Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шерил Сэндберг: Амжилтад хүрсэн эмэгтэйг азтай байна гэж хэлдэг...

Түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэдэг. Тэр өөрийн хүчээр тэрбум ам.доллараас ч давсан хөрөнгийг бий болгож чадсан юм. 40 насандаа  шүү. Тэрбум гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том сүлжээ болох “Facebook” компанийн боссуудын нэг энэ эмэгтэй бол Шерил Сэндберг гэдгийг өдгөө мэдэхгүй хүн ховор биз ээ. Харвардын их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалж, АНУ-ын Сангийн сайдын ажлын албаны дарга, “Google” компанийн олон улсын үйл ажиллагаа, онлайн худалдааны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр 2007 онд “Facebook” компанийн эзэн Марк Цукербергийн урилгаар тус сүлжээнд нэгдсэн юм. Тэр цагаас Шерил Сэндберг гэх нэр бизнесийн ертөнцөд тод цуурайтаж эхэлсэн бөгөөд “Facebook”-ийн хувьцаа гаргах ажилд оройлон оролцож, өдгөө түүнийхээ үр шимээр дэлхийн залуу тэрбумтнуудын нэг болоод байгаа билээ. Энэ өндөр амжилттай карьерынхаа хажуугаар гэр бүлийн амьдралаа ч орхигдуулалгүй авч яваа нь Шерил Сэндбергээр олон мянган эмэгтэй бахархах шалтгаан болсон юм. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн амжилт, карьерын тухайн бичсэн түүний ном  “Lean In” одоо хүртэл борлуулалтаараа тэргүүлсээр байгаа юм. Ингээд түүний Опра Уинфригийн ток шоунд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Марк Цукербергтэй хамгийн анх уулзсан тухайгаа яриач?
-Би болзоонд явах гэж байгаа юм шиг л их сандарч тэвдсэнээ санаж байна. Гэхдээ бид хоёр маш сайхан ярилцаж, зоогийн газрыг хаатал суусан даа.
-Тэгвэл амжилттай болзоо болжээ?
-Үдшийн 10 цаг болоод, миний орондоо орох цаг аль хэдийнэ өнгөрчихөөд байдаг. Гэвч тэр ярьсаар л байсан. Тэр чинь Марк Цукерберг шүү дээ. Түүнийг сонссоор шөнө дунд болоход аргагүй хэлсэн л дээ...
-Нөхөр маань “Гараад ир” гэж дуудаад байна гэж үү?

-Би хоёр жаахан хүүхэдтэй хүн. Тэд таван цаг унтаад л сэрчихдэг болохоор цагаа сайн барихгүй бол болохгүй.
-Анхны тэр уулзалтад та зүгээр л Маркын саналыг сонирхож үзэхээр очив уу, эсвэл Facebook-т ажиллахаар тэр үед шууд шийдсэн үү?
-Түүнтэй уулзаад л ямар халуун дулаан сэтгэлтэй хүн болохыг нь, Facebook-т ямар их анхаарал тавьж, хөгжүүлэхийг хүсдэгийг нь олж харсан. Бид Facebook-ийн үүрэг зорилгын тухай олон ч цаг ярилцаж суусан.
-Тэр үед та өөрөө Facebook-ийн хэрэглэгч байсан уу?
-Тийм ээ, гэхдээ тийм ч идэвхтэй ашигладаггүй байсан. Facebook холбоо тасраад удсан олон танилтай минь намайг холбож өгсөн болохоор дэлхийг ч өөрчлөх хүч үүнд байна даа гэж хардаг байлаа.
-Ердийн л нэг олон нийтийн сүлжээг та жинхэнэ бизнес болгон хөгжүүлэхэд их үүрэгтэй ажилласан. Facebook-т нэгдсэний дараа юунд хүрэхийг зорьж байв?
-Марк бид хоёрын зорилго анхнаасаа нэг л байсан. Бүх дэлхийг холбох. Одоо харин энэ ажилд маань илүү олон хүн хүчин зүтгэдэг боллоо.
-Дэлхий даяар хүч түрэн гарч ирж байгаа энэ том компанийн удирдах албан тушаалд очиход тодорхой хэмжээний сэтгэлзүйн дарамт байсан л байх даа?
-Өө, байлгүй яахав. Үнэндээ ажиллаж чадна гэдэгтээ ч итгэлтэй байсангүй. Ер нь, ихэнх эмэгтэй тушаал дэвших юм уу карьераа өөрчлөхдөө өөртөө үл итгэсэн ийм айдастай нүүр тулдаг байх. Компанид орсны дараа Марк бид хоёрын нэн тэргүүнд анхаарсан асуудал бол хэрэглэгчдэдээ ашигтай замаар хэрхэн мөнгө олох вэ гэдэг асуулт байсан. Гэхдээ түүнээс өмнө бид бие биедээ итгэх нь хамгийн чухал байлаа.  
Нэг орой би түүнтэй  есөн цагт ярихаар товлосон байсан юм. Гэтэл намайг залгатал хооллож байгаа учир дараа залгая гэв. Тэгэхээр нь би “Хагас цагийн дараа гэхэд унтчих болохоор маргааш ярья даа” гэсэн юм. Маргааш нь Марк залгаад “Бие чинь зүгээр үү. Өвдөөгүй биз” гэж асуудаг байгаа. Хариуд нь “Би ээж хүн учраас оройн 9.30 гэхэд орондоо орсон байх ёстой” гэж учирлаж билээ. Гэхдээ тэгж хэлэхдээ “Би Facebook-т ажиллахад хэтэрхий хөгшдөөгүй байгаа. Энэ залуусын хийж байгаа зүйлийг ойлгохгүй бол яана аа” гэж их айсан.

-Өмнө нь, таныг Google-ийн маркетингийг хариуцаж ажиллаж байсан учраас Facebook-т ирсний дараа энэ сүлжээг бүр баллаж хаях нь гэсэн яриа гарсан. Тиймэрхүү хандлагыг мэдэрч л байсан биз дээ?
-Тийм ээ, хүмүүс ч аймшигтай зүйл хэлдэг л байсан. Интернэтээр миний нүүрэн дээр худалч гэсэн бичиг наасан зураг энд тэндгүй харагддаг байв.
-Би ч бас ийм замыг туулаад л ирсэн.
-Нэг хэсэг бүр унтаж ч чадахаа больсон.Уйлна. Харин Марк намайг асар ихээр дэмжсэн болохоор энэ их шүүмжлэлийн хариуд толгой өндийхгүй ажиллаж, компаниа амжилтад хүргэх хэрэгтэй гээд зүтгэсэн.
-Нэгэнт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амжилтыг нийгэм, олон нийт харилцан адилгүй хүлээж авдаг тухай хөндсөнийх энэ тухай дэлгэрэнгүй ярилцъя. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил амжилт гаргасан байсан ч нийгэм түүнийг өөрөөр хүлээн авч, өөрөөр дүгнэдэг.
-Яг үнэн. Амжилттай яваа эрэгтэйг дандаа эергээр харж, магтаж бахархдаг атлаа эмэгтэй хүн амжилтад хүрвэл сөргөөр харах гээд байдаг. Үүнийг харуулсан судалгаа ч бий. Хэрэв эрэгтэй хүн амжилт олвол үүнийг тэр өөрийнхөө хүчээр л олж авсан гэж хүн бүр хардаг. Гэтэл эмэгтэй хүн амжилт гаргахаар эрчүүд ч, бүсгүйчүүд өөрсдөө ч дургүй байдаг. Яг энэ шалтгаанаар л би таван жилийн өмнө ном бичье гэж шийдсэн юм. Учир нь, надад энэ бүхнийг туулсан туршлага байна.  Ахлах сургуулийн төгсөлтийн цомогт манай сургуулиас хамгийн амжилтад хүрэх магадлалтай хүнээр намайг нэрлэж байсан юм. Гэтэл юу болсон гээч. Тэр цомгийг хөтөлж байсан миний найз намайг хасаад хаячихсан юм даа. Тэр цагаас хойш би тодорхой хэмжээний амжилт гаргах бүртээ ийм хачирхалтай хандлагыг мэдэрдэг байсан.
-Тийм л учраас та “Lean In” номоо бичиж ээ?
-Тийм ээ, бид охидоо урамшуулж, дэмжих хэрэгтэй байна. Өнөөдөр бүсгүйчүүд өсч дэвжиж байгаа ч аль ч орны хэмжээнд дээд албан тушаал хашиж чадахгүй байна шүү дээ. Энэ бол бидний бүр багаас тархинд суулгаад өгсөн үзэл бодлоос үүдэлтэй гэж би боддог юм. Бид хөвгүүдийг аливаа зүйлд манлайлагч байхыг дэмжин урамшуулдаг атлаа тийм хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй охидыг “захирангуй”, “биеэ тоосон” гэх мэтээр шүүмжилдэг.
-Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн карьерын талаар тавьсан TED-ийн илтгэл чинь шуугиан тарьсан шүү дээ. Яагаад тэр сэдвийг хөндсөн юм бэ?
-Би нэлээн хугацаанд хүний нөөцийн чиглэлээр ажиллаж, боловсон хүчнүүдтэй ярилцахдаа нэг зүйлийг олж харсан юм. Ажлаа маш сайн мэддэг, чадвартай бүсгүйчүүдэд шинэ ажил, албан тушаал санал болгоход өөртөө нэг л эргэлзэнгүй “Би чадах болов уу даа” гэдэг. Гэтэл эрчүүд хүсч буй албан тушаалынхаа шалгуурын 60 хувийг л хангасан атлаа албан тушаал ахимаар байна гэж өөрсдөө санал тавьдаг. Энэ талаар л ярихыг хүссэн юм. TED-ийн ярианы дараа маш олон зуун эмэгтэйгээс захидал хөвөрч өгсөн. Тиймээс өөрийнхөө айдастай нүүр тулаад, номоо бичих нь зөв гэж эргэлт буцалтгүй шийдсэн юм.
-Юунаас тэгтлээ айсан хэрэг вэ?
-Миний номын анхны ноорог тэр чигээрээ судалгаа, тоо баримт л байлаа. Миний тухай юу ч байхгүй. Гэтэл та өөрөө хэлсэн шүү дээ...
-Хэн ч судалгааны тухай уншихыг хүсэхгүй. Шерил өдөр тутам ямар ажлыг яаж амжуулаад өнөөдрийн энэ амжилтад хүрэв гэдэг л хүмүүст сонин шүү дээ.
-Уг нь, би эхэндээ номынхоо хавтас дээр ч зургаа тавихыг хүсээгүй юм. Гэвч “Өөрийнхөө тухай бичихгүй юм бол ном гаргаад хэрэггүй” гэсэн таны үг байн байн бодогдоод, номоо шинээр бичиж эхэлсэн. Өөрийгөө бүгдийн өмнө нээх, дэлгэн харуулах тийм ч амар байгаагүй.
-Номоо бичиж эхлээд байх үед чинь “Forbes”-оос таныг 2011 оны дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэсэн байх аа?
-Тийм ээ, гэхдээ тэр нэрнээс би маш их ичиж байсан.Таарсан хүн бүр баяр хүргээд л. Тэгэхээр нь “Энэ тухай битгий дурс аа” гэдэг байлаа. Гэтэл туслах маань нэг өдөр хэллээ. “Та бүсгүйчүүдийн амжилтыг хэрхэн үнэлэх талаар ном бичиж байж өөрөө үлгэрлэж чадахгүй байна. Та бол энэ жагсаалтад орох эрхтэй хүн. Тиймээс хүмүүсийн баяр хүргэсэн үгэнд хариу талархал илэрхийлж, үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн шүү.
-Ажлын байранд эмэгтэй хүний гаргадаг гурван том алдааг хэлээч?
-Нэгдүгээрт, тэд гол суудалд суудаггүй. Ер нь, бүсгүйчүүд анхаарал татахгүй арын суудалд суух гээд байдаг. Гэвч тэдний дуу хоолой эрчүүдийнхээс дутахгүй чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд карьер, гэр бүлээ зохицуулах шаардлага гарвал шууд л бууж өгөөд, ажлаа орхих эсвэл өөр ажлын цаг багатай газар сонгох гээд байдаг.  Гэтэл эрчүүд гэр бүлтэй болохоор улам л урагшаа давшаад байдаг шүү дээ. Тиймээс хэрэв бүсгүйчүүд хүүхэдтэй болвол өөрөө ажлаа орхих гэж яарахаас өмнө нөхөртэйгөө ярилцаж, үүргээ ижил тэнцүү хувааж авах хэрэгтэй.
-Гэвч ажил хийдэг ээжүүд өглөө бүр хүүхдээ орхиод гарахдаа заавал гэмших сэтгэл тээдэг шүү дээ.
-Үүн дээр би төгс хариулт өгч чадахгүй нь. Учир нь, би ч бас өөрөө энэ бүхнийг зохицуулах гэж хичээж яваа эмэгтэй. Нөхөр бид хоёр хоёулаа ажил хийдэг. Гэхдээ хоёр хүүхдээ асрах үүргээ ижил тэнцүү биелүүлдэг. Бид хоёрын хэн нэг нь заавал 5,30 гэхэд ажлаасаа тараад оройн хоолоо бэлдэхээр харих ёстой болдог. Гэхдээ л өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхдөө, өдөржин хүүхдүүдтэйгээ хамт байдаг ээжүүдийг хараад гэмших сэтгэл төрдөг.Хүүхдүүдээ ингээд орхиод явж байгаа минь зөв үү гээд л. Гэтэл манай нөхөр бол гэртээ эрт ирснийгээ их  баатарлаг үйл хийж, гавьяа байгуулсан мэт боддог.
-Хэн нэг нь гэртээ сууж, хүүхдүүдээ асаръя гэдэг яриа танай гэр бүлд ерөөсөө гарч байгаагүй юу?
-Үгүй ээ. Учир нь бид хоёулаа ажилдаа дуртай гэдгийг мэднэ. Тиймээс гэрийн ажил, үүрэг хариуцлагаа яаж 50-50 хувиар хувааж үүрэх вэ гэж л их ярьдаг байсан. Учир нь, гэрийн ажилд бүрэн бэлтгэгдсэн эрэгтэй гэж хаа ч байхгүй. Гэхдээ охидод хэлдэг миний нэг зөвлөгөө бий. Муу залуустай болзож болно. Гэхдээ гэрлэж болохгүй. 23 насанд дур булаам санагддаг зүйлс 43-тай болоход чинь сонирхол татахаа болино. Энэ насанд хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг аав л хамгийн сайхан харагддаг юм даа.
-Та номоороо бүсгүйчүүдийг үргэлж урагшаа давшаад бай гэж уриалдаг. Харин өөрөө үргэлж урагшлах эрч хүчийг хаанаас олдог вэ?
-Би урагшлах ёстой гэдгээ байнга өөртөө сануулдаг. Коллежид байхдаа нэг илтгэл сонссон нь санаанаас гардаггүй юм. Эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог нэг синдромын тухай. Хэрэв эрчүүд амжилт олвол өөрийнхөө чадвар, хөдөлмөр зүтгэлээр л түүнд хүрлээ гэж өөртөө итгэдэг. Гэтэл эмэгтэйчүүд өөрийн хүчээр хүрсэн байсан ч бусдын дэмжлэгээр, эсвэл азаар л  ийм зүйл боллоо гэж боддог. Тэр эмэгтэй өөртөө итгэлтэй байсан ч эргэн тойрныхон  нь бас тэгж хардаг гэнэ.
-Өө бурхан минь, яг тийм нэг явдлыг сануулчихлаа байна. Хэдэн жилийн өмнө, ямар ч явдал тохиолдсон билээ. Манай компанийн нэг гүйцэтгэх захирал надад баяр хүргэхдээ “Чи ч их азтай юм аа” гэж билээ.
-Уг нь, бид өөрсдөө түүнд хүрсэн, магтаал сайшаал сонсох эрхтэй хүмүүс юм шүү дээ. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан