Руандад 800 мянган хүний амь хөнөөсөн хоморголон устгал дууссаны 20 жилийн ойг тохиолдуулж, долоо хоногийн гашуудал зарлажээ. Түүнчлэн хоморголон устгал явагдсан өдрийн тоогоор Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме 100 хоногийн турш гэрэлт бамбар асаах гэнэ. Гэрэлт бамбарыг өнгөрсөн гурван сарын турш Руандагийн иргэд тосгодоос тосгодын хооронд дамжуулан аялуулсан аж.
Руандад болох гашуудлын арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Мбеки, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр зэрэг олон улсын төр, засгийн тэргүүнүүд оролцох гэнэ.
Руандад 1994 онд үндэстэн хооронд мөргөлдөөн гарснаас 100 өдрийн дотор 800 мянган хүн амийг хөнөөсөн устгал болсон юм. Хохирогчдын ихэнх нь хутугийн хэт даврагчдын гарт амь үрэгдсэн тутси үндэстэн байжээ. Энэ хэрэг Руандад 1994 оны дөрөвдүгээр сарын 6-нд хуту үндэсний Ерөнхийлөгч Жювеналь Хабиариманагийн сууж явсан онгоц суманд өртөж, нийслэлд сүйрсний дараа эхэлсэн аж.
Үүний зэрэгцээ 2008 онд Руандагийн хоморголон устгалтай холбоотойгоор тус улсын мөрдөн шалгах хорооноос Францын цэргүүд хутугийн зэвсэгт босогчдыг дасгалжуулж, геноцидэд бэлтгэсэн хэмээн мэдэгдсэн нь хоёр орны харилцаанд үл ойлголцол үүсгэсэн байна. Үүний хариуд Парис НҮБ-ын мандаттай Францын энхийг сахиулах хүчин энгийн иргэдийг хамгаалахад тусалсан гэж мэдэгджээ.