Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадыг чиглэсэн жуулчдын тоогоор Хятад тэргүүллээ


Гадаадад аялал хийсэн иргэдийн тоо болон, тэдний гадаадад үрдэг мөнгөний хэмжээгээр манай урд хөрш дэлхийд №1 болсон тухай Дэлхийн аялал жуучлалын байгууллага мэдэгдлээ. Өнгөрсөн жил гадаадад аялж, жуулчилсан хятад иргэдийн тоо 100 саяд хүрч, тэдний гадаадад үрсэн мөнгөний хэмжээ 102 тэрбум ам.доллар болсон байна. Ингэснээр БНХАУ нь АНУ ба Германыг ардаа орхилоо. Хятадын эдийн засаг тэргүүлэгч байр сууриа алдахгүй өссөөр яваа цагт гадаадад амрах иргэдийнх нь тоо жил ирэх тусам нэмэгдэх нь гарцаагүй гэдэгт мэргэжилтнүүд санал нийлдэг.

2004 онд гадаадад амрах, аялах хүсэлтэй хүмүүст зориулсан үзэсгэлэн Хятадад анх нээгдэж байхад Дэлхийн хэмжээнд гадаадад амрагчдын ердөө нэг хувь нь Хятадын иргэд байсан бол 10 жилийн дараа тоо огцом өөрчлөгджээ. Цаашдын арван жилийн дотор энэ тоо улам нэмэгдэж 2023 он гэхэд гадаадад амардаг, аялдаг хятад иргэд 220 саяд хүрэх аж.

Гадаадад амрах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцэн Хятад нь өөрийн улс руу гадаадын жуулчдыг татахад ихэд анхаарч байгаа. Гэхдээ үүнээс илүүтэйгээр гадаадын өндөр мэргэжлийн боловсон хүчнийг урьж ажиллуулахад онцгой анхаарч байгаа гэнэ. Хятадын Гадаад мэргэжилтэн хариуцсан удирдах газрын дарга Жан Зянго энэ талаар сонирхол татахуйц мэдэгдэл хийв. Түүний мэдээлснээр цаашид эдийн засаг, санхүүгийн хөгжлийн түвшнийг өндөр хэвээр байлгахын тулд 12 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаанд их газрын Хятадад хилийн чанадаас хоёр сая гаруй мэргэжилтэн урьж ажиллуулна.  
Эдний дотор  “Дээдийн дээд” зэрэглэлийн 500-1000 орчим мэргэжилтнийг урьна. 2013 оны байдлаар манай урд хөршид гадаадын 610 мянган мэргэжилтэн ажиллаж байгаа. 12 дугаар таван жил 2015 онд дуусна гэхээр ердөө жил хагас гаруйн хугацаанд 1,5 сая орчим гадаадын мэргэжилтэн урилгаар Хятадыг зорих нь. Энэ амаргүй ажлыг хялбар болгож, гадаад мэргэжилтнүүдэд ажиллах илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд виз гаргах журмыг хялбаршуулж, гадаадын иргэдийн эрх ашгийг илүү хамгаалдаг болох юм байна.

Манай урд хөрш хэдийгээр дэлхийн хамгийн том ажлын хүч нийлүүлэгч  ч гэлээ нарийн мэргэжлийн боловсон хүчнээ гадаад руу алддаг “тархины зугаталт” гээч асуудлаас болж өөрийн гэсэн мэргэжилтнүүдийн дутагдалтай байнга тулгардаг.
Хятадын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Авьяастнуудтай хийх ажлыг зохицуулах зөвлөлөөс явуулсан судалгаагаар хятад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн 87 хувь нь гадаадад ажиллах хүсэлтэй.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан