Дийлэнх хүн даваа гарагийг хамгийн хүнд өдөр гэдэг. Амралт дуусаад ажлын эхний өдөр болохоор тэр гэнэ. Гэтэл үнэн хэрэг дээр долоо хоногийн хамгийн хүнд өдөр нь мягмар гараг. Амарсан өдрийн эрч хүч даваа гарагт байдаг бол мягмарт хүссэн хүсээгүй ахиад хэд хоног зүтгэхээс өөр аргагүй боллоо гэдэгтэй эвлэрч их бага хэмжээгээр сэтгэл гутралд ордог. Дэлхийн улс төр ба эдийн засаг ч үүнтэй яг адил. Даваа гарагт дөнгөж сэрээд мэдээлэл авч эхэлсэн хүмүүс мягмар гарагт байдал ямар хэцүү байгааг ухамсарлаж эхэлдэг.
Өнөөдөр яг ийм өдөр. Дэлхий дахинаа ямар их ээдрээ, бухимдал, уур хилэн байна вэ гэдгийг ухамсарлаж, цаашдаа сайжрах уу эсвэл улам муудах уу гэж хүлээх л үлдлээ.
Жишээлэхэд, Венесуэльд үүсээд байгаа байдал цаашид хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг нь үндсэндээ энэ долоо хоногт тодорхой болж магадгүй. Ямартай ч, Венесуэль маягийн “Майдан” төрийн эргэлтээр дууссангүй. Мадуро сөрөг хүчинтэйгээ хэлэлцээр хийхээр болж талуудын гол хэлэлцээрүүд өнөөдөр болж байна. Зөвшилцөлд хүрч чадах эсэхээс цаашид Украйнтай адил байдал үүсэх үү, үгүй юу гэдэг шалтгаална. Эхний ээлжинд эсэргүүцлийн жагсаал, цуглааныг тараахад оролцож байсан Венесуэлийн Армийн командлагч хүч хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Мөн хүч хэтрүүлсэн этгээдүүдийг мөрдөн байцааж байгаа гэдгээ мэдэгдсэн нь эрх баригчдын зүгээс бага зэрэг буулт хийсэн хэрэг юм. Үүний дараа сөрөг хүчин тэрхүү хүмүүстээ хатуу хариуцлага тооцохгүй, цаашлаад хэлэлцээр хийж чадахгүй гэвэл улам ээдрээтэй болно.
Өрнөд Европт ч эсэргүүцлийн жагсаал, цуглаан тасрахгүй байна. Энэ долоо хоногт Испани, Итали, Грек, Францын алинд нь эсэргүүцлийн жагсаал дэгдэж, жагсаалыг дагаж дарвисан залуус цагдаа нартай хэрхэн муудалцаад, хэдэн хүн шархадаж хэдэн хүн баривчлагдах бол гэж мэдээ чагнахаас цаашгүй.
Энэ бүхнээс болоод хүмүүс тэр бүр анзаарахгүй байгаа аймшигт зүйл нь Нигерид лалын хэт явцуу үзэлт “Боко Харам” бүлэглэлийн явуулж байгаа алан хядах ажиллагаа. Өнгөрсөн долоо хоногт удаа дараалан алан хядах ажиллагаа явагдаж олон зуун хүн амиа алдсан ч Украйны асуудлаас болоод дэлхий нийт анзааралгүй өнгөрөөв. Өчигдөр гэхэд “Боко Харам” бүлэглэлийнхэн ээлжит удаагаа алан хядах ажиллагаа явуулж 60 хүний аминд хүрсэнийг ч хэн ч тоосонгүй. Энэ үйлдэлтэй холбоотойгоор НҮБ биш юм гэхэд Африкийн орнуудын холбоо мэдэгдэл хийх цаг нь болж. Мэдэгдэл хийнэ гэдэг тус улсад энхийн сахиулах хүчин оруулах дээрээ тулна. Гэхдээ оруулах эсэх нь өнөөдөр л шийдэгдэнэ.
Гэвч дэлхий хэмжээний гол үйл явдал нь Украйн хэвээр байна. Зөвлөлт задран унасан цагаас хойш бүрэлдэхүүнд нь багтаж байсан 15 “Республик”-ийн элитүүд Засгийн эрхийг гартаа авахын төлөө янз бүрээр тэмцэж ирсэн. Орос, Киргиз, Гүрж, Армен, Азербайжан, Тажикистан гээд иргэний дайн, элдэв өнгийн хувьсгал гарсан улс цөөнгүй. Гэхдээ эдний дотор газар нутгийнхаа нэг хэсгийг ганц ч буун дуу гаргалгүй өөр улсад алдаж байсан Украйн шиг орон гарч байгаагүй юм.
Ямар нам сонгуулиар ялж засгийн эрхэнд гарч байгаагаас үл хамаараад Төрийн залгамж байдал гээч зүйл байх ёстой гэдгийг умартсан болохоор ийм байдалд хүрлээ гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Америкт сонгуулиар Бүгд найрамдах эсвэл Ардчилсан нам яллаа гээд иргэний дайн хийх дээрээ тулж хямарч байсан явдал сүүлийн зуу гаруй жилийн турш болж байсныг та сонссон уу? Эрх баригч нам нь Америкийг аль улс төр, эдийн засгийн холбоонд нэгтгэнэ эсвэл нэгтгэхгүй гэдгээс болж улс иргэд нь гудамжиндаа хаалт босгож үймээн дэгдээгээд төр эргүүлж байсан тохиолдлыг мэдэх үү? Дэлхийн хоёрдугаар дайнд Америкийг Зөвлөлт, Их Британийн талд дайнд оролцохоор боллоо гэж герман үндэстэн америкчууд гудамжинд жагссан тухай би л лав сонсоогүй юм байна.
АНУ түмэн янзын үндэстний цагаачдаас бүрдсэн, хэдэн зуун жилийн настай улс ч гэлээ Төрийн залгамж байдал гэдгийг маш сайн мэдэрдэг, улс төрийн элитүүд нь сонгуулиар Засгийн эрхийг гартаа авахаар “еврей” эсвэл “англосакс” эсвэл бүр “франк”, “голланд” үгүй бол “Бүс нутгийн нам”, “Удар” намынх гэж нүд үзүүрлээд байдаггүй. Өмнөх Засгийнхаа хийж байсан хэрэгтэй гэсэн болгоныг үргэлжлүүлдэг болохоос устгаад үгүйсгээд байдаггүй.
Украйны бүтээгдэхүүнийх нь хамгийн том зах зээл болсон хөрш улстайгаа эвсэг амьдрах гээч зүйл заавал байх ёстой талаар сөрөг хүчин огт бодсонгүй. Ямар ч үнээр хамаагүй Европын холбоонд нэгдэнэ, Оросыг үзэн ядаж “сална” гэж зүтгээд төр эргүүлэн Засгийн эрхийг гартаа авсан. Үүний тулд Орос бол муу муухайн үндэс гэсэн үзлээр хэт үндсэрхэг үзэлтнүүдийнхээ дэмжлэгийг авсан. Хэт үндсэрхэг үзэлтнүүд нь “Украйнд зөвхөн цэвэр украйн үндэстэн амьдрах ёстой” гэсэн уриатай болохоор ялсан хэдий ч эргэж уягдаад ухаан ч орж амжилгүй байсаар Крымийн хойгоо алдав. Крымийн хойгт орос, татар хоёр голлох үндэстэн болдог гэдгийг тэрхэн зуур бүгд мартаж орхиж.
Нэг унасан мэхэндээ ахиж унах муугийн шинж гээд Украйны шинэ эрх баригчид илүү алсын бөгөөд ухаалаг бодлого явуулж болох байлаа. Гэтэл тэгсэнгүй. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд ялахын тулд “Манай Крымийг булаан авсан Оросыг будаа болгоно. Гэхдээ эхний ээлжид Украйнд байгаа орос үндэстнүүдийг гэсгээнэ” гэсэн уриаг нэг нэгнээсээ урьтаж тунхагласаар Украйны зүүн нутгаа алдаж магадгүй боллоо. Орос үндэстэн олон зууныг дамжин хэдэн саяараа амьдардаг Украйны зүүн мужууд энэ уриаг дэмжихийг хүсээгүй нь мэдээж.
Ням гарагийн оройноос Зүүн Украйны мужуудад буун дуу гарав. Тодруулбал, Славянск хотын орчим эрх баригчид ба төв Засгийн газрыг эсэргүүцэгчдийн хооронд эхний мөргөлдөөн болж хүний амь үрэгдлээ. Ингээд хүйтэн дайн дуссанаас хойш өндөр соёл, боловсролтой гэгддэг Европ тивд ээлжит удаагаа иргэний дайн дэгдэж магадгүй болов. Югослав задарсны дараах дайн, Гүрж, Молдав, Армен ба Азербайжаны дайны дараа Европын зүрхэнд бас ахин дайн гарч болзошгүй боллоо. Үнэхээр иргэний дайн гарах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ. Хэдэн мянган хүн амиа алдах дайн гарах үгүйг шийдэх гэдэг хүнд өдөр биш гэж үү?
Энэ ээдрээнд гол найруулагчдын үүргийг гүйцэтгэж байгаа АНУ, ОХУ хоёр НҮБ-ын чуулган дээр ээлжлэн нэг нэгнээ бүх зүйлд буруутгасаар. Украйны ард түмэн, бүр тодруулбал яс үндсээс үл хамаараад украйн иргэн болгоны бодол санааг сонсч байгаа тал нэг ч алга. Өрнөдийн орнууд зээл тусламж үзүүлэхээ амлаад байгаа ч хэрэгжүүлж эхлээгүй. Европын холбоо Украйныг Европын холбоо, НАТО-д элсүүлэх боломжгүй гэсэн. АНУ-ын Конгресс Олон улсын валютын сангаас Украйны авах тэрбум ам.долларын баталгааг гаргаж өгөөгүй л байна.
Хаа хол байгаа Украйны асуудал бидэнд ямар хамаатай юм бэ гэж болох. Гэтэл дэлхийг донсолгож, хэдэн арван сая хүний аминд хүрсэн хоёр дайн Европоос эхэлсэн гэдгийг мартаж болохгүй. Швейцарийн зэвсэгт хүчний Ерөнхий командлагч корпусын генерал цолтой Андре Блаттманнирийн олон нийтэд хандсан мэдэгдэл үнэхээр хүнд өдөр өнөөдөр гэдгийг нотлох шиг.
Тэрээр “Би дэлхий дахинаа үүсч байгаа аюул заналхийллийг ойрын хоёр гурван жилийн турш ашиглаж байгаа. Орчин үеийн нийгэм маш эмзэг, шинэ аюул заналхийлэлд бэлтгэлгүй болсон. Тиймээс бүгдийг хамарсан цахилгааны таслалт, кибер дайралт болж магадгүй. Хүний өдөр тутмын хэрэгцээнд уух, хувцас угаах, хоол хийх зэрэгт хоногт найман литр ус хэрэгтэй. Ингээд бодохоор нэг гэр бүлд хэдэн литр ус хэрэгтэй болох вэ гэдгийг төсөөлөөд үз. Би гэхэд гэртээ 30-40 ширхэг хийгүй рашааны нөөцтэй байдаг. Хоол хүнс, байр халаах түлээ яг адил. Тиймээс гэнэтийн үйл явдал болоход хүмүүс гэртээ нөөцтэй байхад илүүдэхгүй тухай сануулж байх нь илүүц биш гэж бодож байна” гэжээ.
Дэлхийн хоёр дайны үеэр дундыг баримтлан олон мянган иргэн, хотуудаа сүйрэл, үхэл хагацлаас аварч байсан улсын өндөр албан тушаалтан ийм мэдэгдэл хийнэ гэдэг байдал ямар түгшүүртэй байгааг илтгэнэ.