Англи-Швейцарийн хамтарсан “Glencore Xstrata” корпораци нь Перу дахь “Лас Бамбас” орд газрыг Хятадын төрийн мэдлийн “China Minmetals Corp”-ийн салбар болох “MMG Ltd” консорциумд зургаан тэрбум ам.доллараар худалдахаар болсон тухай “Ройтер” агентлаг мэдээллээ. Хятадын Монополийн эсрэг албад болон “MMG Ltd” компанийн хувьцаа эзэмшигчид санал өгсний дараагаар гэрээг эцсийн байдлаар баталгаажуулна. “MMG Ltd” компанийн хувьцааны 74 хувийг Хятадын “China Minmetals Corp” компани эзэмшдэг бөгөөд Перу дахь зэсийн орд газрыг худалдан авснаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэд хэт нөлөөлдөг болж магадгүй гэсэн түгшүүр байгаа тул Хятадын Монополийн эсрэг байгууллагууд хянах аж. Хоёр өдрийн өмнө ирсэн мэдээнээс үзвэл энэ наймаа нь 2008 онд Хятадын “Aluminum Corp. of China” компани Англи-Австралийн хамтарсан “Рио Тинто” компанийн хувьцааны 12 хувийг 14 тэрбум ам.доллараар худалдан авснаас хойш хийгдэж байгаа хамгийн том наймаа юм. “Лас Бамбас” орд газрын олборлолт ба үйлдвэрлэл 2015 онд эхэлнэ. Уурхайг ашиглаж эхэлснээс хойших эхний таван жилийн дотор жил болгон 450 мянган тонн зэс үйлдвэрлээд цаашид жил болгон 300 мянган тонныг дэлхийн зах зээл дээр нийлүүлэх юм. Лондонгийн металлын бирж дээрх сүүлийн гурван жилийн нийлбэр үнээр нэг шоо метр зэсийн үнэ 6670 ам.долларт хүрч өмнөх гурван сарынхаас 9,4 хувиар буурчээ.