нь тодорхой. Арваад хоногийн өмнө Барак Обамагийн тушаалаар Украйнд АНУ-ын армийн цэргийн албан хаагчдад хээрийн нөхцөлд олгодог 300 мянган багц хоолыг буцалтгүй тусламж болгож илгээсэн. Нэг багц хоолыг “eBay” интернэт дуудлага худалдаагаар 100 ам.доллараар зарж байсан гэхээр туслам­жийн хэмжээг мөнгөнд хөрвүү­лэхэд багагүй мөнгө гарна. Гэтэл Украйны арми нийт 168 мянган албан хаагчтай гэж бодвол энэ их хоол ердөө хоёр хоног л хүрэлцэнэ.

Хоолноос гадна цалин мөнгө гэж бий. Өнгөрсөн жи­лээс эхлэн хугацаат цэр­гийн албан хаагчдыг татахаа больсон гэхээр Украйны арми мэргэжлийн цэргийн албан хаагчдаас бүрдсэн болж таарна. Тэднийг хоногийн хоол, унтах газар гэх мэтийн зүйлсээр хуурах боломжгүй. Хамгийн багаар бодож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав зургаа нугалсан хөлс төлөх шаардлагатай. Гэтэл санхүүгийн хувьд тун ч хүнд байгаа юм. Иймд нэгэн зэрэг 168 мянган хүнтэй армийг хөдөлгөсөн Украйн энэ их мөнгийг хаанаас авах вэ гэсэн асуулт гарах нь зүй. Зөвхөн танк гэхэд Украйнд 2000 гаруй, хуягт 3000 орчим, нисдэг тэрэг 80 гаруй, байлдааны онгоц 200 гаруй бий. Нэг танкны шатахуун зарцуулалт 100 км тутамд 170-450 литр, нисдэг тэрэг цагт дунджаар 500 литрийг зарцуулна гээд бодвол асар их зардал.
Украйны шинэ Засгийн газар энэ асуудалд их уран бүтээлчээр хандсан гэж болно. Юуны өмнө Америкаас тусламжаар ирсэн багц хуурай хоолыг интернэтээр зарах замаар санхүүжилт олох болов. Дараа нь, “Цэргийн бонд” гэгч зүйлийг гаргах болжээ.

Цэргийн бонд гэдэг нь Засгийн газраас цэрэг, дайны ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байгаа үнэт цаас. Ийм үнэт цаасыг худалдан авах уриа нь иргэдийн дунд эх оронч үзэл дээд цэгтээ тулахыг давхцуулан гаргадаг. Эх оронч үзэлтэй хүн тухайн бондыг худалдан авснаар өөрийгөө улсынхаа цэрэг дайны ажиллагаанд оролцож байгааг ойлгоно, нөгөө талаас Засгийн газар нь байлдааны ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийг хуримтлуулдаг.
“Интерфакс” агентлагийн бичиж байгаагаар Украйны Сангийн яам хоёр жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэй, нийт 1,1 тэрбум гривенийн бонд гаргах бэлтгэл хийжээ. Нэг бондын нэрлэсэн үнэ нь мянган гривен болох бөгөөд хүүг зургаан сар тутам төлнө. Улмаар иргэддээ хандан улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд цэргийн бондыг идэвхтэй худалдан авахыг уриалсан байна. Засгийн газар өөрийн гаргасан бондыг төлбөрийн чадвартай гэдгийг батлахын тулд эргүүлэн худалдан авах боломжтой ч дээд тал нь нэрлэсэн үнээр авна.

Эх оронч үзэлтэй хүмүүс ийм бондыг худалдан авахаас татгалзахгүй нь ойлгомжтой. Гэвч иргэдийн эх оронч сэтгэлгээнд хандан уриалах нэг хэрэг, ийм замаар иргэдээсээ авсан мөнгийг буцааж өгөх бүр өөр хэрэг. Яг үүнтэй холбоотой олон эргэлзээ гарч ирж байгааг шинжээчид дурджээ.
Тухайлбал, Украйн Олон улсын валютын сан, Европын холбооноос гурван тэрбум гаруй ам.долларын зээл авах ч Оросоос авсан шатдаг хийн төлбөрт хоёр тэрбум ам.доллар төлөх өртэй. Дээр нь, Украйнд үйлдвэрлэсэн амттан, сүүн бүтээгдэхүүн, бяслагийг эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр Орос нутаг руугаа оруулахыг хориглосон. Мөн  Дундад Азийг чиглэсэн Украйны сахарын транзитийг бүрэн зогсоосон, шатдаг хийгээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг байснаа зогсоосон тул одоо украйнчууд хоёр дахин өндөр үнээр худалдан авахаас өөр аргагүй болсон. Энэ бүхэн Украйны эдийн засаг, санхүүд асар хүнд цохилт өгч байгаа нь мэдээж.
Гэтэл ийм байдалтай байгаа Украйн иргэдийнхээ дунд цэргийн бонд зарлаа ч зургаан сар тутам долоон хувийн хүү төлж чадах уу, хоёр жилийн дараа 1,1 тэрбум гривенийн бондоо бүгдийг буцаан худалдан авч чадах уу гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг.

Дийлэнх шинжээчийн үзэж байгаагаар Украйн өрнөдөөс авсан мөнгөнийхөө дийлэнхийг Орост шатдаг хийн өрөө дарахад чиглүүлэх болохоор армиа мөнгөгүй үлдээх үү бондын хүүг төлөх үү гэсэн сонголттой тулгарна. Ийм үед мэдээж армиа мөнгөтэй үлдээх хувилбарыг сонгож таарах биз. Тэгэхээр цэргийн бонд авсан хүмүүс хүү авах нь бүү хэл хоёр жилийн дараа зарцуулсан мөнгөө буцаан авч чадахгүйд хүрнэ. Гэхдээ бонд гаргасан анхны нөхцөлд заасанчлан нэрлэсэн үнээс хавьгүй багаар буцаан Засгийн газартаа зарах хувилбар үлдэх юм.
Газар нутгийнх нь үлэмжхэн хэсгийн иргэд Засгийн газраа эсэргүүцэж байгаа үед бондыг хэдэн хүн худалдаж авах вэ гэдэг л ойрын хугацаанд хамгийн сонирхолтой асуудал болж байгаа юм. Тэгээд ч Украйны гривений ханш сүүлийн хэдхэн сарын дотор огцом унаж дээд амжилт тогтоосон гэж байгаа. Тэгэхээр ханшны уналт энэ мэтээр цаашид үргэлжилбэл 1,1 тэрбум гривен гэдэг цаас болж хувирахыг ч үгүйсгэхгүй.

Хэрэв бонд гаргахын оронд хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн мөнгийг бүгдийг нь Батлан хамгаалах салбар­таа зориулж эхэлбэл тэтгэвэр, тэтгэмж, Оросоос бусад орон­той хийсэн гэрээ, өмнө нь тавьсан өрийн хүүг төлөх гээд олон арван асуудал нэг зэрэг хямрах болохоор байд­лыг тун ч ээдрээтэй гэж хэлж болно.Түүхэндээ анх удаа бонд гаргасан манай удирдлагууд Украйныг бонд гаргаад энэ бүх хямралыг хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглахад илүүдэхгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан