Америкийн Ерөнхийлөгч Барак Обама гуравдугаар сарын 28-нд Саудын Аравид айлчилж тус улсын хаан Абдаллатай хийсэн уулзалт, тэдний тохиролцоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Олон улсын харилцаанд хоёр улсын хооронд тогтмол хийж байдаг жирийн уулзалт гээд онц анхаарахгүй байж болох. Гэвч гурван хүчин зүйлийн улмаас энэ уулзалтыг онцгой анхаарахаас аргагүй юм. Эдгээр нь:
• Саудын Арави дэлхийн зах зээл дээрх газрын тосны олборлолтоороо тэргүүлдэг тул үнэ бүрэлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг
• АНУ цэрэг, эдийн засаг, улс төрийн нөлөөгөөр дэлхийд тэргүүлэгч учраас ямар ч улсад шахалт үзүүлж өөртөө ашигтай шийдвэр гаргуулж чаддаг
• Крымийн асуудлаас болж Өрнөдийн орнууд Оросын эсрэг эдийн засаг ба улс төрийн далайцтай хориг арга хэмжээ авч эхэлсэн
Крымийг Өрнөдөөс зөвшөөрөл авалгүйгээр нэгтгэсний төлөө Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаарх маргаан оргил үедээ явж байна. Орос Европын холбоонд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах асар том зах зээл болохоор хориг арга хэмжээ аль алинд нь тун таагүй нөлөө үзүүлнэ. Иймд Европын том компаниудын удирдлага Засгийн газрууддаа хориг арга хэмжээ авахгүй байх талаас нь дарамт үзүүлж эхэлсэнд гайхах зүйлгүй. Америкийн хувьд Оросын зах зээл тийм ч чухал биш тул хатуу хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Оросын хувьд Америкийн зах зээл мөн адил тийм ч чухал биш тул нэг их эмзэглэхгүй.
Иймд Орос Өрнөдийн зүгээс авч болзошгүй эдийн засгийн хориг арга хэмжээг нэг их сандарч тэвдэлгүй давж гарна гэдгээ мэдэгдээд Крым хойг, Украйны асуудалд буулт хийхгүй, байр сууриа хатуу хамгаалсаар.
Орос буулт хийхгүй байна гэдэг Өрнөдийн хувьд олон улсын тавцанд нэр, нөлөөгөө алдсан хэрэг болох тул ямар нэг аргаар, хамгийн гол нь өөрсдийгөө онц хохироолгүйгээр эдийн засгийн хориг арга хэмжээ авч, оросуудын чихийг зөөллөн бусдад сургамж болгох нь зарчмын шаардлага юм.
Тиймээс хамгийн найдвартай арга нь газрын тос, шатдаг хийн үнийг унагах, борлуулалтын зах зээлийг хумих гэдэгт өрнөдийн шинжээчид санал нэг. Учир нь, Оросын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч нь газрын тос, шатдаг хийн экспорт.
Шатдаг хий
Шатдаг хийн хамгийн том зах зээл Өрнөд Европ. Иймд Америкийн голдуу улстөрчид, шинжээчид зарчмын асуудал гээд улс төрийн шийдвэр гарган Оросоос шатдаг хий худалдаж авахаа зогсоож, Катар ба АНУ-аас авахыг уриалж байна. Тэгээд ч Катар нь шатдаг хийн олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг, Америк нь занарын хувьсгал гээчийг гаргаж, шатдаг хийгээр өөрсдийгөө бүрэн хангадаг болсон төдийгүй Өрнөд Европ руу нийлүүлэх хэмжээнд хүрсэн гэдгийг онцолж байгаа юм.
Даан ч, Катарын шатдаг хийг шингэрүүлэн, тусгай усан онгоцоор тээвэрлэн Европт хүргэх явцад үнэ нь Оросынхоос хавьгүй өндөр болно. Дээр нь, Америкт Европыг хангах хэмжээний их шатдаг хийг шингэрүүлэх нүсэр том үйлдвэр, шингэн хийг тээвэрлэх олон арван аварга тээвэрлэгч усан онгоц хараахан байхгүй. Ийм зүйлсийг ганц хоёр сар бүү хэл хоёр гурван жилийн дотор барьж амжих нь юу л бол. Хэдэн жилийн дараа барьж дууслаа гэхэд Атлантын далайг гатлан Европ хүртэл тээвэрлэн хүргэсэн шатдаг хийн үнэ нь Оросынхоос мөн л хавьгүй өндөр болж таарна. Эдийн засгийн хямралаас дөнгөж гарсан Европ ийм өндөр үнэтэй шатдаг хий авах нь ахиад л уналтад орохын цондон. Эдгээр шалтгааны улмаас Оросын шатдаг хийн борлуулалтыг хумих нь хараахан боломжгүй болон хувирч байгаа тул газрын тосны үнийг унагах гэсэн өөр хувилбарт голлон сонирхож байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз.
Газрын тос
Газрын тосны үнийг унагах зарим арга хэмжээг Америк өнгөрсөн долоо хоногоос дангаар авч эхэлсэн. Обамагийн шийдвэрээр Америкийн Газрын тосны стратегийн нөөц “SPR”-ээс таван сая баррель газрын тосыг дэлхийн зах зээлд гаргаж худалдах шийдвэр гаргасан юм. Таван сая баррель гэдэг нь дэлхийн газрын тосны нийт эрэлтийн гурван хувиас давсан хэмжээ болохоор газрын тосны үнэ унасан нь ойлгомжтой. Америкчууд энэ шийдвэрээ Крымийн асуудалтай холбоогүй гэж мэдэгдсэн ч шинжээчид оросуудад анхааруулга өгсөн арга хэмжээ гэж тодорхойлжээ.
АНУ “SPR”-ээсээ хоногт 500-750 мянган баррель газрын тосыг дэлхийн зах зээлд нийлүүлэх чадвартай гэж “Bloomberg” онцолсон байна. Гэтэл хоногт 500 мянган баррель нийлүүлээд байхад л дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 12 ам.доллараар унах боломжтой гэж Америкийн хоёр ч Ерөнхийлөгчийн захиргаанд ажиллаж байсан туршлагатай шинжээч Филип Ферлегер мэдэгдсэн юм. Баррель газрын тосны үнэ 12 ам.доллараар унана гэдэг оросын хувьд 40 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн үг. Гэхдээ бодит байдалд америкчууд дангаар ийм арга хэмжээ аваад ч газрын тосны үнийг унагах боломжгүй гэдгийг зарим шинжээч онцолж байна. Учир нь, америкчууд их хэмжээний газрын тос экспортлон үнэ унагаад эхэлбэл оросууд дахин өсөх хүртэл нь олборлолтын хэмжээгээ огцом буулгаж чадна. Харин америкчуудтай зэрэгцээд Саудын Арави хоногт олборлодог газрын тосныхоо хэмжээг одоогийн 9,7 сая баррелиас 10 хүртэл нэмэгдүүлбэл газрын тосны үнэ жинхэнэ навс унана. Саудын Арави шаардлагатай гэж үзвэл хоногийн олборлолтоо шууд гурван сая баррелиар нэмэгдүүлэх чадвартай. Ингээд Саудын Арави ба АНУ хамтран дэлхийн зах зээлд их хэмжээний газрын тос нийлүүлж эхэлбэл үнийн уналтаас болж Орос асар их хэмжээний алдагдал хүлээх нь гарцаагүй.
Гэхдээ энд нэг “но” бий. Газрын тосны үнэ огцом унавал Саудын Арави өөрөө их хэмжээний алдагдал хүлээж эхлэх юм. Иймд удаан хугацааны туршид газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг яав ч зөвшөөрөхгүй. Харин богино хугацаанд бол чадна. Энд л Америкийн улс төрийн нөлөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой болно. Та нар олборлолтоо нэмэгдүүлээд нефтийн үнийг унагавал бид хариуд нь та нарт ашигтай буулт хийж болох юм гэсэн яриа яригдана гэсэн үг.
Тохиролцоо
Наад зах нь Саудын Аравийн ихэд үзэн яддаг Башар Асадын дэглэм ба иргэний дайны асуудал байна. Лалын суннит урсгалыг дагагч Саудын Арави нь шиит урсгалын нэг салаа болох алавит Башар Асадыг үзэн яддаг, босогчдыг дэмждэг. Москва Асадыг дэмждэг, зэвсэг, техник нийлүүлдэг. Тиймээс Асадын арми байлдааны онгоц, нисдэг тэрэг, танк, зэвсэглэлээрээ давуу. Харин Вашингтон босогчдод онгоц ба танк эсэргүүцэгч пуужин гэх мэт орчин үеийн зэвсэг нийлүүлбэл лалын хэт явцуу үзэлт алан хядагчдын гарт орж болзошгүй гээд тэдэнд зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр газрын тосны олборлолтоо нэмэгдүүлбэл Сирийн босогчдод онгоц эсэргүүцэгч пуужин гэх мэт зэвсэг нийлүүлье гэж ярьж болно. Эсвэл бүр Асадын армийг бөмбөгдье ч гэсэн болохгүй гэх газаргүй. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд хатуу байр суурь баримтлан, цөмийн станцуудаа бүрэн хаахыг шаардаж болж байна. Египетэд Мурси Ерөнхийлөгч болж лалын хэт явцуу үзэлт “Лалын ахан дүүс” хөдөлгөөн бүс нутагт хүчээ авч, умаар хил залгаа Саудын Арави руу хальж магадгүй үед цэргийнхэн төрийн эргэлт хийсэн. Улмаар Мурси болон түүнийг дэмжигчдийн эсрэг маш хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм. Харин Вашингтон цэргийнхнийг ардчилсан бус аргаар засгийн эрхийг гартаа авсан гэж шүүмжлээд зэвсэг, байлдааны техникээр буцалтгүй тусламж олгодог байснаа зогсоосон. Үүнээс болж Саудын Арави нь мөнгө гарган Египетийн армид Оросоос зэвсэг, техник худалдан авч өгч байгаа. Энд мөн л бага зэрэг буулт хийж цэргийнхэнд ахин зэвсэг нийлүүлдэг болъё, шүүмжлэхгүй гэсэн буулт хийж болно.
Ингээд хоёр тал тохиролцоонд хүрвэл арав гаруй жилийн турш газрын тосны үнэ өндөр байхад асар их баяжсан Саудын Арави хэсэг хугацаанд олборлолтоо нэмэгдүүлэн үнийг унагаж, өөрсдөө алдагдал хүлээсэн ч хотойхгүй. Алдагдал хүлээсэн ч Сирид Асадыг унагаж, Египетэд үгнээс нь гардаггүй Засгийн газартай болгон бүс нутагтаа төдийгүй лалын ертөнцөд хамгийн хүчирхэг гүрэн болж хувирч байгаа болохоор гомдох зүйлгүй. Харин хүчирхэг гүрэн алдсан зүйлээ хэзээд эргүүлэн авч чаддаг.
Тиймээс АНУ, Саудын Арави ямар тохиролцоонд хүрсэн бэ гэдэг их дэлхийн нийтээр сонирхож байна. Сирийн босогчдод онгоц эсэргүүцэгч зөөврийн пуужин нийлүүлэхэд болохгүй гэх газаргүй гэсэн утгагүй хариуг америкчууд өгсөн тухай “Ройтер” агентлаг мэдээлсэн. Хэрэв энэ мэдээ батлагдвал тун удахгүй дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом унаж, манай хойд хөрш нуман тулгууртай шахаж эргүүлэх мэхнээс яаж гарах талаар бодож эхлэхээс аргагүй болж.
Дашрамд сонирхуулахад, энэ хоёр улс газрын тосны үнийг буулгаж байсан туршлагатай. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүл, 90-ээд оны эхээр Америк, Саудын Арави хоёр тохиролцон газрын тосны үнийг огцом буулгасан нь Зөвлөлтийг эдийн засгийн хямралд орж, задрахад хүргэсэн гол шалтгааны нэг гэж үздэг.