Тэнд тэр морьтойгоо, ганцаараа. Монголын уудам тэнгэр рүү 40 метр өндөрт цойлжээ. 1206 онд Их Монгол улсыг зарлан тунхагласнаас 800 жилийн дараа Чингис хаан дахин мориндоо мордсон нь нь энэ. 250 тонн ган төмрөөр түүний хөшөөг урласан байна. Улаанбаатараас засмал замаар 32 км явахад хүрэх энэ хөшөөг алсаас харахад эрдэс баялгаар арвин, тусгаар тогтносон Монгол улс Хятад, Орос гэсэн хоёр хүчирхэг хөрш рүүгээ аварга том дунд хуруу гаргаж байгаа мэт санагдана.
Энэ долдугаар сард монголчууд Хятадын 200 жилийн дарлал, Зөвлөлтийн дагуул байсан 70 жилийн эцэст олж авсан ардчиллынхаа 21 жилийг ойг тэмдэглэнэ. Монголчууд Зөвлөлтийг дагасан тэр жилүүдэд дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийг байлдан дагуулсэн бахархам түүхт Чингис хааныхаа тухай дурсах ч эрхгүй байсан юм.
Нүүрс, зэс, алт, уран, газрын тос гээд 80 гаруй төрлийн эрдэс баялагтай, Техасаас хоёр дахин том газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан Монгол орон өнөөдөр толгой эргэм шилжилт дунд явна. Өөр ямар ч улс орон Монгол шиг ийм шуудхан сонголттой тулгарч байгаагүй билээ. Нигерийн хувь заяаг давтах уу эсвэл Чилийг үү? Венесуэль шиг болох уу аль эсвэл Австрали уу?
“Монгол бол үнэхээр боломжоор дүүрэн орон. Энд юу ч хийж бүтээж болно. Санхүүгийн дэд бүтэц нь тогтож бүрэлдэж амжаагүй энэ газарт та өөрөө түүний нэг хэсэг нь болох боломж бий” гэж “ING” –ийн захирал Ховард Ламберт хэлж байна. “Энд би өдөр бүр шинэ барилга, шинэ бүтээн байгуулалтыг харж байна. Энд хүмүүс хурдны замгүй ч спорт машин худалдан авч байна” гэж тэр бас хэлсэн юм.
Монголын өнөөгийн эмх замбараагүй төрхийг нийслэл хотынх нь төв хэсэг болох Сүхбаатарын талбайгаас илүү тодорхой харуулах газар үгүй биз ээ. Нэгэн цагт Лениний хүрэл хөшөөгөөр гоёж байсан энэ талбайн хажууд “Lous Vuitton”-ий дэлгүүр 2009 оны аравдугаар сард үүд хаалгаа нээжээ. Монгол эмээл, эртний кавиар зэргээр чамирхсан VIP өрөөнд зочдоо урьж, оргилуун дарсаар дайлдаг энэ дэлгүүрээс ердөө хэдхэн километрийн зайд эсгийгээр бүрсэн модон гэрт амьдрах ядуусын хороолол байна.
“Lous Vuitton”-той хамт “Burberry”, “Zegna”, “Emporio Armani”, “Hugo Boss” зэрэг алдартай брэндүүд энд дэлгүүрээ нээсэн байна. “Burberry” тун удахгүй “Шангри-Ла”-д хоёр дахь дэлгүүрээ нээхээр зэхэж байгаа гэнэ. “Ferragamo”, “Dunhill” ч дэлгүүр нээх газар хайж байгаа гэх. Гэтэл Монголын нийслэлд гудамжууд нь одоо хүртэл тодорхой хаяггүй. Одоо дөнгөж зип код нэвтрүүлж эхэлж байгаа аж.
Тансаг брэнд үйлдвэрлэгчид яагаад Монголыг зорих болов. Дөнгөж 2,8 сая хүн амтай, тэднийх нь тэн хагас нь 500 мянган хүнд л зориулсан нийслэл хотдоо шавааралдан, нүүдэлчний гэртээ амьдарч, өвлийн хүйтэнд нүүрс, хуванцар сав хүртэл түлж амьдардаг байхад шүү. Малынх нь тоо толгой хүн амаасаа 16 дахин давсан энэ оронд тансаг брэндүүд яаж ашиг олдгийг би мэдэхийг хүслээ.
Миний анхны уулзаж ярилцсан хүн бол тус улсын Сангийн дэд сайд Ч.Ганхуяг. Баасан гаригт энгийн хувцаслахаар шийдсэн гэх тэрээр надтай уулзахдаа зангиагүй байв. Хамгийн сүүлд Давост түүнтэй уулзахад тэрээр Монголын “Чоно эдийн засаг”-ийн тухай сурталчилсан өөрийн цахим хуудас руугаа орж үзэхийг урьсан юм. Чоно гэдэг амьтан өвлийн цагт -40 хэмийн тэсгим хүйтнийг ч дааж гардаг учраас монголчууд эдийн засгаа чонотой зүйрлэх болсон бөгөөд Монгол орон уул уурхайн хоёр том төслөө амжилттай хэрэгжүүлэх гэж хэрхэн хичээж байгаа талаар Ганхуяг ярьсан юм.
Энэ хоёр төслийн эхнийх нь болох Оюу толгойн дөрвөн тэрбум ам.долларын гэрээг Монголын Засгийн газар Канадын “Айвенхоу Майнз”, Австралийн “Рио Тинто”-той 2009 оны аравдугаар сард эцэслэн гарын үсэг зурсан юм. Одоо барилгын ажил нь ид үргэлжилж буй энэ орд 40 сая тонн нүүрс, 46 сая унц алтны нөөцтэй гэх бөгөөд 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлнэ.
Харин дараагийн төсөл бол дэлхийн зургаан том компани оператор нь болохоор өрсөлдөж буй, магадгүй дэлхийн хамгийн том нүүрсний орд газар болохоор байгаа Таван толгой юм. Энэ хоёр орд хоёулаа түүхий эдээр цангаж буй Хятадын хойд хилтэй ойр, говь цөлд оршдог. Энэ газар нутагт цөөн тооны малчин айл өрхөөс өөр зүйлгүй. Гэхдээ нүүрсний ордоо дагаад 60 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
“Монголчууд бид эртнээс нааш яг эндээ, энэ бүх баялагтайгаа, энэ зүрх сэтгэлээрээ барууныханд хүрэх гэж оролдсоор ирсэн. Гэхдээ аз болоход барууныхан биднийг хэтэрхий оройтож олж харлаа. Хэрвээ Чехословакийнх шиг явдал тохиолдсон бол тэд эхний таван жилд нь хамаг баялгийг минь ухаж аваад явчих байсан биз. Бид Манжийн дарлалд 200 жил зовж, 70 жил Зөвлөлтийн бодлогыг дагаж, 20 жилд нь барууныханд үл ойшоогдсон. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ хугацаанд бид өөрсдийгөө боловсруулж чадсан. Одоо бид хувьчлалын бүхий л арга залийг мэддэг болсон” гэж Ганхуяг ярьсан юм.
Тэрээр мөн “Монголын жилийн ДНБ одоо долоон тэрбум ам.доллараар хэмжигддэг болсон, ирэх арван жилийн дотор энэ тоо жил бүр 20 хувиар өснө. Манай эдийн засаг 3-5 жил тутамд хоёр дахин тэлэх болно. Олон улсын валютын сан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэв Хятад хүн бүхнээ машинтай болгоно гэвэл тэдэнд хэрэгтэй зэс, нүүрс, төмөр, алт, хий, уран гээд бүгд манайд байна” гэж ярьсан юм.
Яг эндээс л брэнд үйлдвэрлэгчид үнэр авсан байж таарах нь. “Burberry”-гийн монгол дахь суурь хэрэглэгчдийн тоо мянгаас нэг их хол давахгүй. Гэвч энэ тэдэнд хангалттай ажээ. “Монголчуудын дундаж орлого хэд байх нь чухал биш. Хамгийн гол нь, барааг чинь худалдан авах хүн мянгаас дээш байгаад улс төрийн орчин нь тогтвортой байхад болно” гэж “LV”-гийн гүйцэтгэх захирал Ив Карселле хэлсэн юм.
Дэлхийн II дайнаас өмнө Монгол Япон, Зөвлөлтийн хооронд зовж байсан бол харин дайны дараа Орос, Хятадын дунд хавчигджээ. Бээжин хот Монголын хилээс ердөө 340 милийн зайтай байх бөгөөд энэ хоёр улсын дунд тэртээ хэдэн зууны өмнө монголчуудын халдлагаас сэргийлэх гэж барьсан Цагаан хэрэм оршино. Энэ мэт өнгөсөн түүхийг мартахад хэцүү. Саяхан л гэхэд монголчууд төмөр замын томоохон шийдвэр гаргахдаа Хятадынхыг бус Оросын төмөр замын царигийг сонгох жишээтэй. “Үндэсний аюулгүй байдал”-ын нөлөөн дор Таван толгойн нүүрсийг Орос руу төмөр замаар экспортлох уу эсвэл Хятад руу машинаар зөөх үү гэсэн томоохон маргаан мэтгэлцээн Монголын улс төр, бизнесийн хүрээнд гарсан байна. Орос руу гаргахын тулд хэдэн зуун миль төмөр зам шинээр тавих уу эсвэл 250 км зайтай Хятадын хил рүү ачааны машинаар зөөх үү.
“Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзвэл төмөр замыг цэрэг армийн зорилгоор ч ашиглаж болох юм” гэж Монгол дахь Дэлхийн банкны уул уурхайн мэргэжилтнээр саяхныг хүртэл ажиллаж байсан Грэйми Ханкок ярьсан юм. “Хүйтэн дайны үеийн энэ сэтгэлгээ одоо ч Монголд оршсоор байна. Монгол үндэсний аюулгүй байдалдаа хэтэрхий анхаараад, эдийн засгийн сонирхлоо бодолцож үзэхгүй байна. Тэд эдийн засагтаа тулгуурлаж шийдвэр гаргахын оронд геополитикийн талыг илүү анхаардаг” гэж тэр ярив.
Гэхдээ ямартай ч Монгол орон өнөөдөр олон улсын хөрөнгө оруулалтын эргэлтэнд орсон гэдэг нь маргаан байхгүй үнэн. MRI төхөөрөмж зардаг GE компани 130 дахь төлөөлөгчийн газраа саяхан энд нээсэн бол “Caterpillar” 100 сая долларын наймаа хийгээд байна.
“Монголд орчин үеийн, дэвшилтэт эдийн засгийг бий болгох бүх зүйл бий. Яг л бялуу хийх бүх материал, орцыг нь ширээн дээр өрөөд тавьчихсан мэт. Гэхдээ энд ганцхан зүйл дутагдаж байгаа нь чухал шийдвэрүүдийг гаргах улс төрийн удирдлага. Одоогоос 25 жилийн цаадах эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн бодлогыг тодорхойлдог удирдагч Монголд хэрэгтэй” гэж энд бизнес эрхэлдэг Жэксон Кокс надад ярьсан юм.