Нэгэн цагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Их Британийн Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Жорж Робертсон Шотландыг тусгаар улс болвол Их Британи төдийгүй Европын өөр олон улсад сүйрэл дагуулна гэж мэдэгдлээ. Жорж Робертсоны энэ мэдэгдэл есдүгээр сарын 18-нд Шотландад явагдах тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулгад зориулагдсан байж.
Робертсон хэдийгээр шотланд хүн ч гэлээ өөрийнх нь нутаг тусгаар тогтновол Их Британи сулраад зогсохгүй Европ даяар салан тусгаарлах үзэгдэл гаарч, бусдын газар нутгийг булаагч, дарангуйлагч гэх мэт муу ёрын хүчнийг баярлуулна гэжээ. Энд дарангуйлагч, газар нутгийг булаагч гэж ОХУ, Путин хоёрыг дам хэлсэн бололтой.
Хэрэв Шотланд тусгаар улс болвол юуны өмнө Испанийн хамгийн баян бөгөөд хамгийн том муж болох Каталонийн салан тусгаарлах үзэл бүр хүчтэй болно гэдгийг Робертсон анхааруулав. Цаашлаад, Испанийн Баскуудын нутаг, Италийн Венето муж, Францын Корсик арал, Бельгийн фламанд хэлтэй мужууд гээд Европ даяар салан тусгаарлах санал асуулга болж магадгүй гэж анхааруулсан байна.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаас үзвэл Шотландыг тусгаар улс болохыг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн эзлэх хувьд бараг тэнцээд байгаа аж.
Испани нь Каталони мужид тусгаар тогтнолын талаарх санал асуулга явуулахыг хориглосон. Харин Италийн цагдаа нар Венето мужийн салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж баривчлаад байгаа юм.