Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ-ын шүүх халим агнахыг хориглов

НҮБ-ын олон улсын шүүхээс япон­чуудын хэрэгжүүлж байгаа халим агнах хөтөлбөрийг шинжлэх ухаантай ямар ч холбоогүй тул түр хугацаагаар хаах ёстой гэсэн шийдвэр гар­галаа. Хэдий хугацаагаар хөтөл­бөрийг хаах талаар мэдэгдээгүй ч Японы төлөөлөгч шүүхийн шийдвэрт сэтгэл ихэд дундуур байна гэдгээ мэдэгдэв. Австрали улс Японыг албан ёсоор мэдэгдэж байгаа шигээ судалгааны бус харин махыг нь хүнсэнд хэрэглэхийн тулд агнуур хийсэн гэж шүүхэд өгөөд байсан юм.

Олон улсын халим агнуурын комисс нь 1982 онд халим агнахыг албан ёсоор хориглосон. Гэвч уламжлал ёсоор халим агнуур эрхэлдэг байсан орнуудаас Япон, Норвеги, Исланд гэсэн гурван улс энэхүү хоригийг үл тоон агнуур хийсээр.  Норвеги, Исланд хоёр нь комиссын шийдвэрийн зарим зүйлтэй санал нийлэхгүй байгаа тул агнуур хийх эрхтэй гэдгээ мэдэгдсэн.

Харин Япон илүү ухаан зарж хоригийг давж гарах мэргэн арга сэдсэн байдаг. Комиссийн шийдвэрт шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор цөөн тооны халим барихыг зөвшөөрнө гэсэн заалттай. Япон энэ заалтыг ашиглан жилээс жилд цөөрч устах аюулд байгаа халимны тоо толгойг хэрхэн богино хугацаанд нөхөн сэргээх боломжтойг тодруулах зорилготой гээд тодорхой тооны халим агнах зөвшөөрөл авч чаджээ. Зөвшөөрлийн дагуу япончууд “шинжлэх ухааны” зорилгоор жил болгон 1000 гаруй халим агнадаг. Энэ тоо нь Норвеги, Исландын агнадгаас хавьгүй их юм. Гэвч байгаль хамгаалагчид Япо­ны шинжлэх ухааны хөтөлбөрийг илэрхий луйвар, чулуу хөөлгөсөн хэрэг гэж мэдэгдээд янз бүрээр эсэргүүцсэн ч тусыг олоогүй юм. Тухайлбал, байгаль хамгаалагчид Японд халимны махыг цөөнгүй газар чөлөөтэй зарж борлуулдаг, олон тооны зоогийн газруудад халимны махаар хоол бэлтгэж бай­гааг баримтжуулан зар­галд­­сан. Үүнд япончууд өөлөх аргагүй хариу өгсөн байдаг.

Тэд судалгааны зорил­гоор агнасан халиманд шаардлагатай шинжилгээ, туршилт хийсний дараа үлдсэн био материалыг өөрөөр хэлбэл үлдсэн махыг нь ямар нэг байдлаар үгүй хийх хэрэгтэй. Халим гэдэг ямар аварга том амьтан билээ тэр их махыг шууд устгах хайран тул цаашдын судалгааны зардлыг тодорхой хэмжээгээр дарах үүднээс илүүдлийг нь иргэдэд зарж борлуулдаг гэсэн байна. Энэ зорилгоор Японы халимын төрлийг судлах төвийн хажууд халимны мах зардаг “Киодо Сэнпаку” компани байгуулсан гэд­гээ ч нуусангүй.  “Грин­пис” гэх мэт байгаль, амьтадын эрхийг хамгаалдаг байгууллагууд ийм хариултыг хүлээн зөвшөөрсөнгүй Японы халим агнуурын усан онгоцуудыг эзлэхээр дайрах, олон өдөр даган агнуур хийх боломжгүй болгох гэх мэт арга хэмжээ авч байсан. Гэвч тухай бүрт Япон шүүхэд хандан байгаль хамгаалагчдын үйлдлийг буруу, өөрсдийн агнуурыг зөвтгөсөн шийдвэр гаргуулж байсан юм.

Япончууд халимыг гол төлөв Антарктидын орчмоос, Өмнөд далай гэж нэрлэдэг бүсээс агнадаг. Гэтэл тэд Өмнөд далайн агнуур хийхийг тусгайлан хориглосон бүсэд ан хийж байгаа нь байгаль хамгаалагчдын дургүйцлийг ихээр хүргэдэг. Иймд “Humane Society International” байгаль хамгаалах бай­гууллага Японыг Австра­лийн холбооны шүүхэд өгсөн юм. Шүүх нь япон­чуудыг Австралийн халимны дархан цаазат газар ан хийж халим агнах хоригийг зөрчсөн гээд цаашид агнуур хийхийг хориглосон тогтоолыг 2008 онд гаргасан. Гэвч Япон өөрийн усан онгоцыг Австралийн шүүхийн шийдвэрийг дагах ёсгүй гэж үзсэн тул халимыг үргэлжлэн агнасаар байв. Иймд Австрали 2010 онд Японыг НҮБ-ын Олон улсын шүүхэд өгсөн нь ийнхүү дөрвөн жилийн дараа Японы ялагдлаар дууслаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан