Арабын Нэгдсэн Эмиратын гаалийн алба өөрийн эргийн дагуу сэжигтэй байж болзошгүй усан онгоцуудын хөдөлгөөнийг хянах, алсаас үзлэг хийхэд автомат нисэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Одоогоор автомат нисэх төхөөрөмжийг Дубай хотын төвд байдаг “Дубай грийк” буланд ашиглаж байгаа бөгөөд удахгүй “Жебел Али” боомтын дээгүүр тогтмол нислэг хийдэг болгоно. Автомат нисэх төхөөрөмжүүд нь өндөр чанартай видео бичлэг хийх, бичлэгээ шууд дамжуулах боломжтой аж. Ингэснээр хүн хүчний дутагдлыг давж гарах, тандалд хяналтыг нууцаар хийх өргөн боломж нээгдэж байгаа юм.
Чухал ач холбогдолтой боомт, усан хилээс гадна Эмиратын удирдлага автомат нисэх төхөөрөмжийг саад бартаа ихтэй хил орчмын бүс нутагт ажиглалт хийх, гал түймэртэй тэмцэх, шуудан хүргэх ажилд өргөнөөр ашигладаг болоод байгаа билээ.